Орон нутгийн сонгууль дуусаад хэдхэн өдөр өнгөрч байна. Өөрөөр хэлбэл ялсан нам аймаг, сум, дүүргийнхээ удирдлагыг гартаа авах, батламжлах нь дөхлөө. Тиймээс АН-ын ялсан долоон аймагт хэн хэн засаг дарга болох, намынх нь зарим УИХ-ын гишүүд намын ах нараа явахыг шахаж байгаа энэ цагт бид АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Н.Ганибалтай товч ярилцлаа.
Танай нам ялсан долоон аймагт хэн хэн засаг дарга болох талаар мэдээлэл өгөөч.
Манай намын дүрмийн дагуу ялалт байгуулсан тухайн орон нутгийн намын дарга засаг даргын ажлаа хийх ёстой.
Төв аймгийн АН-ын дарга Л.Төмөрчөдөр Төв аймгийн засаг даргаар
Сүхбаатар аймгийн АН-ын дарга М.Идэрбат засаг даргаар
Ховд аймгийн АН-ын дарга М.Амарсанаа засаг даргаар
Баян-Өлгий аймгийн АН-ын дарга А.Бегарыс засаг даргаар тус тус томилогдоно.
Танай нам Улаанбаатар хотод ганцхан Сүхбаатар дүүрэгт ялсан. Тэгэхээр Д.Бадарсан засаг дарга болно гэсэн үг үү?
Сүхбаатар дүүргийн хувьд одоогоор хэн засаг дарга болох нь тодорхой бус байна. Одоогоор энэ дүүргийн намын даргын ажлыг орлогч нь түр гүйцэтгэж байгаа. Намын дарга Х.Болормаа нь УИХ-ын гишүүн болсноос хойш намын даргыг хараахан сонгоогүй. Энэ асуудал ч намын дүрмийн дагуу шийдэгдээд явна.
Танай нам хамтарсан засгийн газарт ажиллаж байгаа ч Ерөнхий сайд нь МАН-ынх. Ялсан долоон аймагт чинь эрх баригч нам төсөв мөнгийг нь бага хуваарилах гэх мэтээр хавчлага үзүүлэх вий, ажлыг нь хийлгэх боломжоор хангахгүй байх вий. Үүнээс сэргийлж чадах уу?
Нам өөрөө хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа учраас ийм асуудал үүсэхгүй. Парламент дотор манай 42 гишүүн ч байна, тэргүүн шадар сайд нь ч манай намынх. Бүтээн байгуулалтын гол яамдыг ч манай нам удирдаж байна. Тиймээс ийм асуудал үүсэхгүй гэж бодож байна. Манай нам ялсан аймгууд илүү хөгжиж, илүү амжилттай байх болов уу.
Танай намын гишүүд болох Ч.Лодойсамбуу, Ө.Шижир нар цахим орчинд, хэвлэлд “Удаа дараа ялагдаж байгаа АН хариуцлагаа хүлээ, ах нар яв” мэтээр байр сууриа илэрхийлсэн байсан. Жишээ нь нийслэлд ялагдсан Т.Батцогт ажлаа өгөх үү? Сонгуулиас ямар дүгнэлт хийж байна вэ?
Нам шинэчлэгдэх ёстой. Үүнтэй бол санал нийлж байна. Ялангуяа боловсон хүчний сайжруулалт зайлшгүй хэрэгтэй. Дүрмийн дагуу ялагдсан Нийслэлийн АН-ын даргыг солино. Т.Батцогт ч ажлаа өгөхгүй гээгүй. Дүрмийн дагуу процесс явж байж хоёр сарын дотор өөрчлөгдөнө.
Ч.Лодойсамбуу гишүүний хувьд нийгмийн хүлээлтэд хүрсэн дуртай дүр байж болно. Гэхдээ хэн хашхирсан нь намын дарга болохгүй боломжгүй. Намын бүлэг дээр ч хэн дарга болох болохгүйг ярьдаггүй. Дүрмээрээ Нийслэлийн АН-ын хороо, гишүүд нь даргаа өөрсдөө сонгоно.