Хоёрхон настай бяцхан хүү А.Баргуудай өнөөдрийг хүртэл зургаан хагалгаа, 20 гаруй химийн эмчилгээний ард гарч, жижигхэн биедээ багтамгүй тэсвэр тэвчээр, хүч гаргажээ. Цагаан эсийн хорт хавдартай болох нь оношлогдож, хоёр жилийн турш эмчилгээ хийлгэн тэмцсэн ч бүх зүйл санаснаар болсонгүй. Сүүлийн шинжилгээний хариунаас хавдар нь яс руугаа тархсаныг мэдсэн залуу гэр бүл хүүгээ гадаадад эмчлүүлэхээр шийджээ. Харин одоо хүү монголдоо дахин хагалгаанд орж, хавиргаа авахуулсны дараа гадаадын эмнэлгийг зорих юм.
ХАНДИВЫН ДАНС: 3050002230 ГОЛОМТ БАНК
ДАНС ЭЗЭМШИГЧ: Б.НОМИНЗУЛ /ХҮҮГИЙН ЭЭЖ/
Энэ талаар хүүгийн ээж Б.Номинзул ярихдаа, “Уг нь бид хоёр хүүгээ эдгэрч байгаа гэж бодоод их баяр, хөөртэй байсан юм. Гэтэл сүүлийн шинжилгээний хариу бидний айдаст автууллаа. Хавдар яс руугаа үсэрхийлчихсэн гэх муу мэдээг бид сонссон. Тун удахгүй монголдоо хагалгаанд орно. Ингээд л монголд хийх эмчилгээ дуусч байгаа юм. Туяан эмчилгээ хийлгэх ёстой ч дөрвөн наснаас дээш хүүхдэд хийдэг учраас боломжгүй гээд гадагшаа эмчилгээ хайж байгаа.
Манай хүү 2022 оны долоодугаар сарын 25-нд төрсөн. Төрөхдөө л эрүүл мэндийн асуудалтай төрсөн юм. Анх хүзүүн дээрх булчирхай нь томроод, булчирхайн хагалгаанд орсон. Зарим тохиолдолд хүүхдүүдийн булчирхай цоччихдог гээд сар болгон эмчийн хяналтад явдаг байсан. Удалгүй хүүгийн минь цавин дээрх булчирхай томорч, хөхөрсөн. Ингээд хагалгаанд орох шаардлагатай юм байна гэж үзээд, дахиад л орсон. Булчирхайг нь бид эдийн шинжилгээнд өгсөн юм. Маш олон булчирхай томорсон болохыг мэдсэн. Хүү минь LCH буюу 200 мянган хүүхэд тутамд нэг тохиолддог ховор өвчтэй болох нь тогтоогдсон. Химийн эмчилгээг нь таван сартайгаас нь эхэлж хийгээд, 16 гаруй химийн эмчилгээний дараа 2023 оны 12 сард дахиад PET шинжилгээ өгсөн. Энэ нь CT MRI шиг мөртөө илүү нарийвчлалтай гаргадаг.
Монголоос ихэвчлэн Энэтхэг рүү явж эмчлүүлдэг юм билээ. Эмчилгээний зардал нь багадаа 150 сая болдог гэсэн. Мэргэжилтнүүд бидэнд зөвлөхдөө зардал их гарахыг л хэлсэн. Эмнэлгээс бичиг ирүүлээд төлбөрийг нь хэлдэг. Ингээд зардлаа тооцоод очихоор жижиг сажиг зардал их гардаг шүү гэж зөвлөсөн. Хүү минь одоо дахиад хавирганы хагалгаанд орно. Хавиргаа авахуулна. Тэр хагалгааных нь эд, таван сартай байхдаа хагалгаанд орсон эдийг нь аваачиж, шинжлүүлсэний дараа эмчилгээ тодорхой болох юм билээ. Манай гэр бүл хоёр жилийн хугацаанд өөрсдөө болгоё гээд зүтгэсэн ч бүх зүйл санаснаар болсонгүй. Эх хүний хувьд хүүгээ эдгэрнэ гэх бүрэн дүүрэн итгэл байгаа ч, айдас төрж байна. Миний хүүд, манай гэр бүлд туслаач гэж хүсье” гэлээ.
Хүүгийн аав, ээж эмчилгээний зардлаа гаргахын тулд Санзайд байрлах 0.7 га талбайтай, 100мк байшингаа 180 сая төгрөгөөр зарах гэж байна. Уншигч та дэлгэрэнгүй мэдээллийг 89015475 дугаартай холбогдож аваарай.