Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүс өөрийгөө “үхэж чадаагүй азгүй хүн” гэж итгэдээд, дахин амиа хорлох оролдлого хийдэг байна.
Саяхан Хэнтий аймагт 12 настай охин ЕБС-ийн дотуур байранд амиа егүүтгэсэн ноцтой хэрэг гарсан. Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар өмнө нь охин хэд хэдэн удаа амиа хорлохоор оролдож байсан талаар мэдээлжээ. Бид уг хэргийн шалтгаан, үйл явдлын талаар бус өсвөр наснынхан яагаад эрсдэлтэй үйлдлүүд хийх нь их байдаг, үүний цаана ямар шалтгаан буй талаар мэдээллийг бэлтгэлээ.
ДЭМБ-аас гаргасан судалгаанд өсвөр насны эхэн үе 9 наснаас эхэлж буй талаар хэлж буй. Мөн дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог болохыг тогтоожээ. Тэгвэл хүүхэд, өсвөр үеийнхэн амиа хорлох, амиа хорлох оролдлого хийх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг ЭМЯ-наас 2022 онд судалсан байна.
Үүнд:
- Гэр бүлийн зөрчил, маргаан, эцэг эх нь салсан, санхүүгийн асуудал
- Гэр оронгүй болсон, ганцаардсан
- Буруу хүмүүжил
- Биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн
- Ойр дотны хүмүүс нь хүндээр өвдсөн буюу нас барсан
- Сургууль, багш, үе тэнгийн дарамт, шахалт
- Үерхэл нөхөрлөл бүтэлгүйтэх
- Гэмт хэрэгт холбогдох
- Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлт
- Архи, тамхи бусад мансууруулах бодис хэрэглэх, интернэт тоглоомонд донтох
- Биеийн хүнд өвчнөөр өвдөх
- Удамд нь сэтгэцийн эмгэгтэй, амиа хорлосон, амиа хорлох оролдлого хийж
- байсан хүн байдаг
- Сэтгэцийн эмгэгтэй ялангуяа сэтгэл гутрах эмгэгтэй
- Урьд нь амиа хорлох оролдлого хийж байсан
- Даган дуурайх сэдэл
- Төрх үйлийн өөрчлөлттэй холбоотой (Жишээ нь: Гарын судсанд зүслэг хийх, амьсгалаа боогдуулах, өндрөөс үсрэх, биедээ гэмтэл учруулах, цус гаргах) гэжээ.
Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлох оролдлого хийж болзошгүй шинж тэмдгийн 75 хувь нь үг яриа, төрх үйлээр илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдийг ерөнхий мэргэжлийн эмч, өсвөрийн эмч, сэтгэцийн эмч, сэтгэл засалч эмч мэдсэнээр амиа хорлох үйлдлээс хүүхдийг сэргийлэх боломжтой байдаг.
Тухайлбал,
- Үхлийн тухай болон амиа хорлох тухай байнга ярих буюу асуух
- Амиа хорлох, өөрийгөө гэмтээх аргын тухай сонирхох, судлах
- Зүсэх багаж хэрэгслийг цуглуулах
- Бусдын төлөө санаа зовдог
- Хувийн дуртай зүйлээ хаях эсвэл хүнд өгөх, оршуулга зохион байгуулах
- Сэтгэл түгших, санаа зовинох
- Сэтгэлээр унаж гутрах, өөрийгөө буруутгах
- Ганцаараа үлдэхийг илүүд үзнэ, зожиг болох
- Уурлаж бухимдах
- Зарим үед шалтгаангүй чанга инээх
- Амьдралын тодорхой зорилгогүй
- Нойрны өөрчлөлт
- Сэтгэц идэвхит бодисын хэрэглэх нь ихсэх зэрэг багтах юм.
Хэрэв өсвөр насны хүүхэд амиа хорлох оролдлого хийсэн бол амь насанд ямар аюул учирснаас хамаарч нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламж үзүүлж, хүүхдийг харьцангуй тайвширсны дараа сэтгэл засал эмчилгээ хийх шаардлагатай. Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүс өөрийгөө “үхэж чадаагүй азгүй хүн” гэх мэдрэмж ид автдаг. Улмаар дахин амиа хорлох оролдлого хийхэд бэлэн байдаг байна. Иймд сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээг цаг алдалгүй, зайлшгүй хийх шаардлагатайг анхаараарай.