Амьдралд юу чухал вэ? Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, ээж аав гээд янз бүрээр тодорхойлж болно. Гэвч үнэнхүү амьдралын утга учир бол амьд байх л явдал юм.
Өвөртөлсөн эрдмийнхээ ашиг тусыг үзэхээр эх орноо зорих гэж байсан Б.Ану-Үжин гэх энэ эмэгтэй ирэхийнхээ өмнө галд өртөж 70 хувийн түлэгдэлтэй, Америкийн эмнэлэгт үлджээ. 2018 он…
“Миний царай төрх энэ хэвээрээ үлдэх вий, ээж аав минь мэдэх вий, хайртай залуу минь орхих вий” гэх айдас түүний өвдөлтөөс ч хүчтэй байсан. Гэсэн ч түүний энэ айдас цаг хугацааны урсгалд сарниж, нүүрэн хэсгийн шархаа өө сэвгүй эдгээж чаджээ. Ингээд тэр амьдралд амьд байх л чухал гэдгийг гүн ойлгож, үлдсэн амьдралаа ганц өөрийнхөө бус бусдын төлөө зүтгэхэд зориулахаар шийдсэн байна.
Тэрээр ярихдаа, “Би бизнесийн ухааны магистрын зэрэгтэй. Эрх зүйч мэргэжилтэй. Гурван сургууль төгссөн. Отгонтэнгэр их сургуулийн бизнесийн менежментээр, Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, АНУ-д олон улсын бизнесийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Тасралтгүй 21 жил сурчээ.
БИЕИЙН МИНЬ БАРУУН ХЭСЭГ 70 ХУВИЙН ТҮЛЭГДЭЛТЭЙ БАЙСАН
Амьдралын бүх үйл явдал санаснаар болж, төлөвлөгөөгөөр явдаггүйг би Америкт байх сүүлчийн хугацаандаа мэдэрсэн юм. Монгол руугаа буцах гэж байсан өдрийн өмнөхөн энэ аймшигт осол болсон. Би чинь залуу хүн шүү дээ. Маш их зүйлийг сураад, мэдчихлээ гээд, өөрийгөө монголд маш хэрэгтэй л хүн гэж бодож байлаа. Ачаагаа бэлдэж байх хооронд гэрт гал гарсныг мэдээгүй. Хаалганы доогуур утаа маналзаад орж ирэх үед л гэнэт юу болоод байгааг ойлгосон. Гүйгээд л очиход гал гарчихсан байсан. Маш их гал… Хүн их сонин юм билээ. Эсвэл би тийм сонин юм уу, бүү мэд. Галыг унтраана гэж бодоод л гүйж орсон. Зугтаана гэж цагаа тулахаар боддоггүй юм билээ. Ингээд улаан дүрэлзсэн гал руу гүйгээд орчихсон. Тэгэхэд миний биеийн баруун тал тэр чигтээ түлэгдсэн байсан. Тэр үедээ мэдээгүй ээ. Онцгой багийнхныг ирэх үеэр л өөрийгөө харсан. Аймшигтай… Харахад маш хэцүү л байсан. Яг энэ чигээрээ үлдчихвэл яах вэ гэдэг бодол л тэр үед намайг илүү өвтгөж байсан. Эмэгтэй хүнд гоо сайхан чухал шүү дээ. Тухайн мөчид эмнэлэг рүүгээ яваад, шархаа үзүүлэхэд, өндөр зэргийн түлэгдэлтэй болох нь тогтоогдсон. Баруун хэсэг нь 70 хувийн түлэгдэлтэй байсан юм. Нүүр гар бол хүний маш чухал хэсэг. Тиймээс маш өндөр зэрэгтэй гардаг юм билээ.
