Хөгжих боломж нь бий юу, эсвэл хөгжүүлэх сэтгэл дутдаг уу
Монгол улс гурван сая гаруй хүн амтай, өргөн уудам газар нутагтай. Ажил амьдралын шаардлагаар гэх үү, хөдөөнөөс хотыг зорих хүмүүсийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнийгээ дагаад түгжрэл, агаарын бохирдол, дээр нь нэмээд стресс нийгэм даяараа л чимээгүй тахал мэт болсон цаг.
Мэдээж эх орондоо таатай орчин нөхцөлд ажиллаж амьдраад, гэр бүлээрээ халуун дулаанаар амьдралын амтыг мэдрэхийг хүсэхгүй хүн гэж үгүй билээ. Гэтэл манай улсад хичнээн өндөр боловсрол мэдлэгтэй байгаад мэргэжлээрээ ажиллахад хүндрэл бэрхшээл нэлээдгүй байгаа нь нууц биш. Хөдөлмөрийн хөлс бага, нэмээд хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд бүх зүйлс өдрөөс өдөрт үнэд орж, сардаа авч байгаа цалин хаана нь ч хүрэлцэхгүй. Ёстой л нөгөө бидний ярьдгаар хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхдөг. Энэ мэтчилэн өдөр тутамдаа тулгарах амьдралын шаардлагаар гадагшаа зорих Монголчуудын урсгал улам бүр л нэмэгдсээр байна. Мэдээж тэд аз жаргал, амар хялбар аргыг сонгож хилийн дээс алхаж байгаа бус харин амьдралын шаардлагаар байр оронтой болох, үр хүүхдээ боловсрол мэдлэг эзэмшүүлэхийн тулд төлөх төлбөрийг нь олох, хатуухан хэлэхэд амьдралын төлөө л зүтгэж буйдаа ийм зоригтой шийдвэр гаргадаг байх. Монгол улс явган хүний зам барихдаа ч, хүүхдийн төлөө аюулгүй байдлыг хангахдаа ч хүнлэг сэтгэл гаргадаг бол хөгжих боломж нь бүрэн баймаар.
Хүн ам цөөн хэрнээ газар нутгаараа томоохонд тооцогддог Монгол улс хэрхэн яагаад хөгждөггүй, иргэнийхээ, хүнийхээ төлөө сэтгэл гаргадаггүйг бид өдөр бүр л шүүмжилдэг. Тэгвэл Өмнөд Солонгос улс газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсын Дорноговь аймагтай ойролцоо буюу 100,210 километр квадрат талбай нутагтай. 51 сая хүн амтай гуулин улсын хөгжил дэвшил, нэг ч гэсэн иргэнийхээ төлөө сэтгэлээ шингээж чаддаг нь гайхалтай. Гадны иргэд ажиллаж амьдрах, дээр нь нэмээд мөнгө хуримтлуулах, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжтой орны нэгээр хамгийн түрүүнд БНСУ-ыг нэрлэдэг. Энэ нь ч бодит үнэн.
Монголчуудад хамгийн боломжит хувилбар нь аяллын виз
Сүүлийн жилүүдэд аяллын визээр тус орныг зорин ажил амьдралаа залгуулж буй олон Монголчууд бий.
Эх орондоо нэг сар ажиллаад бага цалин авах уу, Солонгос улсыг зориод таван сая төгрөгний цалин авах уу. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий.
Учир нь эх орондоо мэргэжлээрээ ажиллаад 1-2 сая төгрөгний цалин аваад түүнийгээ амьдрал ахуйдаа хүргэх гэж толгойгоо гашилгах уу. Харин хилийн дээс алхаад нэг сарын хугацаанд биеийн хүчний ажил эрхлээд доод тал нь таван сая төгрөгний цалин авахын тулд амьдралын төлөө зүтгэх нь зөв үү. Тиймээс л бидний хэдэн Монголчууд хамгийн боломжит хувилбар буюу аяллын визээр хилийн дээс алхаж 30-аас дээш хоног хууль бусаар ажиллах замыг сонгож буй нь нууц биш.
Тэнд гоё сайхан ажил бол мөрөөдөл
Монголын хүн амын хоёр хувь нь буюу 53 мянга гаруй хүн Солонгос улсад ажиллаж амьдардаг гэсэн судалгаа бий.
Эл улсад гоё сайхан, мөрөөдлийн ажил ховор. Мөн амархан хялбар ажил гэж үгүй.
