Засгийн газрын 362 дугаар тогтоолоор 2023 оноос эхлэн олон улсын нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүтэй олборлолт эрхэлдэг аж ахуй нэгж олгох болсон. Гэвч Хятадын талаас “Компани цаашдаа “С” зөвшөөрлийг олгоод явбал 2025 онд дахин гэрээ хийхгүй” гэх мэдэгдлийг ирүүлжээ.
Нүүрс тээврийн “С” зөвшөөрөл нь Монголын нүүрсийг Хятад руу экспортод гаргаж, валют олоход дэмжлэг үзүүлж буй чухал хэрэгсэл. Хятадаас өгч буй сануулгыг хүлээн авахгүй бол ирэх жил Монгол Улс 83.3 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх эргэлзээтэй болно. Өөрөөр хэлбэл бид мухар төмөр замтай улсад нүүрсээ машинаар зөөж хил гаргахаас өөр сонголт үгүй. Салбарынхны ярьж буйгаар олон улсын нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг хуучнаар Авто тээврийн үндэсний төв өгдөг байсан зохицуулалтаа эргэн сэргээх, эсвэл өөр механизм хайж олох хоёр сонголт буйг илэрхийлж байна. Асуудлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүдэд эхний байдлаар мэдээлэл өгөөд буйгаа хэллээ. Энэ долоо хоногтоо багтаан Засгийн газрын хуралдаанд асуудлыг хэлэлцүүлэх юм.
Уг нь Засгийн газар Авто тээврийн үндэсний төвийг дагасан “С” зөвшөөрлийн авлигыг зогсоохын тулд 362 дугаар тогтоолыг баталж, нүүрс олборлогч компани “С” зөвшөөрлийг олгодог байхаар зохицуулалт хийсэн. Ингэснээр БНХАУ, Монгол Улс хооронд байгуулсан гэрээний дагуу Гашуун сухайт боомтоор нэвтрэх олон улсын ачаа тээврийн 7800 “С” зөвшөөрлийг улирал бүр олгохоор болж, энэхүү квотдоо багтаахаар болж байв. Тэр дагуу 60 хувь буюу 4680 “С” зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 25 хувийг “Энержи ресурс” компани, үлдсэн 15 хувийг орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” компани тус бүр олгох болсон. Улмаар “С” зөвшөөрлийг цахимаар олгож ирсэн. Гэвч хоёр жил хүрэхгүй хугацаанд хэрэгжээд энэ схемийг өөрчлөх сануулгатай тулгараад байна.