Бид энэ удаа Balenciaga брэндийн загварын шоунд оролцсон анхны монгол “этгээд хүн” Г.Гансүхийг онцолж ярилцлаа. Тээврийн жолооч хийн, ганзагын наймаа эрхэлж, бүр цаашлаад шивээсний салон ажиллуулж байсан түүний урлагийн карьер 50 насны босгон дээр санамсаргүй эхэлжээ.
-Ярилцах санал хүлээн авсан танд баярлалаа. Манай үзэгчдэд өөрийнхөө тухай яриач?
-Намайг Ганбатын Гансүх гэдэг. Дархан хотод амьдардаг. Европын Голландад олон жил амьдарсан. Тэндээ шивээсний салон ажиллуулдаг байсан. Түүнээс өмнө том тэрэгний жолооч байлаа. Одоо бол эх орондоо амьдарч байна. Би яагаад эх орноо санаж ирсэн гэхээр, 20 жилийн хугацаанд хэдхэн удаа ирсэн юм. Тэгэхэд ээж, эх орон, ах дүүсээ санаж, бас хүний газар иргэншлээ хасаад байж байх сонирхол надад төрөөгүй. Эх орноосоо татгалзаж чадаагүй хэрэг шүү дээ. Эх орон шиг сайхан зүйл үгүй юм билээ.
-Таныг бага хүү чинь загварын салбарт оруулсан гэх юм билээ?
-Би хоёр хүүтэй. Бага хүү минь Амстердамд хувцас загварын чиглэлээр сурдаг. 3-4 жилийн өмнө надад санал болгосон юм. “Аав аа та нэг зураг авалтад ороод өгөөч” гээд. Тэгэхэд, “Аав нь тэрийг тоохгүй ээ. Модел гэж юм санаанд буухгүй байна. Миний хүү өөрөө тэр чиглэлээрээ сайн суралц аа”, гэтэл, “Манай моделоор орох байсан Хятад найз ирж чадахгүй болсон” гээд арга мухардсан. Би ч “За за. Тэгье” гээдл зөвшөөрчихлөө. Эхэндээ их сандарч л байсан. Амстердамын том шоунд эмэгтэй хүнийх шиг хувцас өмсөөд орсон. Хувцсаа хараад жаахан сандарч л байлаа. Энэ хувцсыг би заавал өмсөх ёстой юу, үгүй юу гэж бодоод л. Гэхдээ хүүгээ, найзуудыг нь бодоод алхсан. Дээр нь өсгийт өмсүүлсэн. Тэр нь их сонин санагдсан. Тэгээд л өөртөө итгэлтэй, би үүнийг чадах ёстой гээд л алхсан даа.
ХООЛ ИДЭЭД ТАРГАЛДАГГҮЙ ТУРАНХАЙ БИЕ МИНЬ НАДАД “ТУСАЛСАН”
-Жүжигчний карьер нь мөн л загварын салбартай холбогдох юм билээ шүү дээ. Энэ талаараа яриач?
-Яг тэр үед сэтгүүлийн зурагчин хөгшин, “Танд нэг зүйл хэлж болох уу” гэснээ, “Та нэг кинонд тогловол сонин төрх харагдаад байх юм. Тийм байж болох уу” гэхэд нь санаанд буугаа ч үгүй юм. Дараа нь дэлхийн удирдагчийн дүрд тоглох кино урилга ирсэн. Би бас л сандарчихсан. Яаж дүрээ гаргах вэ, яах вэ гээд л. Тэр олон ангит кино Европын сувгаар цацагдсан байдаг юм. Өөрийгөө туранхай хэвээрээ л байх юм уу? Хоол идээд ч байдаггүй дээ гэж хэсэгтээ л их бодсон. Гэтэл энэ маань моделийн ажилд жаахан хэрэг болдог ч юм уу. Азийн яг ийм насны ийм хүн хэрэгтэй байна гээд санал тавьж байгаа. Тэрэндээ бас талархаж, жижигхэн ч гэсэн өөрийгөө хайрлаж байгаа.
-50 настай монгол модель гээд л олны анхаарлыг татсан шүү дээ. Магтаал шүүмж их байв уу?
-Хүмүүсийн бичсэн янз бүрийн сэтгэгдлийг уншсан. Тэрэн дундаас надад таалагдсан үг бол “Кимчи царайлчхаад” гэсэн. Энэ нь надад их сонирхолтой санагдсан. Одоо гоё кимчи болно оо.
