Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.26-09.01/ нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 6 хүн нас барсан байна. Нийт дуудлагын 31 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь ус цаг уурын гаралтай осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Тухайлбал Хэнтий аймаг, Биндэр сумын “Онон” голын усанд таван настай хүүхэд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Хөвсгөл аймаг, Тариалан сум Ар тархи баг “Цогтын үүр” гэдэг газар 19 настай иргэн энэ сарын 30-ны өдөр хониндоо яваад одоог хүртэл сураггүй алга болсон тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй нь хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ОБЕГ