Гэрэл зургийн эх сурвалж: UNREAD
Зургийг дарсан: Б.Анарбаяр
Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урд хөршид их сургуулиа төгсөж ирсэн цагаасаа хойш бүтээн байгуулалтын салбарт тасралтгүй ажиллаж 100 гаруй залуусыг удирдаж буй хэтийдсэн гэмээр өөдрөг үзэлтэй нэгэн эрхэмийг урьж оролцууллаа. Түүнийг Ганбаатарын Баттөмөр гэдэг бөгөөд Эй Ди Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал,Эй Би Өү Группийн Тэргүүн дэд захирлын албан тушаалыг давхар хашдаг аж.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгч, уншигчдад маань өөрийгөө товч танилцуулаач.
– Танд мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганбаатарын Баттөмөр гэдэг. Нийгэм зах зээлийн тогтолцоонд эд шилжиж байх үе буюу 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Одоо мөн л төрөлх хотдоо эхнэр хүүгийнхээ хамт амьдарч байна даа.
– Үнэхээр товч танилцууллаа. Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
– Мөн л Улаанбаатар хотод өнгөрсөндөө. Бусад хүүхдийн л адил. Нийгмийн шилжилтийн үе байсан учир аав ээж маань амьдрал ахуйгаа өөд нь татахын тулд Солонгос улсыг зорьсон. Эгч бид хоёр өвөө эмээтэйгээ үлдсэн. Тавдугаар ангид орох үед аав ээж маань Солонгосоос ирж Дарь-Эхэд хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Тэгээд л Дарь-Эх, Дамбадаржаа, Сансар, Баянзүрх дүүрэг тийш байр түрээсэлж олон газар амьдарч үзсэн дээ. Гэсэн хэдий ч ээж аав маань эгч бид хоёрын боловсролд ихээхэн анхаарч ач холбогдол өгдөг байсан гэх үү дээ. Өвөө минь ч гэсэн холч ухаантай хүн байсан учир гэр бүлийнхэн зөвлөлдөөд намайг дунд ангиас эхлэн хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд явуулж эхэлсэн.
-Ахлах ангиа төгсөх үедээ ямар мэргэжилтэй хүн болно гэж зорьж байв?
-Тэр үед бүх чиглэлийн мэдээлэл нээлттэй, одоогийнх шиг байсангүй л дээ. Нэг тийм хэтэрхий ерөнхий мэргэжил сонгоцгоодог үе байж. Дунд сургуулиа хувийн сургуульд суралцаж төгссөн би их сургуульд орохдоо аав ээждээ л дарамт болохгүй юм шүү гэдэг тухай хамгийн их боддог байв. Тиймээс сурсан хэлэндээ дөрөөлж, Хятадын засгийн газрын тэтгэлэгт л тэнцэх юм шүү гэж хичээдэг байсан. Эхний жилээ шалгалтдаа тэнцээгүй ээ МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуульд элссэн. Харин 2-р курст орох жилээ мөн Хятадын засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч тэнцсэн гэх баяртай мэдээг дуулсан. Ингээд л Бээжин хотын эдийн засгийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцаж эхэлсэн дээ. Төгсөх курст байхдаа найзтайгаа хамтран гадаад худалдааны зөвлөх үйлчилгээний компани гэх үү дээ. Хятадаас худалдан авалт хийж байгаа Монгол хүмүүст зөвлөгөө өгч тээвэр зуучийн асуудлыг нь шийдэж өгдөг жижигхэн бизнес эхлүүлж байлаа. Тухайн үед Бээжин хотод оффистой бас нэг Хятад ажилтантай байсан. Одоо ч мөн энэ найзтайгаа хамт бизнесээ өргөжүүлээд явж байгаа.
-Бизнес эрхэлж өдий зэрэгтэй болгоход мэдээж маш олон саад тотгор, шантрах зүйлс тохиолдсон байх. Яаж эдгээрийг даван туулсан бэ?
– Би их өөдрөг хүн л дээ. Асуудлууд тулгарахад олон хоногоор хямарч сэтгэлээр унаад байдаггүй. Хүнд хэцүү байгааг нь биш шийдэл гарцыг нь л бодоод байдаг. Өнөөгийн нийгмийн хүнд ачааг ажил хийж, аливааг бүтээж байгаа залуус нуруун дээрээ үүрээд явж байгаа. Тэр дундаа ажлын байр би болгож, баялаг бүтээж байгаа залуус алхам бүрдээ төрийн байгууллагын хүнд суртал, авлигын тогтолцоо, хууль эрхзүйн ойлгомжгүй зохицуулалтуудтай нүүр тулдаг, шантардаг. Бас амьдрах орчин маань ямар билээ. Дээрх асуудлуудаас болж л маш олон залуус гадаад улсад ажиллаж амьдрах сонголтыг хийж байна шүү дээ.
-Та одоогоор юуг зорьж мөрөөдөж байна?
-Би багаасаа л чанартай, гоё бүтээн байгууламжид дуртай тэдгээрийг судалдаг хүүхэд байсан. Түүнээсээ ч болоод ч тэр үү өөрөө болон үр хүүхэд минь төрж, суралцаж амьдарч байгаа энэ хотоо олон гоё бүтээн байгуулалт бүхий аз жаргалтай хот болоосой гэж хүсдэг. Тийм болгохын тулд өөрөө гар бие оролцохыг хичээдэг. Мөн ирээдүйд яг надтай адил 0 цэгээс бизнесээ эхэлж байгаа залуусын замыг илүү дардан болгохыг зорьж байна.