Парис 2024 паралимпын наадмын пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Монголын шигшээ багийн тамирчин Цэгмидийн Баттулга мөнгөн медаль хүртэж түүх бүтээлээ. Өөрөөр хэлбэл тамирчин Ц.Баттулга паралимпын хөнгөн атлетикийн төрлөөр медаль авсан анхны монгол хүн болж буй юм.
F40 ангиллын бөөрөнцөг шидэлтийн төрөлд есөн тамирчин оролцсоноос Ц.Баттулга 11.09 метр түлхэн амжилт гаргалаа. Ийнхүү Монголын баг энэ удаагийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 22 дугаар байрт бичигдэж байна.
Өдгөө 33 настай Ц.Баттулга 2022 оны Азийн наадмаас хүрэл медаль авсан бөгөөд 2015, 2024 оны ДАШТ-д наймдугаар байр эзэлж байв. Тодруулбал тамирчин Ц.Баттулга өнгөрсөн жил болсон “Ханжоу-2024” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэрээр Бээжингийн гранпри болон Бүх Оросын алтан медальтай тамирчин билээ.
Түүний зургаан оролдлогын шидсэн зайнуудыг танилцуулбал:
- 9.61
- 9.72
- 10.30
- 10.48
- 11.09
- х (Оролдлогыг тооцоогүй)
Уг ангилалд Португалын тамирчин Мигел Монтэйро 11.21 метр түлхэж амжилтаар аваргалсан бол Иракийн тамирчин 11.03 метр түлхэж хүрэл медаль хүртсэн. F40 ангилалд биеийн богино үе мөчтэй тамирчид оролцдог онцлогтой.
Монголчуудын паралимпын наадмын амжилтуудаас дурдвал:
- Бээжин-2008 | Байт харваа
Д.Баатаржав – Алт
- Рио-2016 | Жүдо бөх
Б.Ууганхүү – Хүрэл
- Рио-2016 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ – Хүрэл
- Токио-2020 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ – Алт
- Парис-2024 | Таэквондо
У.Сүрэнжав – Алт
- Парис-2024 | Таэквондо
Г.Болор-Эрдэнэ – Мөнгө
- Парис-2024 | Бөөрөнцөг түлхэлт
Ц.Баттулга – Мөнгө
Б.Аззаяа