Ихэвчлэн айл нүүлгэлт, газар тариалан, зоогийн газар, чонсу буюу цэвэрлэгээ энэ нь дотроо барилгын дараах, айлын гэр, амралтын газар, зочид буудал гэх мэт газруудад цэвэрлэгээ хийдэг. Нэг ёсондоо хатуухан хэлэхэд эрүүл мэнд, гоо сайхнаа золин байж Солонгосчуудын өөрсдөө тоож хийдэггүй хамаг л хүнд хүчир, бартаа саад ихтэй, хүнд хүчир ажлыг тэд нуруундаа үүрдэг гэсэн үг. Солонгос улс нэг талаараа олон орны иргэдийг тэжээдэг гэх үү буянтай газар, нөгөө талаараа өршөөл үгүй харийн нутаг.
Монголчууд бусад орны иргэдийг бодвол үнэнч, тууштай, итгэл даадаг, хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажлаа гүйцэтгэдэг учраас Солонгосчууд ажиллуулах илүү дуртай. Иймдээ ч хоёр монгол гурван Солонгос хүний ажлыг хийж чаддаг гэсэн яриа ч бий. Гэхдээ махран зүтгэж ажилладаг учраас Монголчуудад илүү ажил хуваарилах гол шалтгаан нь болж Солонгосчуудын хэт давруу зан байдлыг өөгшүүлчихдэг.
Бурхны виз буюу “харлах”
Солонгос улсад ажиллаж амьдардаг хүмүүс шинээр зорин очсон нэгнээсээ “бурхны виз”-энд шилжих үү хэмээн асуудаг. Визний хугацаа нь дууссан ч нутаг буцахгүйгээр тэндээ үлдээд үргэлжлүүлэн ажиллаж, амьдрахыг ийн нэрийдэж буй нь энэ юм.
Нэгэнт тэндээ урт хугацаанд үлдээд ажиллаж амьдрахаар зоригтойгоор шийдвэр гаргасан л бол эргэлт, буцалтгүй мөнгө олох, ажлын автомат робот болно гэсэн үг. Мэдээж ийм шийдвэр гаргах нь амаргүй хэдий ч харласан л бол зорилгоо биелүүлэхийн төлөө өдөр шөнөгүй махран зүтгэх гол төлөвлөгөөтэй. Илүү ахиу мөнгө л олж байвал уртасгасан цагаар ажиллах, “ягаарах” буюу өдрийн ээлжний ажлаа дуусгаад шөнийн ээлжинд үргэлжлүүлэн ажиллах гээд л асар хүнд даваатай. Энэ нь тухайн хүний асуудал хэдий ч үнэхээр л тууштай, хөдөлмөрч, шаргуу Монголчуудын авууштай зан чанарыг биширмээр. Монголчууд хаана ч очсон тухайн газар орондоо хурдан дасамтгай, ажилдаа нямбай, тууштай гүйцэтгэл сайтай нь гадаад ажлын байрны эздийг давраах гол өгөөш болчихдог нь муу талтай.
Цагийн ажлыг “арбат” гэдэг. Тэнд ажиллаж буй хүмүүс үндсэн ажлаасаа гадна цагийн ажил ихэвчлэн хийдэг. Байрны түрээс, өдөр тутмын хоол хүнсний хэрэглээний төлбөрөө олохын тулд нэг хором, цаг ч зүгээр сууж амрах эрхгүй мэт.
Төсөөллөөс өөр орчин, өөр ертөнц угтдаг
Сүүлийн жилүүдэд Монголоос л явж байвал хилийн дээс алхаад хаашаа ч зорьсон яахав гэдэг яриа олны дунд эрчээ авсан. Харин та энэ шийдвэрийг гаргаж, хилийн чанадад урт хугацаанд ажиллаж амьдрах гэж буй бол маш сайн судалж, өөрийгөө эрсдэлд оруулахгүй, төлөвлөгөөтэй, зөв нүүдэл хийхийг зөвлөж байна.
Гадагшаа гараад л шууд л их мөнгөтэй болоод баяжаад, алтан дээр суух юм шиг өрөөсгөл бодож, сэтгэж огт болохгүй. Бүх зүйлс үлгэрийн мэт амар хялбар аргаар олддоггүйтэй адил харийн оронд ажиллаж, их мөнгө олно гэдэг нь тийм ч амар даваа биш ээ. Хэдий чинээ их зүтгэж хөдөлмөрлөнө тэр хэрээр өөрийгөө хойш тавина л гэсэн үг. Нөгөө талдаа хүнд хүчир ажил хийж буй учраас эрүүл мэндээ ямагт бодож, өөрийгөө нэн тэргүүнд чухалчлах нь ухаалаг бөгөөд холыг харсан нүүдэл юм.
Солонгос улсад амар, хялбар ажил гэж үгүй. Бүтэн сар ажиллаад авч буй цалиндаа хүн урамшдаг ч тэр хэрээр зарим ажлын орчин нөхцөл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талтай.
