“За Эрдэмээ миний хүү ирээдүйд ихийг хийж бүтээнэ. Тийм болохоор өөрийгөө сайтар хөгжүүлэх ёстой шүү” гэж хэлсэн өвөөгийн захиасыг ягштал биелүүлж яваа залууг Цэдэвийн Эрдэмбилэг гэдэг. Орос цэцэрлэгт хүмүүжиж, орос сургууль дамжин суралцсан жаахан хүү 10 дугаар ангид ордог жилээ алс холын Америк улсыг зорьжээ. Гадаад кино шимтэн үзэх дуртай хүү хүний нутагт хэлний бэрхшээлтэй тулаагүй хэмээн ярьж сууна. “Ойлгохгүй байсан ч хамаагүй нэг киногоо 20, 30 дахин үзнэ. Үйл хөдлөлөөр нь барагцаалдаг байснаа сүүлдээ үгнүүд нь танил санагдаж эхэлдэг юм билээ” гэсэн яриагаар бид ярицлагаа эхэлсэн юм.
БАГИЙН ТОГЛОЛТ БУЮУ ХАЙРЛАХ УХААН
Үе үе инээмсэглэн ярих Эрдэмээ “Би сайн гэр бүлд төрж өссөн, азтай хүн. Тэглээ гээд бусдаас ялгаатай зүйл огтхон ч байхгүй ээ. Хүн хичээж байж сурч боловсрох ёстой гэдгийг багаасаа л ойлгосон. Бас ахлах сургуулиасаа гаднын оронд суралцсан болохоор эрт биеэ даасан болов уу гэж боддог” гэж байлаа. Дунд сургуульд байхдаа миний бодол эцсийн үр дүн биш гэдгийг мэдэрсэн Ц.Эрдэмбилэг аливаа асуудал тулгарахад тал талаас харж шийдэл гаргахын зэрэгцээ олуулаа ярилцаж нэг зүгт харсан өнцөг байвал тэр нь жинхэнэ үнэн юм байна гэж боддог ажээ. Бостонд сурч байхдаа манай улсын боловсролын системд багийн спортыг хөгжүүлэх бодлого дутаж байгааг олж харжээ. Америкт хүүхдүүдийг сагс, хөл бөмбөг, теннис зэрэг багаар тоглох боломжийг нь бүрдүүлсэн байдаг тухай тэрээр хэлэв. Танхимын хичээл дуусаад бүгдээр заавал хийх ёстой. Нэг талаас бие бялдрын хөгжил сайжирна. Нөгөөтээгүүр багаар тоглож сурдгаараа давуу талтай аж. Багийн тоглолт хүнд маш их зүйлийг сургадаг л даа. Бие биеийгээ хайрлах ухаанд ч сургана. Өөрөөр хэлбэл, нэгнээ хүндлэх, нэгнийхээ төлөө санаа зовох зэргээр хүний мөн чанарыг багаас нь суулгахад спорт чухал нөлөө үзүүлдэг ажээ.
ЭРДЭМТЭН ӨВӨӨГИЙН ЗЭЭ ХҮҮ
Нийгэмд илүү сайн сайхныг түгээхийн тулд мэдлэг боловсролтой байхаас гадна хувь хүний суурь хүмүүжил, аливаад хандах хандлага зөв байх ёстой гэдгийг гэр бүлийн хүмүүжил нь түүнд олгосон гэдэг. Ц.Эрдэмбилэг аливааг нухацтай бодож төлөвлөж хийдэг дадлыг энэ л гэр бүлийн орчноос сурсан гэлтэй. Эрдэм мэдлэг бол хүний хамгийн чухал баялаг. Гэхдээ түүнийгээ нийгмийн сайн сайхны төлөө хэрэглэхгүй юм бол чиний тархинд хоосон бодол болоод өнгөрнө шүү гэж өвөө минь захидаг байсан хэмээн тэрээр өвөөгөө дурслаа. Түүнийг өвөөг С.Лувсанвандан гэдэг. Монголчууд андахгүй хүн л дээ. ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, гоо зүй, утга зохиол судлаач доктор, профессор, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд байсан С.Лувсанвандангийн зээ хүү. Хэдийгээр алдартай өвөөтэй ч гэлээ түүгээр онгирч байсан удаагүй. Тэр ч бүү хэл, өвөөгийн болоод аав, ээжийнхээ нэр хүндийг сэвтээхгүй хэмээн хичээнгүйлэн суралцаж бусдыг манлайлж яваа гэдгийг түүний хамт олон, найз нөхөд хэлж байна.
40 МЯНГАТ БА АМЕРИК БОЛОВСРОЛ
Бага насаа хүмүүсийн хэлдэг 40, 50 мянгатад өнгөрсөн гэж болно. Багадаа эмээ, өвөөгийндөө их ирнэ. “Хүний хөгжил бага наснаас л төлөвшдөг. Тийм учраас ээж, аав минь намайг эрдэм боловсролтой болгохын төлөө бүхнээ дайчилсан юм шүү дээ” гэж суугаа залуу эх орондоо ирээд хүүхдүүдийн төлөө юу хийж болох вэ гэж бодсон гэдэг. Учир нь тэр спортыг бага, дунд боловсролын системд барууны орнууд шиг хөгжүүлэх мөрөөдөл тээсэн ажээ. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн чадах бүхнийг хийхийг зорьсон хэрэг л дээ. Спортын мастер Б.Пүрэв-Очир багшийн боксын клубийг тохижуулж хүүхдүүдийн суралцах орчныг бүрдүүлье гэдэг санал тавьснаар мөрөөдлийнхөө өчүүхэн хэсгийг ч атугай биелүүлэх боломж бүрдэж. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Соёмбо” спорт клубийг тохижуулан хичээлийн дараа хүүхдийг хөгжүүлэх ажлынхаа эхлэл шанг татсан байна. Хэрэв тэр бодлого тодорхойлогч байсан бол системээр нь хөдөлгөх их хүсэл тээж яваа юм билээ. Тиймээс л энэ тогтолцоог боловсролын салбарт нутагшуулах хэрэгтэй.
