НИТХ-ын сонгуулийн тавдугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Баттөртэй ярилцлаа.
-Та 2013 оноос Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Тэгэхээр өнгөрсөн 10 гаруй жилд төрийн ажил хийх багагүй туршлага хуримтлуулсан нь тодорхой. Мөн дүүргийнхээ иргэдийн жаргал зовлонг сайн мэдэрдэг, ойлгодог болсон байх. Тиймээс өнгөрсөн хугацаанд санаачилсан, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар СХД-гийнхээ иргэдэд тайлан тавьж болох уу?
-Би хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хийгмийн хэлтэст хөдөлмөр, халамж, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлсэн. Тэр цагаас хойш Сонгинохайрхан дүүрэгтээ төрийн мерит зарчмаар ажиллаж, 10 гаруй жил өнгөрсөн байна. Дүүрэг орон нутагтаа энэ хугацаанд олон ажил санаачилж, гүйцэтгэсэн. Төрийн албан хаагч байхдаа дүүрэг, хорооныхоо иргэдийн нийгмийн асуудлууд, амьдрах орчин нөхцөл, сурч боловсрох эрхийг дээшлүүлэх олон улсын болон дотоодын олон төсөл хөтөлбөр хариуцан ажилласан. Тухайлбал, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас иргэдийн амьжиргааг дэмжих эдийн засгийн төслийг олон жил хэрэгжүүлсэн. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зарим төрлийн өвчлөл тэр дундаа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх төслүүдийг нэрлэж болохоор байна.
-Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн алслагдсан дүүрэгтээ ордог. Хүн ам ихтэй учраас ажилгүйдэл, ядуурал, дэд бүтэц, боловсролын салбарт шийдвэрлэх асуудал олон байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд СХД багагүй хөгжиж, дэд бүтцийн хувьд илүү сайжирсан. Цаашдаа дүүрэгтээ юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ бусад дүүрэгтэй харьцуулахад том. Тэр хэрээрээ хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа иргэд тус дүүрэгт олноороо суурьшдаг. Тиймээс нийгмийн шинжтэй тулгамдсан асуудлууд олон бий. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал олон мянган хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн зөрчил үүсгэдэг байсан.
Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эрс сайжирсан. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэггүй хороо тун бага.
Ганц нэгхэн сургуулийг эс тооцвол гурван ээлжээр хичээллэдэг асуудал бүрэн арилсан. Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой байсан бол Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр одоо 43 хороотой болсон. Энэ бол шилжиж ирсэн иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулахын тулд хорооны тоог олон болгож, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн явдал. Өмнө нь нэг хороонд 30 орчим мянган иргэн харъяалагддаг байсан бол одоо 10-15 мянган иргэн харъяалагдаж байна. Энэ хэрээрээ иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах, амьдарч буй орчныг нь сайжруулах зэрэг олон ажлууд хийгдсэн. Энэ бол сонгинохайрханчууд өнгөрсөн жилүүдэд МАН-ын гишүүдэд багаар нь итгэл хүлээлгэсний үр дүн гэж харж байна. Жилээс жилд Сонгинохайрхан дүүрэгт шилшин ирж суурьшиж байгаа иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор суурьшлийн бүс хурдацтай тэлж байна. Тиймээс гудамж талбай тохижуулах, авто зам тавих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн захиргааны үйлчилгээг ойртуулах гэх мэт тулгамдсан асуудлуудыг би, манай баг шийдвэрлэхээр, хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэхээр дахин нэр дэвшиж байна. Хүн ам олонтой дүүрэг учраас иргэн бүрт төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх, үүний тулд хороо бүрийг байртай, өрхийн эмнэлэгтэй цогцолбор барилга барих гээд олон ажлууд төлөвлөсөн, үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
“МАН-ААС СОНГОГДСОН МАНАЙ БАГ ДЭВШҮҮЛСЭН АЖЛУУДАА ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ АЖИЛЛАСАН”
-Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Сонгосон СХД-ийнхэнтэйгээ хэр ойр байв. Ингэж асуухын учир нь зарим нь сонгосон сонгогчдоо мартдаг, тойргоо сольдог тохиолдол Монголын улс төрд цөөнгүй бий?