Солонгос улсаас суралцах, нутагшуулах зүйл асар их
Хөгжилтэй орон үүднээсээ эхлээд л гоё. Бүх үйлчилгээ, өдөр тутмын амьдрал нь хүнийхээ төлөө хүнлэг хандлагатай. Амин хувийн ашгаа өмнөө тавих бус нэг ч гэсэн иргэнийхээ төлөө гэсэн сэтгэл, зүтгэл алхам тутамд үнэртэнэ. Бүтээн байгуулалт, зам талбай, ногоон байгууламж, нийтийн тээврийн үйлчилгээ, инженерийн шийдэл нь хүртэл түмний эрх ашгийн төлөө бүрэн шийдвэрлэж өгсөн байдаг.
-Шуудан хүргэлт
“Тэгбэ” буюу “шуудан хүргэлт”-ийн үйлчилгээг төгс нэвтрүүлсэн. Иргэд нь хоол хүнс, гоо сайхан, өмсөх хувцас бүр хоолонд хэрэглэх мах, махан бүтээгдэхүүн гээд л өөрт хэрэгтэй жижиг гэлтгүй бүх зүйлсээ шуудангаар захиалаад яг гэрийнхээ үүдэнд хүргүүлээд авчихдаг. Шуудан хүргэлтийн газар зориод очиж ачаагаа хүлээлгэж өгөхөөр болвол хэмжээ, багтаамжнаас нь хамаараад хайрцагны сонголтууд нь байдаг.
Хамгийн авууштай нь энэ улсад хүний юманд огт гар хүрдэггүй. Тухайн байрны эзэн, эзгүй байсан ч хаалганых нь үүдэнд шуудангаар очсон илгээмж хэдэн өдрөөр ч үл хамааран байж л байдаг.
-Үйлчлүүлэгчээ бодсон эмийн сан
Тус улсын эмийн сангууд бүгд дотроо ус цэвэршүүлэгч, нэг удаагийн аяга байршуулсан байдаг. Энэ нь эм, эмэн бүтээгдэхүүн худалдан авсан үйлчлүүлэгч тухайн газраа эмээ уугаад гарах бүрэн боломжоор хангаж өгсөн нь зөв шийдэл.
-Гараас гарт буюу “хувийн” хүргэлтийн үйлчилгээ төгс
Метроны буудлууд дээр гараас гарт буюу хувийн хүргэлтийн үйлчилгээ бий. Энэ нь хүргэлтийн компаниасаа ажлаа хүлээж аваад алдаа мадаг гаргалгүй захиалсан эзэнд нь гарт нь хүргэж өгдөг үйлчилгээ юм. Голдуу өндөр настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд эл ажлыг хувиараа хариуцан авч гүйцэтгэдэг. Хувь хүргэлтийн ажил эрхэлдэг иргэд явган алхаж, эсвэл метро, автобус, унадаг дугуй, скүүтер, мопед, автомашинаар зорчиж гараас гарт захиалгыг хүргэдэг.
-Хог хаягдлаа ангилан ялгаж тээвэрлэдэг шийдэл
Хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулалт хийдэг зөв шийдэлтэй. Иргэдийнх нь сэтгэхүйд хүртэл энэ нь бат гүн суугаад өгчихсөн. Тухайлбал хоол хүнсний хог хаягдлаа шар өнгийн уутанд, бусад төрлийн хогоо ногоон өнгийн, хуучин хувцсаа орон сууцны гадна байрлуулсан босоо төмөр хайрцганд, шил, лааз, цаасан хайрцаг, батарей гээд л өдөр тутмын гарч буй хог хаягдлыг бүгдийг нь ангилан ялгаж хаядаг. Ингэснээр ангилан ялгасан хог хаягдлыг дахин боловсруулдаг гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд хамгийн тайван, амьдрахад таатай, эрүүл, аюулгүй, хүндээ, иргэндээ ээлтэй ийм л орчныг дэлхийн аль ч улс оронд бүрдүүлж чадсан учраас гадагшаа чиглэсэн урсгалыг буруутгах боломжгүй. Нөгөө талаараа хүн амьдралынхаа төлөө л цаг ямагт тэмцэж зүтгэдэг хойно бууриа сэлгэх шийдвэрийг “гарц” болгодог биз ээ.
Амьдралын шаардлагаар гадагшаа чиглэсэн урсгалыг дэмжих гэсэндээ бус жирийн хүний нүдээр Монголчуудын хилийн чанадад өрнөдөг амьдралын зөвхөн нэг хуудсыг нээж сийрүүлэн буулгаснаа хүргэлээ.