СОНГОЛТ БА НЬЮ ЙОРКООС ЭХЭЛСЭН АЖЛЫН ГАРАА
Тэрээр ахлах сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох үед маш олон сонголттой тулсан. Мэргэжил сонголтын тухай мэдээллийг багтаасан маш зузаан ном харж хэсэг суусан гэдэг. Түүний дараа аав, ээжтэйгээ зөвлөжээ. “Миний хүү хамгийн эрэлттэй ажил бол нягтлан бүртгэл” гэснээр нягтлан суурьтай бизнесийн удирдлагаар сурсан байна. 2007 онд сургуулиа төгсөөд Нью Йоркт татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг жижиг компанид нягтлан бодохоор ажлын гараагаа эхэлжээ. Гурван жил ажилласны дараа өөрийнх нь сонирхдог ажил биш гэдгийг ойлгосон гэдэг. Эрдэмбилэг хүү олонтой уулзаж, газар бүрт явж шинэ, шинэ мэдээллийн дунд “сэлэх” дуртай. Тиймдээ ч өдгөөг хүртэл бүхий л зүйлийг олон талаас нь харахын зэрэгцээ бусад улс орнууд болоод бизнесийн салбарынхантай харьцуулж бодлого, шийдвэр гаргахыг эрмэлздэг аж. “Найз маань Нью Йоркт аудитын компанид ажилладаг байлаа. Түүний ажил сонирхолтой санагддаг байв. Ажлаа хийх явцдаа олон хүнтэй уулзана. Олон газраар орно. Энэ нь надад сонирхолтой байсан. Ингээд анх удаа “Пи Дабл Ю Си” гээд олон улсын компанид ажилд орохоор танилцуулгаа илгээсэн” хэмээн ярьж суугаа тэрээр тус компанийн Монгол дахь салбарт ажиллах болсноор эх орондоо иржээ.
ТҮМ ТҮЖИГНЭЖ, БУМ БУЖИГНАНА
Эх орондоо ирсэн Ц.Эрдэмбилэг ажилдаа орох хүртлээ хагас жилийн хугацаанд Монгол орныхоо нийгмийн байдлыг судлах их аянд гарсан гэдэг. “Би ажилдаа орох хүртлээ хагас жил орчим хүлээх хэрэгтэй болсон. Энэ хугацаанд “Сар шинэ интернэйшнл” компанид ажиллаж байлаа” гэж даруухан ярих түүнд олон жилийн дараа Монголдоо ирж байгаа болохоор нийгмийн амьдралыг мэдэх хэрэгтэй байсан аж. Тиймээс хамгийн их хөдөлгөөнтэй, хүмүүстэй харилцдаг ажил хийхийг хүссэн юм. Ингээд ажилдаа ороод таван сар ажилласан.Тэндээс хүний амьдралын олон өнгийг харсан. Зээл нь бүтээд гарч байгаа хүнээс талархлын үг сонсоод удаагүй байтал ажил нь бүтээгүй хүний бухимдахыг ч сонсох хэрэгтэй болдог нь түүнд ихийг бодогдуулсан гэдэг. Бас манай улсын том, том компаниудтай харьцдаг ажил хийж байхдаа ч маш олон зүйлийг өөрчилж, шинэ цагт нийцүүлэх суурийг тавих учиртайг тэр олж харснаа бидэнд хэлсэн юм. Тодруулбал, манай улсын томоохонд тооцогдох компани нягтлан бодох бүртгэлийн хуучны загварыг огт өөрчлөхгүйгээр ажиллаж байгааг хараад тэр “шок”-нд орж байснаа нуусангүй. Өнгөрсөн, одоо үе хоёр зэрэгцэж орших боломжгүй. Гэтэл монголчууд л түүнийг зэрэгцүүлэн авч явдаг агуу шидтэй гэлтэй. Харамсалтай нь энэ тоглоом бас наргиа биш. Цаг хугацаатай уралдан дэлхийтэй хөл нийлж алхах даалгаварыг Монгол хүн “монголчлоод” сууж байгаа нь эмгэнэл. Тиймээс л аливаа зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. Харин хүн тэнд дасан зохицож, өөрийн болгож эзэмшинэ гэдэг хамгийн чухал гэдгийг бас харж, ойлгож авсан. Энэ бол өөртөө хуримтлуулж байгаа миний ажлын туршлага гэж боддог хэмээн ярьж байлаа.
Тэрээр нийгэмд хэрэгцээтэй олон зүйл хийх их хүсэл, мөрөөдлийнхөө аянд аль хэдийнэ морджээ. Дэлхийн түүхийг шимтэн уншдаг Эрдэмээ хүү нийгмийн сайн сайхны төлөө бодлого боловсруулж, салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахыг төлөө хичээнгүйлэн ажиллаж явна. Миний амьдардаг хот аюулгүй, ая тухтай байгаасай гэж хүсэж, мөрөөддөг Ц.Эрдэмбилэг “Эрдэм мэдлэг бол хүний хамгийн чухал баялаг. Гэхдээ түүнийгээ нийгмийн сайн сайхны төлөө хэрэглэхгүй бол чиний тархинд хоосон бодол болоод өнгөрнө шүү” гэсэн өвөөгийн захиасыг биелүүлэхээр аян замдаа гарчээ.
Mash zuw zvil eder ajillaj bgaa zaluudaa hogiig tog bolgono gedeg bol hamgiin zuw shiidel shuu hog bol tog