-Өнгөрсөн хугацаанд би гэхээсээ илүүтэй МАН-аас сонгогдсон манай баг хамт олон хамтдаа олон зүйлийг хийж хэрэгжүүлэхийг хичээж ажилласан. Сонгинохайрхан дүүргийн иргэд НИТХ-ын 2020 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг шат шатанд нь итгэл хүлээлгэж сонгосон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай баг хамт олон дүүргийнхээ сургууль, цэцэрлэг, авто зам, соёлын хүртээмж үйлчилгээг сайжруулах, иргэдийн чөлөөт цаг ая тухтай өнгөрүүлэх боломжтой газруудын тоог нэмэгдүүлэх, усан спорт сургалтын цогцолбор байгуулах гэх мэтээр бүхий л иргэдийнхээ өдөр тутмын амьдралд шаардлагатай суурь асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хичээнгүйлэн ажилласан.
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Энэ бодлогын хүрээнд цаашид Сонгинохайрхан дүүрэг бие даасан хот болж хөгжих бүрэн боломжтой. Энэ үүднээс өнгөрсөн 4 болон 8 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд иргэдэд төрийн үйдчилгээг түгжрэлгүй хүргэх суурь асуудлуудыг бүрэн шийдвэрлэсэн.
Төвлөрсөн томоохон эмнэлэг барих, Хүүхэд залуучуудын театр барих, хороо бүрийг өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн цогцолбортой болгосон, Усан спорт сургалтын төвтэй болсон, дэлхийн жишигт нийцсэн хөл бөмбөгийн талбай, чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт цогцолбортой болсон, Толгойт дэд төвийн барилга байгууламжийн ажил дуусах шатандаа явж байгаагаас гадна цаашид гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд цэвэр бохирын шугам татах,уур, ус, дулааны шугамуудыг дүүрэгтээ оруулж ирсэн гэх мэт олон асуудлын суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Тиймээс манай баг хамт олон иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг ямар хэмжээнд дааж ажилласан бэ гэдгийг иргэд маш сайн мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Тэр ч утгаараа хоёр хоногийн дараа болох орон нутгийн сонгуулийн үеэр иргэд дүнгээ тавих байх гэж бодож байна.
-Нэг нам олонх болох нь хотоос гарч байгаа бодлого, шийдвэрт хэр нөлөөтэй вэ. Нийслэлийн хувьд улстөржилт харьцангуй бага байдаг. Гэхдээ энэ удаад Х.Нямбаатарын буюу танай багаас иргэд, сонгогчид илүү ихийг хүлээж байна?
-Улс төрийн нам бол нэг үзэл бодол, зорилготой хүмүүсийн нэгдэл байдаг. Энэ утгаараа улс орон, хот, дүүрэг, орон нутгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө улс төрийн намууд боловсруулж иргэд, олон нийтэд танилцуулдаг.
Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө ойлгож, шат шатандаа тулгамдсан асуудлаа хамтарч шийдвэрлэх, иргэдэд амласан амлалтадаа хүрэхийг зорьж шат шатандаа ойлголцож, хамтарч ажиллах нь улс орон, дүүрэг, орон нутгийн хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг.
Тухайлбал, дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асуудлыг 80 орчим хувьтай шийдвэрлэж чадсан байна. МАН-аас иргэдийн итгэлийг хүлээсэн нэр дэвшигчид УИХ,нийслэл, дүүрэг, орон нутагт бүхий л шатандаа нэг зорилготой ажиллаж чадсан. Бид мөрийн хөтөлбөртөө туссан хот, орон нутгаа хөгжүүлэх бодлогоо баримталж асуудалд ханддаг. МАН-аас шат шатны сонгуульд нэр дэвшигчид зарчимтай учраас хувь хүний амбицыг олон нийтийн эрх ашгаас дээгүүр тавьдаггүй гэж би хардаг. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд хамгийн олон жил улс эх орныхоо хөгжлийн төлөө санаа сэтгэл, гар бие нийлэн ажиллаж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө улс орныхоо хөгжлийн хөтөлбөр болгон ажилласан гэж боддог.
-Сонгинохайрхан дүүргийн хувьд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн үргэлжлэл байгаа. Дэд бүтцийн асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж буй. Мөн газраа сольсон айлууд орон сууцандаа ороод эхэлсэн. Ирэх дөрвөн жилд хичнээн мянган айл орон сууцанд орох тооцоололтой байна?
-МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Сонгинохайрхан дүүргээс яг хэдэн мянган иргэнийг орон сууцанд оруулсан байх талаар нарийн тоо тусгаж өгөөгүй. Эхний ээлжинд Чингэлтэй дүүрэгт баригдах 12 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бөгөөд цаашид дүүрэг бүрт үе шаттайгаар гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд газар чөлөөлж, барилга байгууламж барих системчилсэн зорилт дэвшүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн хувьд гэр хороолыг орон сууцжуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүд одоо ч үргэлжилж байна.
Тухайлбал, Ханын материал орчимд 1000 айлын орон сууц барих, Сонгинохайрхан дүүргийн Найрамдлын бүс буюу 12,33,34 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан Баянголын аман дахь 2000 айлын орон сууц гэх мэт төслүүд бий. Дэд бүтцийн тухайд Баянхошуу дэд төвийн шугам, сүлжээ, инженерийн ажил бүрэн дууссан.Одоо аж ахуйн нэгжүүд тэнд барилга байгууламжаа барих асуудал л үлдсэн.
Яг үүнтэй ижил Толгойт дэд төвийн барилга байгууламж,дэд бүтцийн асуудал ерөнхийдөө дуусч байна. Мөн Толгойт бүс болон Сонгинохайрхан дүүргийн баруун бүсийг эрчим хүчээр хангах станц Сонгинохайрхан уулын бэлд баригдаж байна. Мөн Сонгинохайрхан уулын бэлд Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны цэвэр усны хоёрдугаар эх үүсвэр ирэх онд бүрэн ашиглалтад орох гэж байна. Энэ мэтчилэн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бүрэн биелэх боломж санхүү мөнгөний хувьд ч, дэд бүтцийн хувьд ч бүрдсэн байна.
“ШАТ ШАТАНДАА ХАМТАРЧ, ОЙЛГОЛЦОЖ ЧАДДАГГҮЙ БАГИЙГ СОНГОВОЛ ТУХАЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ХЭРХЭН ХОЦРОГДДОГ”
-Нийслэл Улаанбаатар хотод амьдардаг иргэдийн хувьд нийтийн тээврийн хүртээмж, чанар, үйлчилгээтэй холбоотой шүүмжлэл тасрахгүй байна. Ялангуяа хотын төвөөс алслагдсан дүүрэг, хороонд амьдарч байгаа иргэдийн хувьд нийтийн тээврийн хүртээмжийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Та бүхэн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?
-НИТХ-ын төлөөлөгчөөр 2020 онд сонгогдоод нийтийн тээврийн салбарын ажлыг хүлээж авч байх үед нөхцөл баыдал маш хүнд байсан. Үндсэндээ Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбар уналтад орсон байсан. Ковидын үед буюу хоёр жилийн хугацааанд нийтийн тээврийн салбарт хийх шинэчлэлийн асуудал түр саатсан. Гэсэн хэдий боловч 2022 оноос эхлээд сүүлийн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотод явж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийсэн. Улаанбаатар хот 1.7 сая хүн амтай. Ойролцоогоор 1200-1400 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхэд хүртээмжийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах тооцоолол бий.
Энэ үүднээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1000 гаруй автобусны парк шинэчлэлийг хийсэн. Цаашид нийтийн тээврийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, түгжирлийн асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээврийг төрөлжүүлэх шаардлагатай. Мэдээж метроны асуудал зайлшгүй орж ирж байж масс тээврээр хотын түгжрэлийн асуудлыг шийднэ.
Мөн уламжлалт буюу том оврын автобус тээвэр болоод тусгай замын автобусны тээврийг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотын газар нутгийн онцлог бол өндөрлөг, ардуураа уулархаг бүстэй. Гэр хорооллын айлууд түүнийг дагаж суурьшсан байдаг. Том оврын автобус уулан дээр явж чадахгүй учраас бид мөрийн хөтөлбөртөө бага оврын автобусны үйлчилгээг түлхүү нэвтрүүлж авто зам хүрээгүй болон уулын өндөршилтэй бүсэд амьдарч байгаа гэр хорооллын иргэдэд үйлчлэх шинэ шугамуудыг энэ намраас эхлэн нэвтрүүлэх зорилт тавьсан. Мөн дүүжин тээвэр болон масс тээврийн үйлчилгээг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл болоод нийтийн тээврийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж харж байна.
