СДМЗХ-ны долоо дахь Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагвыг сонголоо.
Тус холбооны ээлжит VII Их хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож, СДМЗХ-ны долоо дахь Ерөнхийлөгчид МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүллээ. Үүний дагуу хуралдаанд оролцож буй 500 гаруй залуусын дунд санал хураалт явуулснаар 100 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг СДМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонголоо.
СДМЗХ-г үүсгэн байгуулснаас хойш 27 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаан Ерөнхийлөгчийн удирдлага дор хоёр удаа нэрээ сольж, бүтэц болон дүрэм, үйл ажиллагаандаа өөрчлөлт, шинэчлэлийг хийж иржээ. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбооны долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Пүрэвдагва яг одоо холбооны үйл ажиллагааг цаашид хааш нь чиглүүлж, ямар арга барил, стратегийг баримталж ажиллахаа танилцуулж эхэллээ.
“Юуны өмнө надад итгэл хүлээлгэж, 27 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны нэгэн үеийн түүхийг бичих хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг хүлээлгэсэн хамт олондоо гүн талархал илэрхийлье” гээд “SDY-д гишүүнээр элсэхдээ заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй.
Харин биднийг сонгосон гишүүддээ SDY үзэл баримтлалаа тайлбарлан таниулж, боломж олгож, дэмжлэг үзүүлж ажиллана. Биднийг сонгох суурь шалтгааныг тодорхой болгож өгнө” хэмээн онцлоод СДМЗХ-г залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллага болгох алсын хараа бүхий стратеги төлөвлөгөөг танилцуулж байна.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагвын хувьд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөг гаргасан бөгөөд MNCG судалгааны байгууллага болон Стратеги академитай хамтран 18-35 насны янз бүрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй, хот, хөдөөгийн 810 залуус, SDY-ийн 100 тэргүүлэгч, гишүүдээс чанарын болон тоон судалгааг хэлбэрээр авчээ. Эдгээр судалгааны үр дүнд тулгуурлаж, SDY-ийн дараагийн дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг салбар салбарын экспертүүд, эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагуудтай хамтран боловсруулсан байна.
Судалгааны дүнд тэргүүлэх дөрвөн чиглэлд, хувь хүний болон нийгмийн дэвшилтэт хөгжилд хөтлөх нэн тэргүүний 16 зорилт бүхий Progressive, Development, Strategy /PDS/ дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлгөөг хэрэгжүүлэн ажиллах юм байна.