Монгол Улсад сонгуулийн насны 2.2 сая гаруй иргэн байдгаас нийслэлд 1.1 сая нь байгаа. Өнөөдөр бол НИТХ-ын сонгуулийн санал хураах өдөр. Бид БЗД-ийн Монел орчмын санал хураах байр буюу 25-31-3 дугаар хэсгийн санал хураах байранд очлоо. Тэнд 08:00-20:00 цаг хүртэл нийт 1800 гаруй оршин суугч саналаа өгөх ёстой. 11:30 минутын байдлаар 117 хүн буюу 10 хүрэхгүй хувийн ирцтэй байна. Хорооны ажилтны мэдээлж буйгаар саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь 20-40 насны залуус байгааг онцоллоо. Энэ талаар хэсгийн хорооны дарга Н.Сарантуяа ярьж байна.
Тэрээр, “Бүх насныхан саналаа өгч байна. Гэхдээ 20-40 насны хүмүүс маш идэвхтэй байна. Санал хураах байранд бага зэрэг алдаа гарч байгаа ч иргэдэд тайлбар өгөөд явж байгаа. Илүү дугуйлах, 4 сонгогч сонгох ёстой бол 5-ыг сонгох гэхчлэн бага зэргийн алдаа гарч байна. Үүн дээр заавар зөвлөгөөг нь өгч байгаа” гэв.
Харин сонгогчид энэ удаагийн сонгуулийн ач холбогдлын тухай хэлж, саналаа өгөхийг уриаллаа.
СОНГОГЧИД
- Энэ жилийн УИХ-ын сонгуульд залуус идэвхтэй оролцсон. Тиймээс та нар минь саналаа сайн өгөөрэй. Та бүхний амьдарч буй орон сууц, гудамж талбайн төлөөлөл болох хүнээ сонгох чухал сонгууль. Нэг хүний саналаар дутна шүү дээ. 1-1000 гэдэг дээ. Саналаа өгөх хэрэгтэй. Би бүх сонгуульд саналаа өгдөг. 18 нас хүрэхэд сонгуулийн жил таарсан юм. Баярлаад л саналаа өгсөн. Би сонгуульд саналаа өгөх дуртай. Бидний төлөөлөл сонгогдож байгаа учраас тэр.
- Одоо залуу үе нь гарч ирэх цаг нь болсон гэж бодож байна. Эрч хүч байна. Нас байна. Ухамсар нь байна. Хөгшчүүд зайгаа тавьж өгөх цаг нь боллоо шүү дээ. Залуучууддаа итгэдэг. Ирээдүйд их зүйл хийх байх.
- Сонгууль болохоор гүйж гарч ирээд ард иргэдтэйгээ уулзаад, намайг сонгооч гэж гуйж гувшаад явах хэрэггүй. Ард түмэн тэр хүнийг өргөмжилж сонгох нь зүй ёсных. Яагаад гэхээр юу ч хийгээгүй хүн л, “Би тийм хүн. Би ийм юм хийсэн. Би тэгсэн” гээд гүйдэг юм. Юм хийсэн хүн аяандаа андашгүй. Хороо, дүүрэг, нутгийнхан нь мэдэж байгаа. Бид утасны цаанаас сэтгэгдэл бичих биш, өөрийн гараар саналаа өгөөд, ирээдүйгээ өөрчлөх ёстой шүү.