Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга оюутнуудыг Улаанбаатар хотоос унаагаар авчирч, саналыг нь өгүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар оюутнуудад тус бүр 300 мянган төгрөг өгч, “Ирэх жил сургалтын төлбөрийг нь даана” хэмээн амалсан гэх мэдээлэл бий.
АМИНААС ҮНЭТЭЙ СОНГУУЛЬ
2024 онд бид гурван амиар хоёр сонгууль хийлээ. УИХ-ын сонгуулийн үеэр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга МАН-ын ухуулагчид зодуулан амь насаа алдсан. Харин 10 дугаар сарын 13-нд буюу орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан осолдож, хоёр нь амиа алдан, гурав нь эрүүл мэндээрээ хохироод байна. Говь-Алтай аймагт ялалт байгуулсан нам, бод идсэн боохойн адилаар таахалзаж, хөөр баяраа дарж ядан байхуйн цаана, хоёрын хоёр амь, амины нэхэлтэй аав ээжийн гашуудал, гэр бүлийн хагацал дарагдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлнэ.
Оюутнуудын саналыг худалдсан байж болзошгүй хэргийн талаар нутгийн иргэн Б бидэнд ярьсан юм.
Тэрээр, “Оюутныг Тонхил сумын Засаг дарга унаагаар авчраад, санал өгүүлсэн гэж манай нутгийнхан бүгдээрээ ярьж байгаа. Оюутнуудын замын зардлыг нь даагаад, сургалтын төлбөрийг нь амалсан юм билээ. Одоо энэ асуудлыг шалгаж байгаа. Осолдсон таван оюутнаас гадна 10 гаруй оюутныг айлд хүчээр байлгаж байгаа гэж сонссон. Нуусан мэдээлэл нь олонд ил болчих гээд байгаа болохоор явуулахгүй байлгаад байна гэж би хардаж байна. Хэрвээ энэ хүмүүс эрх мэдэлд шунаад, янз бүрийн зүйл амалж оюутнуудыг авчраагүй байсан бол өнөөдөр хоёр оюутан амьд, гурав оюутан эрүүл саруул байх байлаа. Өөд болсон оюутнуудын ажил явдал өнөөдөр болж байна. Би үүнд үнэхээр харамсаж байна” гэлээ.
“ХОРИГДОЖ” БАЙСАН ОЮУТНУУД ЯВЧИХСАН…
Бид үргэлжлүүлэн иргэний өгсөн мэдээллийн дагуу Хантайширийн 107 дугаар байранд очлоо. Тэнд хотоос санал өгүүлэхээр авчирсан оюутнуудыг осол гарсантай холбоотой ямар нэгэн мэдээлэл задруулахгүйн тулд, түр байршуулсан. Өөрөөр хэлбэл, хориод байна гэх мэдээллийг иргэн хэлсэн юм. Энэ дагуу тодруулахад байрны оршин суугчид бухимдалтай хүлээж аваад, оюутнууд өглөө явчихсан гэх тайлбарыг хэллээ.
Мөн осолтой холбоотой сошиалд түгсэн зөрүүтэй мэдээллийг нэгтгэхээр Говь-Алтай аймгийн эмнэлэг, прокурорын байгууллагаас тодрууллаа.
ХЭДЭН ОЮУТНЫГ САНАЛ ӨГҮҮЛЭХЭЭР АВЧИРСНЫГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГААР ТОГТООНО ГЭВ
Говь-Алтай аймгийн Ерөнхий Прокурорын орлогч Д.Ганцэцэг дараах мэдээллийг өгөв.
“2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 102 тоот утсанд, Дэлгэр сумын нутаг дэвсгэрт Говь-Алтай аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан машин онхолдож, хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн байна гэсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлсэн. Энэ мэдээллийг хүлээн аваад, тухайн хэргийн газрын үзлэгт прокурор, мөрдөгч нараар ахлуулсан бүрэлдэхүүн ажилласан байгаа. Гарч байгаа мэдээллүүд бодитой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүн одоогоор тодорхойгүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гомдол мэдээллийг шалгах хугацааг хуульд заасан байдаг. Одоогоор хэрэг гомдол мэдээллийн шатандаа шалгагдаад явж байна.
-Өглөө оюутнууд мэдүүлэг өгөөд явж байсан. Хэчнээн оюутан хот руу явж байсан юм бэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Бүх шатандаа ажиллагаа явж байна.
-20 гаруй оюутан байсан гэдэг мэдээлэл байна.
-Мэдээлэл бол ийм байгаа. Яг хэдэн оюутан байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болох байх.
ОСОЛДСОН НЭГ ОЮУТАН МЭС ЗАСАЛД ОРСОН. БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙНА
Харин осолдож гэмтсэн гурван овутны биеийн байдлыг Аймгийн нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга Д.Ариунтуяагаас тодрууллаа.
Тэрээр, “Таван хүний гурав нь манай эмнэлэг дээр ирсэн. 18-19 насны гурван хүүхэд. Нэгийнх нь хоёр хөл хавсарсан гэмтэлтэй буюу шилбэ нь хугарсан. Өчигдөр хагалгаанд ороод биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Ээж нь харж байгаа. Нөгөө хоёр хүүхэд нь хөнгөн зэргийн гэмтэлтэй. Биеийн байдал дунд зэрэг байна” гэв.
Орон нутагт намчирхах үзэл их байгааг Өрөг.мн сайтын сурвалжлах баг бүтэн өдөр ажиллахдаа анзаарч харлаа. Хүний амь яригдаж байгаа ноцтой асуудал дээр хүртэл намын талцал үүсгэж байсан юм. Бид энэхүү сурвалжилгаараа аль нэг намыг гутааж, дөвийлгөх гэсэнгүй албан тушаал эрх мэдэлд шунахдаа бусдын амиар сонгууль хийдэг байдал цаашид даамжрах вий гэдгээс сэрэмжлүүлэхийг зорилоо.
Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.