Бид энэ удаа 12 настай худалдааны зөвлөх Х.Будмаа охиныг онцоллоо. Говь-Алтай аймгаас ажил хийхээр зуны амралтаараа хотод ирсэн тэр хөдөлмөрийн үр шимийг хүртэж, мэдрээд хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Х.Будмаа охин ажил хийж олсон мөнгөөрөө хичээлийн хэрэгслээ бэлдэхийн хажуугаар 12 дугаар ангийн эгчдээ элсэлтийн шалгалтад бэлдэх ном авч өгөх тухайгаа хэлж, үлдсэн мөнгөө хадгалуулахаар шийдсэн талаараа ярилаа.
Тэрээр, “Намайг Хатанбаатарын Будмаа гэдэг. Одоо долоодугаар ангид орно. Би хоёр жилийн өмнөөс ажил хийж эхэлсэн. Манай эгч нар ажил хийх гоё гээд байхаар нь өөрийн биеэр туршиж үзмээр санагдсан юм. Хүн ажил хийгээд өөрийнхөө олсон мөнгөөр юм аа цуглуулах маш гоё юм билээ. Нэг хүнд анх дээл өмсгөж байсан юм. Тэгэхэд тэр хүн их баярлаад, “Чи ямар гоё тусч охин бэ. Өөрөө ажил хийгээд мөнгө олж байгаа чинь сэтгэлд хүрлээ” гээд дээл худалдан авч байсан. Тэр их гоё мэдрэмж төрүүлж, надад урам өгсөн. Ажил хийхийн тулд хамгийн чухал нь харилцаа байдаг юм билээ шүү дээ. Хүнд муухай үг хэлж, таагүй ааш гаргаж болдоггүй. Харилцаа л их чухал.
ХАДГАЛСАН МӨНГӨНӨӨСӨӨ ЭГЧДЭЭ НОМ АВЧ ӨГНӨ
Миний хувьд өглөө 10 цагийн үед ажилдаа ирдэг. Ирээд дэлгүүрээ цэвэрлээд, дээлээ размераар нь ялгаж өлгөөд, тоог нь гаргаж, маникенуудаа арчиж зүлгэнэ. Наадмын үеэр их ачаалалтай байсан болохоор ядарсан. Бусад үед нэг их ядардаггүй. Ажиллаж олсон мөнгөөрөө хичээлийн хэрэгслээ бэлдээд, үлдсэн мөнгөө аав ээж хоёртоо хадгалуулна даа.
Намайг жаахнаасаа ажил хийлээ гээд аав ээж, ах эгч нар их магтдаг. Бас маш их баярладаг. “Хичээлийнхээ хэрэгслийг өөрөө бэлдчихлээ. Миний охин мундаг шүү” гээд л. Манай эгч одоо 12 дугаар ангид орох гэж байгаа. Тийм болохоор ЭЕШ-ад нь туслах хэрэгтэй байгаа юм аа. Шалгалтдаа бэлдэхийн тулд маш их ном авах хэрэгтэй гэсэн. Би өөрийнхөө мөнгийг л өгнө дөө л гэж бодож байна.
Манай найзууд бас намайг их магтдаг “Чи ёстой мундаг шүү. Биднээс онцгойрсон хүүхэд шүү” л гэдэг. “Ажил хийгээд л, өөрийнхөө хэрэглээг өөрөө бэлдээд л, аав ээж хоёр намайг чамтай харьцуулдаг” гээд л ярина. Хамгийн түрүүнд жижиг ч бай, том ч бай ажлыг сайн гүйцэтгэлтэй хийх нь маш чухал юм билээ. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй хэрнэ, хүний хийж байгаа ажлыг үнэлж чаддаггүй хүмүүст би маш дургүй. Тийм хүмүүс ирээдүйд жаахан “сонин” амьдрах байх аа.
ЦАЛИНГААРАА ЧАМИГИЙН БРЭНДЭЭС ШОРТ АВСАН. МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА
Сая миний цалин буугаад, Cami-тай уулзаад, дэлгүүрээс худалдан авалт хийсэн. Тэгээд бас шорт авсан. Маш гоё байгаа. Би Cami-гийн хөдөлмөрч занг нь үнэлж, бахархдаг. Cami одоо 19 настай. Өөрийн гэсэн брэндтэй. Маш олон шүтэн бишрэгчидтэй. Тийм болохоор хөдөлмөрөөр нь бахархдаг.
Би ирээдүйд тамирчин болно гэж боддог. Өөрийнхөө хүүхдийг ч гэсэн тамирчин болгоно гэж бодож байгаа. Яагаад гэвэл байнга эрч хүчтэй, эерэг, өөдрөг байдаг юм. Тамирчин болчхоод эхлээд аав ээж хоёртоо байр авч өгнө. Дараа нь эгчийгээ гадаад явуулна. Би өөрөө аниагийнхаа араас гадаад явдаг л байгаа даа. Тэгээд л хэдэн жилийн дараа аав, ээж, дүүгээ татна.
Сүүлд нь сурагч хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Аав ээжүүддээ ч гэсэн хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Чадахаараа ажил хийгээд, өөрөө биеэ даачихвал амар юм билээ шүү” гэлээ.