Тамирчны гавьяа дасгалжуулагчийн хичээл зүтгэлээр бий болдог. Тэгвэл бид энэ удаа паралимпын наадмаас алдан медаль “шүүрсэн” таеквондогийн тамирчин У.Сүрэнжавын багш Н.Эрдэнэбаатарыг онцолж байна.
Таеквондогийн төрлөөр маш богино хугацаанд олон арван амжилт гаргаж байгаа монгол тамирчдын ард Пара таэквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарын хүч чармайлт их бий. Тэрээр найман настайгаасаа эхлэн таеквондогоор хичээллэж эхэлсэн байна. Энэ талаараа нэгэн ярилцлагад дурдахдаа, “Анх үнэндээ зуслан явахын тулд таеквондоогоор хичээллэх болсон юм. Учир нь, таеквондогийн тамирчид зун болгон зуны цугларалтад гардаг байсан. Хичээллэснээс хойш гаднын тэмцээн уралдаанд оролцож, Европын тэмцээнээс хүрэл медаль авсан” гэж ярьжээ.
“БАГШГҮЙ БИЕ ДААЖ ХИЧЭЭЛЛЭХЭЭР ТАМИРЧНЫ БЭЛТГЭЛ, АМЖИЛТ НЬ ГАЦЧИХДАГ”
2007 онд Холбооны шигшээ багийг байгуулахад олимпын эрхийн төлөө дөрвөн жил зөвхөн спортдоо анхаарч, бусад зүйлийг хаяж үзсэн тэр Өмнөд Солонгост хувийн зардлаар очиж бэлтгэл хийдэг байжээ. Амьдралынхаа дийлэнх хугацааг таеквондод зориулах болсон түүний тамирчны карьер өндөрлөж, дасгалжуулагчаар ажиллах болсон шалтгаан нь бие дааж хичээллэх явдал болсон байна. Тэрээр энэ тухай ярихдаа, “Ер нь багшгүй бие дааж хичээллэхээр тамирчны бэлтгэл, амжилт нь гацчихдаг юм билээ. Өөрийнхөө алдааг харж чадахаа ч больчихдог. Тэгж явсаар тамирчныхаа карьерыг өндөрлүүлэх тийшээ хандсан. Тэгж явтал шигшээ багийг байгуулж дасгалжуулагчаар нь ажиллахаар болсон” гэж хуучилжээ.
30 жилийн хугацаанд таеквондогийн спортод сэтгэл, зүтгэлээ зориулсан тэр 1996 онд анхны тэмцээндээ орж байсан түүхтэй. МК клубын нэрэмжит тэрхүү тэмцээнээс анхны хүрэл медалиа хүртсэн. Энэ нь спортдоо дурлах, илүү ихийг зориулах шалтгаан болжээ. Улмаар 1998 онд Арслан клубт харьяалагдаж, анхны олон улсын тэмцээн болох 2002 оны Белги улсын нээлтэй тэмцээнд өрсөлдөн удаах хүрэл медалиа хүртжээ. Ингэж явсаар УАШТ-ий 12 удаагийн аварга болсон түүхтэй юм.
Тэрээр 2007, 2009, 2011 оны ДАШТ, 2008, 2010 оны ААШТ-нд амжилттай оролцож, 2009 оны зүүн азийн наадмын таеквондогийн төрлөөр анхны мөнгөн медаль хүртэж явсан гавьяатай.
Улмаар 2011 оны дөрөвдүгээр сард “Олимп таеквондо” клубыг хамтран нээсэн юм. 2013 оноос үндэсний шигшээ багийн анхны багшаар ажиллах хариуцлагатай үүргийг хүлээн авсан байна. Тэрээр тамирчин байхдаа Солонгос улсад хамт бэлтгэл хийдэг байсан шигшээ багийн тамирчин Хо Ин Ёнд санал тавьж, 2013 оноос хамтран ажиллахаар болжээ. Ингээд Монгол Улсад түүхэн амжилт үзүүлэх түүх бүтээх зорилго өвөртлөн зүтгэсээр амжилттай ажилласан юм.
- Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар 2014 оноос олон улсын шүүгч болж,
- 2015,2017,2019 оны насанд хүрэгчдын ДАШТ,
- 2016, 2018 оны залуучуудын ДАШТ
- 2015, 2017, 2019 оны өсвөрийн ДАШТ
- 2016, 2018 оны ААШТ зэрэг олон улсын 30 гаруй тэмцээнд шүүгчээр ажиллажээ.