СОРВИ МИНЬ МИНИЙ СУЛ БИШ ДАВУУ ТАЛ
Энэ явдлыг би аав, ээждээ ч хэлээгүй. Гадаадад сурч байсан учраас, аав ээжийнхээ санааг нь зовоохгүй л гэж боддог юм билээ. Үүн дээр бусдын төлөө гал унтраах гэж гүйж орсон гэдгээ хэлбэл ээж аав минь намайг өнөөдрийг хүртэл хүмүүжүүлж, өсгөж өгсөний ачийг хариулъя гэж бодоогүй мэт үйлдэл гаргасан болно.
Мэдээж уйлж болохгүй. Нулимс гашуун шүү дээ. Улаан зулгарсан арьсан дээр уйлна гэдэг боломжгүй. Шүдээ зуугаад тэсээд гарч байсан. Үрэгчээр арьсаа үрдэг юм билээ. Учир нь шинэ арьс ургахдаа толигор, гоё ургана гээд. Өөрийнхөө төлөө энэ өвдөлтийг тэвчих тийм хэцүү биш. Тухайн мөчид хамгийн их бодож байсан зүйл бол ийм зүйлийг даваад гарчихвал боллоо. Үүний ард намайг юу ч гайхшруулахгүй. Юу ч болж байсан даваад гарах юм байна гэдэг итгэлийг өөртөө олж авч байсан.
Тэр хүнд үед эргэн тойрныхоо бүх хүний хайр халамжийг мэдэрсэн. Одоо ч гэсэн талархаж явдаг. Нөхрийнхөө, тухайн үед найз залуу л байсан. Түүний хамгийн сайн сайхан чанаруудыг тэнд олж харсан. Тийм царай төрхтэй хүнийг хараад суух хэцүү. Яг тийм нөхцөлд хараад л сууж байсан. Хоолыг минь хийгээд, өмнөөс минь гүйгээд л, боолтыг минь сольж өгөөд, хууларсан арьсыг маань хаях… Дотор муухай оргим л харагддаг юм билээ. Өөрөө харахад тэгж л харагдаж байсан. Яаж тэссэн юм бол оо гэж боддог. Тийм муухай, хэцүү үед минь хамт байсан учраас одоо надад ямар ч сайхан зүйл тохиосон бид бие биедээ хуваалцах эрхтэй. Яг миний нүүр хүзүү биений хэсэг бол харьцангуй сайн эдгэрсэн. Гар маань хүнд зэргийн түлэгдэлттэй байсан учраас таталдаад сорвитой эдгэрсэн. Хүмүүс аливаа сорви, дутагдлаасаа ичиж нуудаг. Эсвэл түүнийгээ сул тал гэж боддог. Гэтэл би үүнийг харах болгондоо тийм зүйл давж гарсан. Миний бахархал гэж хардаг. Өөртөө маш том бахархал бий болгосон байх гэж боддог.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ АМЬД БАЙХ
Хүн тийм том зүйлийн ард гарахаараа боддог юм билээ. Амьдралын утга учир юу юм. Аз жаргалтай, мөнгөтэй, баян тансаг амьдрах юм уу. Эсвэл эрх мэдэл чухал уу. Амьдралын утга учир бол ерөөсөө л амьд байх. Зүүний үзүүр дээр тогтох будааны ширхэг шиг энэ амьдралыг олчихоод, амьдарсан шиг амьдарна гэдэг маш том зүйл. Би бусдын төлөө явж чадах юм байна гэдгээ ойлгосон. Өнөөдөр хүн гэдэг амьтан амь амиа л боддог. Би л сайхан байвал, миний гэр бүл л сайхан байвал л гэж боддог. Хамтаараа сайхан амьдаръя гэвэл нэг нь нийтийн төлөө. Нийт нь нэгний төлөө байх явдал. Тэгэхээр амь амиа биш. Хамтдаа нэгнээ хүндэлье, хайрлая. Дээрээс нь болж өгвөл дэмжье. Ялангуяа залуус нэгнээ дэмжих хэрэгтэй. Хамтаа сайхан амьдралыг бий болгоё. Энэ бол бидний оюун санаанд багтдаг ухамсар” хэмээн ярилаа.