Шинэ өргөө хотхоны тоглоомын талбай руу машинтайгаа дайрч ороод тоголж байсан дөрвөн хүүхдийг гэмтээсэн ноцтой осол энэ сарын 28-нд гарлаа. Хүүхдүүдийн хоёр нь ГССҮТ-д хэвтсэн байна. Бид ГССҮТ болон ЦЕГ-аас асуудлын талаар тодруулах гэж оролдсон боловч өвчтөний хувийн мэдээлэл задруулах, хэрэг шалгалтын явцыг мэдээлэх боломжгүй талаар хэллээ.
ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ ГЭВ
Ослын талаар Шинэ өргөө хотхоны хамгаалалтын ажилтан дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрээр, “Осол гаргасан жолоочийн тухайд согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тоглоомын талбайн зэрэгцээ байрлах зогсоолоос хөдөлсөн юм билээ. Бид сүүлд тоглоомын талбайн унасан эд зүйлсийг янзлах гэж иртэл хүүхдүүдийг эмнэлэг аваад явчихсан. Цагдаа нар хэмжилтээ хийчихсэн байсан. Нэлээн зузаан төмөр шон тас мөргөсөн байна билээ. Гагнаас нь сайн салаагүй унжсан байсныг бид салгаж хураасан юм. Тоглоомын талбайн стандартын тухайд асуудал байгаагүй. Зузаан бөх төмрөөр хийсэн, өндөр хашаатай. Хүүхэд дотор нь байхад аюулгүй байдал бүрэн хангагдсан тоглоомын талбай гэж үздэг. Зөөлөн орж ирсэн машинд бол хэр бараг тасрахааргүй төмөр. Жолооч нь гэртээ амарч байгаад гарч ирсэн хүн юм билээ” гэв.
Харин хорооллын оршин суугч ярихдаа, “Миний мэдэхээр машин доор нэг хүүхэд орсон. Чанга чимээ гарахаар нь цонхоор хартал осол гарчихсан байсан. Залуус осол болсон газар олноороо гүйж очоод машиныг өргөж доороос нь нэг хүүхдийг гаргасан. Нэг эмэгтэй “Миний хүү” гээд машины дэргэд сөгдөөд орилж байсан болохоор нэг хүүхэд осолджээ гэж бодсон юм. Яг хэдэн хүүхэд осолдсоныг би мэдэхгүй байна. Машинаа барихдаа гар утас битгий үзээрэй гэж хүмүүст анхааруулмаар байна. Осол гаргасан хүний машины тормоз эвдэрсэн гэх яриа бий. Энэ мэт асуудлаа эртхэн засаж янзалсан байх хэрэгтэй шүү дээ. Олон зуун хүний амь нас, эрүүл мэнд яригдах чухал асуудал учраас жолоочид сонор сэрэмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.
“ОСОЛ БОЛСОН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ УЛАМ САЙЖРУУЛНА”
Шинэ өргөө хорооллын тоглоомын талбай руу орсон приус маркийн машин дөрвөн хүүхэд мөргөсөн гэх мэдээллийг ЦЕГ-аас өгч буй. Машин хашлагыг мөргөж нураагаад, гулсуурыг хэмхэлж, нөгөө талын хашлагыг хонхойтол мөргөсөн байгаа юм.
Бид Шинэ өргөө хотхоны СӨХ-ноос тодруулга авах гэж оролдсон ч татгалзлаа. Учир нь цагдаагийн байгууллагаас мэдээлэл битгий өг гэх сануулга өгсөн тухай хэлж байна. СӨХ-ны зүгээс осол гарсан талбайг сайжруулах, нэмэлт хамгаалалт хийх гэж байгаа талаараа бидэнд хэллээ.