Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч “мөрөөдлийн баг”-т харьяалагдах хэд хэдэн хүн олон нийтийн анхаарлыг татлаа. Сонгуульд нэр дэвшсэн 45 хүн дотор дуучин, хөтлөгч, лайвчид багтсан нь тоон дотор үсэг “цохиж” байгаа хэрэг мөн. Эдгээр “үсэг”-нүүдийг Т.Батцогт дарга урьж залж, цуглуулжээ. Өнгөрсөн зургаадугаар сард бид хууль тогтоох дээд эрх мэдлийг хадгалдаг УИХ-д төлөөллөө гаргаж, Иргэн Батаа, Доржоог төлөөлөн хууль санаачлах, хууль боловсруулах, хууль батлах хүмүүсээ сонгосон.
Харин одоо бидний амьдарч байгаа нийслэл, дүүрэг, аймаг, сумдад миний болоод таны өмнөөс шийдвэр гаргаж хүрээлэн буй орчны маань өнгө төрхийг тодорхойлох, өдөр тутмын амьдралыг авч явах, төлөвлөж, төсөв мөнгөө зарцуулах төлөөлөгчдийг сонгох юм. УИХ-ын сонгуулиас үл дутах хариуцлага өндөр эл сонгуульд АН “Би чадна” уриатай мөрөөдлийн багийнхныг нэр дэвшүүлж, багтаа авсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, инээдийг хүргээд байна.
“Аймшигтай алдарт” Д.Мөнх-Эрдэнэ
Түүний булайг тоочвол өнөөдөржин сууж таарах тул нэг хэсгийг нь л ярья. Консул асан Д.Мөнх-Эрдэнэ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тооцож 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ял авч байсныг сануулъя. Сонгуулийн тухай хуульд авлига албан тушаалын хэрэгтэй холбогдсон бол нэр дэвшихгүй гэсэн утга бүхий заалт бий. Гэвч тэр яагаад нэр дэвших болов. Өдөр бүр шахуу лайв хийдэг сошиалын элийрэгч түүний бүдүүлэг авир, ёс суртахуунгүй бусармаг үйлдлийг олон нийт сайн мэднэ. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буйг нь гайхаж, эгдүүцэж хүлээн авсан юм.
“Чарлаа” О.Отгонтөгс
Тэр бол жагсаал цуглаан болгон дээр очиж, үнэнийг ярьж буй нэрийн доор өөрийн болхи үзэл бодлоо түмэнд түгээж, танхайрч байж хэдэн дагагч, лайк олж “долоосон” лайвчин. Түүнд оролцохгүй асуудал гэж үгүй. Хэвлэлийн бага хурал зарлаж хэнээрхэхээс өөр гавьяагүй уг хүн иргэдийг төлөөлж, ширээнд суух нь зохимжтой явдал биш гэж иргэд үзэж байна.
Тэрээр чарлаа гэдгээ ч хүлээн зөвшөөрч ярихдаа, “ Дандаа гудамжнаас орилох нэг өөр. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам иргэдээс нэр дэвшүүлж байгааг сайшааж, оролцоод үзвэл яадаг юм гэсэн бодолтойгоор сонголтоо хийгээд байна. Эрх баригчид зөвхөн бродюрыг 40 тэрбум төгрөгөөр сольж байгаа нэртэй идэж байна шүү дээ. Гудамжинд орилоод асуудал шийдэгддэггүй юм байна. Тиймээс энэ удаад өөрийн амьдардаг Баянзүрх дүүргээс нэр дэвших байх. Юуг нь нуух вэ. Ардчилсан нам намайг өөрсдөө урьсан” гэж ярьжээ. Тэмцэгч иргэний дүрээр олон танигдсан түүний эзэмшсэн боловсрол, мэргэжлийг эрээд олсонгүй.
Татарын Мөөгий буюу нэр дэвшигч Д.Мөнхчулуун
Тогтвортой хөгжлийн нэг хэсэг нь дуучин нь дуучныхаа замаар, бөх нь бөхийнхөө жимээр урагшлах явдал юм билээ. Энэ нь мэдээж өөр салбарт хүч сорьж болохгүй гэсэн үг биш ч ард түмнийг төлөөлөх хариуцлагатай алба тоглоом биш гэсэн үг. Гэсэн ч дэвших эрхээ авсан тэрээр 1984 онд төрсөн. 1991-2001 Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль төгссөн. Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Д.Мөнхчулуун 2016 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн байдаг. Түүнийг нэр дэвших болсныг мөн л олон нийт сайшаасангүй.
Залилуулагч Э.Энхзориг
Хар сарнай хамтлагийн Амраад луйвардуулчихлаа гээд шуугиж явсан тэр төд удалгүй уучлал хүссэн мэдэгдэл хийж байсан удаатай. Үндэсний телевизийн реалити шоуны хөтлөгчөөр нүдэнд хоногшсон тэр удалгүй мөн л талбай дээр попорч, ямар заргач хүн гэдгээ харуулж байсан юм. Төгссөн сургууль, эрдмийн зэрэг нь тодорхойгүй эл эрхэм сэтгүүлч мэргэжилтэй гэх. Тэрээр нэр дэвших болсонтойгоо холбоотой мэдэгдэл хийхдээ, “Энхзориг сайн хүн байна билээ. Би дэмжиж байгаа гэж хэлүүлэхийн тулд ганц төгрөг ч зарлагадахгүй. Намайг дэмжих хүмүүс байгаа бол тэд үнэ хөлсгүй, цэвэр өөрийнхөө үзэл бодлоор дэмжиж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хариуд нь би нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж шахаж шаардаж ирсэн замаасаа гажихгүй явж чадна. Надад байгаа үнэн ердөө л энэ” гэжээ. Ямартай ч олон нийт түүний нэр дэвших болсныг таашаасангүй.