Бид Нью-Йорк хотод зохион байгуулж байгаа Монголын өдрүүд арга хэмжээний талаар цуврал мэдээллийг хүргэж байгаа. Энэхүү арга хэмжээг ес дэх удаагаа зохион байгуулж буй юм. Бид энэ үеэр Экспорт олон улсын худалдааны төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэг захиралтай ярилцлаа.
-Энэ жилийн арга хэмжээний онцлог юу вэ? Та бүхэн Америкт есөн жил монгол бизнесийг үзэсгэлэн худалдаагаар танилцуулж байна. Үр дүнгийн талаар хуваалцаач?
-Энэ жилийн арга хэмжээнд жижиг дунд бизнес эрхлэгч, аялал жуулчлалын салбарынхан, мэдээлэл технологийн салбарынхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ үзэсгэлэнг жил болгон зохион байгуулснаараа монгол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг америкийн хэрэглэгчдэд таниулах цаашлаад зах зээлд нэвтрүүлэх оролдлогуудыг алхам алхмаар хийдэг. Энэ том зах зээлээс манай гуравдагч хөрш болсон Америк, дээрээс худалдааны тарифын хөнгөлөлт авч болдог оронтой худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаатай байх нь бидний хувьд маш чухал. Бид энд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж чадах юм бол манай эдийн засаг, ялангуяа уул уурхайн бус төрөлжсөн эдийн засаг маань хөгжих боломжтой. Бид Экспорт олон улсын худалдааны төв, Mongolian Gallery дэлгүүрийн хамт олонтой нийлээд дөрвөн жил дэлхийн худалдааны төвийн гол цэг болсон World trade center дотор монгол брэндийнхээ нэгдсэн худалдааны төвийг ажиллуулдаг. Энэ төвийн маань борлуулалт жил ирэх тусам өсөж байгаа. Энэ жил бид том амжилттай байна. Говь ХК-тай хамтраад Нью-Йорк хотын төв, хамгийн том mall-д Говь брэндийн франчайз дэлгүүрийг нээж, монгол кашмерийг америкийн зах зээлд сурталчлах, шууд худалдааны сувгийг нээж байна.
-Америкийн зах зээл дээр худалдааны хөнгөлөлт эдэлдэг гэж байна шүү дээ. Энэ хөнгөлөлт нь яг ямар бүтээгдэхүүн дээр хэрэгждэг юм бэ?
Тарифын хөнгөлөлт эдэлдэг орны тоонд манай монгол бараа бүтээгдэхүүнүүд байдаг. 0-ээс эхлээд янз бүрийн хөнгөлөлтүүдтэй. Ялангуяа манай арьс шир, бэлэн бүтээгдэхүүнүүд хөнгөлөлт эдэлдэг. Аяллын цүнх гэх мэт барааг татвар төлөхгүйгээр зах зээлд борлуулах боломжтой байдаг. 3700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, ангиллаар нь задалбал 10 мянган төрлийн бараа бүтээгдэхүүнүүд америкийн зах зээлд татварын хөнгөлөлт эдэлдэг. Mongolian Gallery дэлгүүрийн жилийн борлуулалт анх 30 мянган доллар байсан бол энэ жил 300 мянга руу дөхүүлж байна. Ирэх жилийн төлөвлөгөө бол бүр илүү байгаа. Үүн дээр төр засгийн дэмжлэг, бизнес эрхлэгчдийн маань хүсэл, зорилго чухал байдаг. Энэ дээр цаашдаа төр засаг анхаарч илүү олон худалдааны сувгуудыг дэлхийн том орнуудад нээх байх гэж бодож байна.