Хөрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт бид олон нийтийн бодлого судлаач Ш.Отгон-Өлзийг урьж ярилцлаа. Хөвсгөл аймгийн Ар булаг суманд хүүхэд насаа өнгөрүүлсэн тэр эрдэм, мэдлэг, боловсролд дурлаж саальчин хүүгээс Харвард хүртэл сурч боловсорсон түүхтэй. Өнгөрсөн хугацааг хэлэх үг, хийсэн зүйлтэй туулсан тэрээр Төв аймгийн Сэргэлэн сум хийгээд Яармагт хөл бөмбөгийн бэлтгэлийн төв хамтран байгуулсан юм.
Тэрээр ярихдаа, “Намайг Шагдарсүрэнгийн Отгон-Өлзий гэдэг. Би програм хангамжийн инженер. Олон нийтийн бодлогын чиглэлээр мастераа хамгаалсан. Олон нийтийн бодлого судлаач мэргэжилтэй хүн байна. Би саальчин хүүгээс дээшлээд Харвардад очиж сурсан залуусын нэг нь. Төрийн албанд олон жил ажилласан. Хувийн хэвшилд ч олон жил ажилласан. 2020 оноос олон нийтийн спортын салбарт хүчээ сорьж ажиллах хүсэлт гаргаад, Монголын хөл бөмбөгийн холбоо гэх том айлын үйл ажиллагаа эрхэлсэн захирлын албан дээр томилогдож, хөл бөмбөгийн бэлтгэлийн төв гэж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дээр, мөн Яармаг хавьцаа бэлтгэл хангадаг төв байгууллаа. Нийтдээ энэ хашаанд буй airdom, барилга, талбай нийлээд яг өнөөдрийн байдлаар 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, буцалтгүй тусламжаар бүтээж чадсан байна.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД ХӨЛ НИЙЛҮҮЛЖ БАЙЖ ХӨГЖИЛ ИРНЭ
Хүмүүс Манчирын хийд рүү явах замд бөмбөгөр цагаан зүйл баригдсан байна гэж ярьдаг. Спортынхон маань энэ төвийг сайн мэднэ. Олон улсын хөл бөмбөгийн холбооны мэргэжлийн ангиллын хоёрдугаар түвшний талбай. Энд Месси, Роналдогийн түвшний тоглогчид арай тоглох боломжтой биш. Харин тэрний доод зэрэглэл буюу лигүүд, олон улсын нөхөрсөг тоглолтууд болох бүрэн боломжтой гэсэн үг. 120 метрийн урттай. Өргөн нь 80. Өндөр нь 27.5 метр. Энэ байгууламжид нэг ч багана ашиглаагүй. Агаараар өвөл, зун, өдөр, шөнөгүй хийлж байдаг. Одоо бичлэгээ орой хийж байна шүү дээ. Бусад талбайд орой гэрэлтүүлэг, зай талбай нь хүрэхгүй, гадаа даараад зогсдог бол энд 24 цаг ажиллана.
Хөгжил яаж ирдэг гэхээр, олон улсын сургалт хөтөлбөрүүдэд юу зааж, ямар орчинд бэлтгэл хийж, юу идэж байна гэх тэр стандарт руу бид орж байж ирнэ бас өрсөлдөнө. Ирээдүйд талбайна цаана гүйлтийн зам зэргийг байгуулж, спорт комплекс болгох юм.
БОДОЖ БУЙ БҮХНЭЭ БИЧИЖ ТӨЛӨВЛӨСНИЙ ДАРАА ХИЙХ ЁСТОЙ
Намайг Удирдлагын академид сурч байхад манай Лхагва багш, сайн бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг хичээл орж байхдаа инээдтэй бөгөөд хэзээ ч мартахгүй нэг өгүүлбэр хэлсэн. “Хайр дурлалыг бол ярьсан нь дээр. Ажил хэргийг бичсэн нь дээр” гэж. Бидний нэг дутагдал нь их ярьдаг. Яриад бодоод, төлөвлөөд байгаа зүйлээ бичиж тэмдэглэдэггүй. Түүнээс болоод төрийн ч байна уу, хувийн хэвшлийн ч байна уу маш олон төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтууд уддаг. Удахаар өртөг нь нэмэгддэг. Өртөг нь нэмэгдэхээр үр дүнгүй болж эхэлдэг. Нэг ч гэсэн ажилласан салбартаа хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй. Дараа нь дарга нь солигдсон гэсэн чинь хамаг юм нь байхгүй. Компьютерийн файл нь устчихсан юм гэнэ билээ гэх асуудал байдаг шүү дээ. Тийм биш, хийсэн төлөвлөсөн, зурсан бүх төсөл төлөвлөгөөнүүдээ бүгдийг нь нэг хувийг нь цахимаар, нэгийг нь цаасаар, нэгийг нь архивын газар хадгалуулдаг шүү дээ.
ХҮН ӨӨРИЙГӨӨ ХОЁР ТАЛААР БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ
Би Хөвсгөл аймгийн Ар булаг суманд өссөн. Манай аав бол Шагдарсүрэн гэж сумын жолооч хүн байсан. Том жижиг бүх л тээвэрлэх ажлыг хариуцдаг. Сүүниий машин барьдаг байсан. Аавтайгаа өглөө 4 цагт босоод ферм рүү явдаг. Манайх бас сарлаг үхэртэй. Ээж маань олон үнээ саадаг байсан. Зарим үед сүү саалийн цаг гээд ажил ихтэй шүү дээ. Ингээд үхрээ өөрөө сааж сурсан. Ээж маань зааж өгч байлаа. Манай ээжийг Чинбат гэдэг. Би бурхантай учирсан. Ахад маань бөөрөө солиулах асуудал үүссэн. Тэгэхэд миний ээж өөрийнхөө нэг бөөрийг хүүдээ өгсөн. Ах маань одоо ажил төрлөө хийгээд, хоёр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байна. Ээждээ байнга баярлаж явдаг шүү дээ. Хүн нэг л амьдарна. Бурхан бол бүх хүн дээр өглөө бүр зэрэг нар тусгаж байгаа. Нар зэрэг тусаж байхад бүгд өөр өөр амьдраад байгаа. Энэ бүхэн өөрчлөгдөж, чанаргүй амьдарч байгаа хүмүүсийн амьдрал чанартай болох ёстой. Бидний амьдарч буй нийгмийн стандарт нэмэгдэх ёстой. Тэгж байж бид нийтээрээ сайхан амьдарна. Энэ зүйлийг өөрчлөх чиглэлээр би өөрийгөө бага ч гэсэн боловсруулсан. Хүн өөрийгөө хоёр талаар бэлдэх хэрэгтэй гэж би боддог. Онгоцоор зүйрлэдэг. Онгоцны нэг далавч нь эдийн засагтай байх ёстой. Нөгөө далавч нь боловсролтой байх ёстой. Энэ хоёрыг зэрэг сайн хөгжүүлэх юм бол тэр онгоц наран ургах зүгээс, наран шингэх зүг хүртэл нисэж чадна. Аль нэг нь чиглэлээ алдвал онгоцны чиглэл алдаад тойрчихно. Боловсрол нь ихдээд эдийн засаг нь гарч чадахгүй бол бас л чиглэлээрээ явж чадахгүй. Энэ хоёрыг хувь хүн зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол хүн бүхэн аз жаргалд хүрч чадна.