Манай улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын их хурлын сонгууль, Орон нутгийн сонгууль болон Ард нийтийн санал асуулга гэсэн дөрвөн сонгуулийн үйл явц бий. Өнгөрсөн зургаадугаар сард бид хууль тогтоох дээд эрх мэдлийг хадгалдаг УИХ-д төлөөллөө сонгосон.
Харин одоо амьдарч байгаа нийслэл, дүүрэг, аймаг, суманд миний болоод таны өмнөөс шийдвэр гаргаж, хүрээлэн буй орчны маань өнгө төрхийг тодорхойлох, өдөр тутмын амьдралыг авч явах, төлөвлөлт хийж, төсөв мөнгө зарцуулах төлөөлөгчдийг сонгоно.
Орон нутгийн сонгуульд ирцийн босго байхгүй. Өөрөөр хэлбэл таныг саналаа өг гэж араас чинь хэн ч хөөцөлдөхгүй нь сайхан. Гэхдээ тэр хооронд танай дүүрэг, хорооны маш цөөн хүн саналаа өгөөд, бүгдийг чинь төлөөлж шийдвэр гаргах эрхтэй болно гэсэн үг. Дараа нь танд болон хүрээлэн буй орчинд чинь асуудал тулгарч, шаардлага, хяналт тавих гэтэл та саналаа өгөөгүй, оролцоотой иргэн байж чадаагүй нь том асуудал болно. Иймд уншигч таныг саналаа өгөхийг уриалж байна
ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ АРАВДУГААР САРЫН 11-НД БОЛНО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-нд болно.
Үүнтэй холбоотойгоор санал тэмдэглэх зааврыг Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ноос танилцуулж байна. Хэсгийн хорооны ажилтанд бүртгүүлсний дараа танд саналын хуудас өгөх бөгөөд та санал тэмдэглэх бүхээгт сууж, саналаа тэмдэглэнэ. Саналын хуудас нь аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн төлөөлөгчийг сонгох хэсэгтэй байна. Сонгогч та саналын хуудсан дээрх зааврын дагуу өөрийн тойрогт оногдох мандатын тооноос илүүгүй тооны нэр дэвшигчийн нэрийн өмнө зууван дүрсийг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Харин илүү тэмдэглэвэл таны санал хүчингүй болно.
Таны амьдарч буй баг, хорооноос шалтгаалан мандатын тоо харилцан адилгүй байх тул саналаа тэмдэглэхээс өмнө саналын хуудас дээрх санал тэмдэглэх зааврыг сайтар уншиж, танилцаарай. Жишээ нь аймаг, нийслэлийн Иргэдийг Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох хэсэгт гурван мандаттай бол гурваас илүүгүй нэр дэвшигчид саналаа тэмдэглэнэ.
Мөн сум, дүүргийн төлөөлөгчийг сонгох хэсэгт нэг мандаттай бол нэгээс илүүгүй нэр дэвшигчид зааврын дагуу саналаа тэмдэглэнэ. Сонгогч та саналаа зааврын дагуу тэмдэглэсний дараа саналын нууцлалын хавтсыг ашиглан санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа уншуулна. Ингэснээр таны саналыг танаас өөр хэн ч мэдэх боломжгүй.
Санал тоолох төхөөрөмжид “амжилттай уншигдлаа” гэсэн бичиг гарсны дараа та санал авах байрнаас гарч болно.