Өрөг.мн сайтын сурвалжлах баг АНУ-ын Нью-Йорк хотод дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа монгол бараа бүтээгдэхүүний нэгдсэн “Монголиан галерей” дэлгүүрийн захирал А.Бадамцэцэгтэй та бүхнийг уулзуулж байна.
-Бидэнд өнгөрсөн дөрвөн жилийн тоон мэдээллийг хүргээч? Хичнээн компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа вэ? Борлуулалт ямар байна вэ?
-Бид 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Анх Монголын таван жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй эхэлж байсан бол одоо 20 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесүүдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Нийт кашмерэн эдлэл, арьсан эдлэл, гар урлал болон ноос ноолууран бараа бүтээгдэхүүнүүдийг олон улсын хэрэглэгчдэд таниулахаар үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь ололт гэх юм бол дөрвөн жилийн хугацаанд жил бүр 20-25 хувийн борлуулалтын өсөлттэй ажилласан. Ялангуяа манай байршил дэлхийн худалдааны төв дотор болохоор олон улсын хэрэглэгчид, жуулчдад сайн хүрдэг.
Ер нь Америк гэлтгүй гадаадын хэрэглэгчид ноолуураар Монголыг сайн мэддэг болчихсон. Олон улсын брэндүүд Монгол ноолуур гэж сурталчилгаа хийдэг болсон учраас орж ирсэн хэрэглэгчид ноолуураар мэддэг. Түүнийг дагаад манай борлуулалт өндөр байдаг. Түүнээс гадна орж ирсэн хэрэглэгчид арьсан эдлэлийг барьж үзээд заримдаа үнэрлэж үзээд шууд чанартай арьс байна гээд худалдаж авдаг.
-Монголоос Америкийг зорих гэж байгаа бараа бүтээгдэхүүн юун дээр анхаарах ёстой вэ?
-Монгол бараа бүтээгдэхүүнүүд хаяг шошгон дээрээ ажиллах хэрэгтэй санагддаг. Цэвэрлэгээний мэдээлэл, бараа бүтээгдэхүүн дээр байгаа хэмжээ размерийн мэдээлэл хэрэгтэй. Хоёрдугаарт брэндийн сав баглаа боодол дээрээ анхаарвал тэр нь эргээд сурталчилгаа болдог.
-Одоо манай дээр байгаа 20 гаруй брэндийн 85 хувь нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн байгаа. Марис арьсан эдлэл, бичил бизнес эрхлэгчдийн эсгийн гар урлалын бүтээгдэхүүн, Нэгүүн, Ханбогд кашмер, Баба брэнд гээд дандаа эмэгтэй бизнес эрхлэгчид. Тэд нар маань өөрсдөө Монголдоо эмэгтэй ажилтан ихтэй, эмэгтэйчүүдийг эдийн засгийн боломжтой болгох тал дээр ажлын байраар хангадаг.
Энэ нь бас манайд сурталчилгаанд давуу тал болдог. Америк хэрэглэгчид зөвхөн бараа авах биш, бараа авахдаа давхар яагаад үүсгэн байгуулагдсан түүхийг нь сонсож авах дуртай. Энэ нь цаашаа яаж нийгэмд хувь нэмэр болдог талаар сонсоод авах дуртай.