МОНГОЛ ХҮН АНХ УДАА BALENCIAGA-Д АЛХЛАА ГЭЖ ӨӨРӨӨРӨӨ БАХАРХСАН
-Ингэхэд яаж яваад дэлхийн брэндийн загварын тайзан дээр алхчихав аа?
Гурван жилийн өмнө хүү дахиад л гуйсан. “Аав аа та гадаа гараад зураг авахуулаад өгөөч ээ” гээд. Ингэж алхаад ингэнэ гэж заагаад л, болохгүй байна аа гээд 5-10 удаа үзсэн. Хүмүүс гайхаад л. Тэрийг нэг Францын агентлаг руу явуулсан юм билээ. Тэгээд хариу ирсэн. Аав аа та тэнцсэнгүй. Энэ удаа би алхахаар болжээ гэж. Хүүдээ амжилт хүсээд, 2-3 хоногийн дараа лайвыг нь үзээд, “би энд нь алхах юм сан. Миний хүү алхаж байхад ямар гоё байдаг юм бэ” гээд л бодсон. Дараа нь монголдоо нэг ирчхээд байж байхад, “аав та дахиад зургаа явуулчих гээд. Тэрийг Balenciaga гэж хэлээгүй явуулсан юм билээ. Дараа нь хүү, “Аав аа та тэнцчихлээ. Би тэнцээгүй” гэж. Тэгэхэд би “еээ” гээд их баярласан. Надад бол кино шиг л юм болж байгаа юм. Тэгээд очиход, миний зураг хамгийн эхэнд байсан. Демнагийн өөрийнх нь дотнын хүн, Холливудын одод ч юм уу, урдуур алхдаг юм байна л даа.
Намайг ороход суучихсан байсан бага ястан залууг би дизайнер байна гэж ойлгосон. Намайг алхуулаад л, энэ ахын шилийг соль энэ тэр гээд их нарийн ажиллаж байсан. Үсний засалтыг бол цаг гаруй хийсэн. Зүгээр л гельдчихнэ биз. Гэтэл хоёр жилийн өмнөх тэр зургийг яг байгаагаар нь авах ёстой гээд бараг 40 минут зогссон. Тэр Демна таны нүүр царайнд зориулж хувцасны дизайныг хоёр жил бодож гаргасан гээд хэлсэн. Загварын ертөнц гэдэг их л нарийн сонин байдаг юм билээ. Миний насны хүн байхгүй шүү дээ тэнд. Дараа нь тэр хувцсаа өмсөөд Шанхайд очиж алхадаа бодож байсан юм. Монгол хүн анх удаа Balenciaga-д алхлаа гэж.
-Таны карьер цаашаа үргэлжлэх бол уу?
-Үргэлжилнэ гэж итгэж байгаа. Удахгүй гадагшаа явах гэж байгаа.
МОНГОЛД ИЙМ ГОЁ КИНО ХИЙДЭГ ГЭДГИЙГ УДАХГҮЙ МАНАЙ БАГИЙНХАН ХАРУУЛНА
-Монголдоо ирээд аймшгийн киноны гол дүрийг бүтээсэн тухайгаа яриач? Сэтгэгдэл хэр байна вэ?
-Dark secret гэх кинонд тоглосон. Урд нь кинонд оролцож байсан ч монголдоо ирээд анхны аймшгийн кинонд уригдсанд сэтгэл их өндөр байгаа. Кино багийнхан минь энэ дүрд намайг тохирно гэж урьсан болохоор дүрээ гаргах гэж их хичээсэн. Ямар эвгүй байдаг юм бэ. Хүн рүү хүч хэрэглэж дайрах, тэр мэдрэмжийг авчихаад хүсмээргүй зүйл юм байна гэж бодсон. Гэхдээ кино учраас их л гоё. Энэ кинон дээрх хамгийн сонирхолтой нь бид шөнө зургаа авсан. Залуус маань дор бүрнээ уйгагүй ажиллаж их сайхан кино бүтээсэн. Монголд ийм гоё кино хийдэг гэдгийг удахгүй харуулна. Кино урлагийн салбарт ажилласандаа баяртай байна. Багийнхандаа баярлалаа. Бас манай киног үзээрэй.
Б.Аззаяа