Соёлын онцлог шингээсэн бүтээгдэхүүнийг америкийн зах зээлд өндөр үнээр худалдаалах технологийн шийдлийг эрэлхийлж байна.
Монголын өдрүүд 2024 арга хэмжээг Нью-Йорк хотод таван өдрийн турш зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг зохион байгуулсан юм. Бид энэ үеэр “Зочил платформ”-ын үүсгэн байгуулагч Г.Батбилэгтэй ярилцлаа.
МОНГОЛООС ГАДААДАД БИЗНЕСЭЭ УДИРДАХ БОЛОМЖИЙГ НЭЭНЭ
-Америкт ирсэн зорилго, ажил нь хэр бүтэмжтэй байна вэ? Америкийн зах зээл дээрх боломжийг яаж харж байна вэ?
-Бид анх удаа оролцож байна. Бидний зорилго бол монгол бүтээгдэхүүнүүдийг яаж шинэлэг аргаар борлуулах, цахимаар яаж борлуулах вэ гэдгийг судалж, давхар уулзалт зохион байгуулж, алдаж оносон кейсүүдийг сонсоод, ямар бүтээгдэхүүн гаргаж болох вэ гэдгээ мэдэх гэж ирсэн. Манай технологийн хувьд хүмүүс өөрсдөө монголоосоо бизнесээ удирддаг боломжийг олгож байгаа юм. Жишээ нь монголд байгаа бизнес эрхлэгч нар өөрийн хийж байгаа бүтээгдэхүүнээ Зочил руу оруулаад, түүнийг нь бид логистикийн тусламжтайгаар эндээ нэг цэгт авчраад, үлдсэнийг нь бүртгэж аваад, монголчуудын тусламжтай зарна. Мөн гаднын хүмүүс олон улсын картаараа албан ёсны сайтаар авах боломжтой. Мөн ижил үйл ажиллагаа явуулдаг америк сайтуудад монгол барааг яаж оруулах вэ гэдэг ажлуудад санамж бичиг зураад, хамтын ажиллагааны тохиролцоо хийж байна. Бидний харснаар америкчууд үндэсний буюу өвөрмөц бараануудыг сонгодог үе дээрээ байгаа юм байна. Соёл шингэсэн барааг өндөр үнээр худалдаж авч болох юм байна. Бид масс борлуулалт хийж, олон ширхгийг зарах биш үнэ цэн шингээсэн бараа зарж, үйлдвэрлэх нь гол ажил. 2200 дэлгүүр манайхыг ашиглаж туршаад, бизнесээ авч явдаг. Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 1200 компани бий. 40 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид.
-Нэг онлайн дэлгүүр Зочил дээр гарахад технологи, программаар жилд хэдэн төгрөг хэмнэдэг вэ?
“Зочил”-ыг ашиглахгүй бол яах вэ гэхээр, мэдээж онлайн дэлгүүрийг 1-2 жил хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Үүн дээр нь 2-3 хүн ажиллах ёстой. Дундаж цалин нь 2-3 сая төгрөг гээд бодохоор жилд 80 сая төгрөгийн зардал гаргах байсныг бид 1.2-2 сая төгрөгийн хооронд болгож байгаа гэсэн үг. Бараагаа үйлдвэрлэж чадаж байвал, сурталчлах, борлуулах ажлыг хийх боломжтой. Цөөхөн чанартай бүтээгдэхүүнийг долоо хоног бүр явуулсан ч болох юм байна. Эсвэл урьдчилж захиалга аваад, барааг нь үйлдвэрлээд, урьдчилсан захиалга авах ёстойгоо ойлгож авлаа.
-Ярилцсанд баярлалаа.