-Жилээс жилд хотын захиран зарцуулах төсөв мөнгөний хэмжээ нэмэгдэж байна. Төсөв хэлэлцэн батлах үед дүүрэг, хороондоо тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, төсвийн хуваарилалтыг эрэмбэлэх тал дээр таямар бодолтой байна?
–Орон нутгаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч хүн иргэдийн өмнө тулгамддаг сургууль, цэцэрлэгийн хүртээмж, худаг ус, зам харгуй,гэрэлтүүлэг гэх мэт асуудлуудыг шийдвэрлүүлэхийн тулд орон нутаг, дүүрэг, нийслэлийн төсөвт суулгуулахыг хичээж ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилд манай баг хамт олон боловсролын салбарын суурь асуудлыг сайжруулахын тулд олон сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг шийдүүлж ажилласан.
Өнгөрсөн хугацаанд төсөв захиран зарцуулах болон хуваарилах асуудал тойрог, орон нутгийн төлөөлөгчдийн санал, хичээл зүтгэл дээр үндэслэгдэн шийдвэрлэгдэж байсан. Харин одоо хууль эрх зүйн шинэчлэл болоод Засгийн газраар дэвшүүлсэн бүсчилсэн хөгжлийн бодлого дээрээ үндэслээд хотынхоо асуудлыг том зургаар нь бүсчилж шийдвэрлэх юм.
Тиймээс ирэх дөрвөн жилд нийслэл болоод орон нутагт сонгогдох төлөөлөгчид аль болох хувь иргэн рүү чиглэсэн асуудалд биш тухайн орон нутгийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласнаар том асуудлаа дагаад жижиг асуудлууд нь шийдэгдэх зарчимаар төсвийн хуваарилалт хийгдэх юм. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор иргэд өөрсдөө төсөв захиран зарцуулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, хотынхоо хөгжлийн асуудалд санал өгөх эрхтэй болсон. иргэдийн өгсөн саналын хүрээнд хот болон дүүрэг, хорооны төлөвлөлт хийгдэнэ. Цаашлаад төсөв дээр зөвхөн нийслэл болон дүүргийн төсвийн боломжийг хараад суух биш тухайн орон нутагтаа олон улсын болон дотоодын бонд гарах, төр хувийн хэвшил аль ч салбарт хамтарч ажиллах эрх нь нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, төсвөөс хамааралтай бүтээн байгуулалт биш иргэдээс, олон улсаас, хөрөнгө оруулалтаас хамааралтай бүтээн байгуулалтын ажлуудыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хийнэ. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жил болон ирэх дөрвөн жилийн хөгжил эрс ялгаатай байдлаар өөрчлөгдөнө.
–НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусч байна. Таньд дахин итгэл хүлээлгэж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгох гурван шалтгааныг нэрлээч гэвэл?
–Хамгийн гол нь төр, засаг шат шатны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах хүнийг иргэд сонгоосой гэж хүсч байна. Засгийн газар, УИХ, нийслэл, дүүрэг, орон нутгийн түвшинд хэн яаж хамтарч ажиллах чадамжтай байхаас олон зүйл шалтгаалдаг. Дүүрэгтээ олон жил ажилласан хүний хувьд дүүргийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг мэддэг, хаана ямар ажлууд хэрэгжиж, хаана гацаж байгаа шалтгаан нөхцөлийг мэддэг хүний хувьд би энэ тал дээр иргэдийн итгэлийг бүрэн дааж ажиллаж чадна.
Ер нь бол шат шатандаа хамтарч, ойлголцож хэл амаа ололцож чаддаггүй багийг сонговол тухайн орон нутгийн хөгжил хэрхэн хоцрогддог вэ гэдгийн бодит жишээ олон бий.
Хоёрдугаарт, тухайн орон нутагт хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрүүддийг иргэддээ ойлгуулж, хамтарч ажиллаж чадах хувь хүний боловсрол мэдлэг, ажилласан туршлагыг нь сайтар харж, багаар ажиллах чадвартай хүнийг сонгоорой гэж иргэдээсэй хүсч байна. Хувь хүний үүднээс асуудалд ханддаг биш нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг, дүүрэг орон нутгийн иргэдтэйгээ ойр, эргэх холбоотой ажиллах багийг сонгоосой гэж хүсч байна.