ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байранд 300 оюутан амьдардаг. Хааш хааш тав алхах зайтай умгар өрөөнд дөрвөн оюутан арай гэж багтан амьдрахдаа жилд гурван сая 500 мянган төгрөг төлдөг байна. Тэд амьдрах орчин муу байгаа нь суралцах явцад сөргөөр нөлөөлнө гээд өөрсдөөсөө мөнгө гарган засвар хийхээр болжээ. Эрдэм өвөртлөхөөр их хотоо зорин ирсэн орон нутгийн оюутнууд амьдрах байраа хараад цочирдож гайхсан талаараа хуваалцлаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү
Өчигдөр цахим сүлжээнд байрны дотоод асуудал, нөхцөл байдлын талаар видео цацагдаж олон нийтийн анхаарлыг татсан. Бид дотуур байрыг хариуцсан ажилтнаас тодруулахад, хоёр давхарт 2-3 өрөөний засвар хийж байгаа. Ихэнх өрөө нь тав тухтай гэх мэдээллийг өгсөн. Гэвч бодит байдал дээр ихэнх өрөө бичлэг дээрх шиг ундуй сундуй байхын дээр, санхүүгийн хувьд арай боломжтой оюутнууд хичээлдээ явах бус байрны засварын ажилдаа ханцуй шамлан оржээ. Оюутнууд байрны түрээс нэмэгдсэнг хэлж, угтах орчин улам доройтсоныг онцолсон юм.
Оюутнууд:
- Манай өрөөнд дөрвөн хүүхэд байгаа. Дандаа нэгдүгээр курсын оюутнууд. Би Дарханаас, нэг нь Эрдэнэтээс, нөгөө хоёр нь Өвөрхангайгаас ирсэн. Арай ч ийм байна гэж бодоогүй. Засвар хийнэ дээ. Ядаж хулдаас нь гайгүй байсан бол өнөөдөр хичээлдээ явах байлаа.
- Манай өрөө тийм ч гоё биш ээ. Яваандаа засвар хийнэ. Одоогоор боломжгүй байгаа. Авч байгаа түрээсийн мөнгөний хэмжээнд арай хүрэхгүй болов уу гэж боддог.
- Ойролцоогоор нэг хүүхдээс 170-180 төгрөг гаргаж засварлахаар тооцоолсон. Жилийн түрээс 835 мянган төгрөг. Нэмээд барьцааны 30 мянган төгрөг авдаг. Аймшгийн болсон өрөөнөөс юу алдана гээд барьцаа мөнгө авдгийг нь ойлгоогүй.
Бид үргэлжлүүлэн ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрны эрхлэгч О.Мягмараас асуудлын тухай тодрууллаа.
Тэрээр, Бичлэг тавьсан хүүхдийн аав нь өрөөний обойны өнгө нь жаахан бараан юм байна аа гээд хуулсан. Өөр зүйлгүй. Энэ жил нэг давхрынхаа өрөөг аятайхан хулдааслаад засаж янзалсан байгаа. Манайх төрийн өмчит байгууллага гэж явдаг мөртөө төрөөс санхүүжилт авдаггүй. Байранд 300 оюутан бүтэн авлаа гэхэд 865 мянган төгрөгөөр тооцвол жилд 250 сая төгрөг болно. Үүгээр багш ажилчдынхаа цалинг тавьчхаад, урсгал зардалдаа зарцуулдаг. Илүү гардаггүй. Хариуцаж байгаа эрхлэгчийн хувьд энэ асуудалд би буруутай. Одоо удирдлагуудтайгаа ярилцана даа. Төсөв мөнгө нь хэцүү байдаг учраас хэцүү л байх” гэлээ.