Монгол Улс 100,000 хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, 2023 оны статистик мэдээллээр хорт хавдрын 7,244 шинэ тохиолдол, 4,556 нас баралт бүртгэгдэж, 5 нас баралт тутмын 1 нь хорт хавдрын шалтгаантай байна.
Монгол Улсын Засгийн газраас арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж байгаа ч хорт хавдар оношлогдсон иргэдийн 66 хувь нь хожуу үедээ оношлогдож, эрүүл мэндийн байгууллагууд хэт ачаалалтай ажиллаж, жил бүр өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах нөөц хүрэлцэхгүй байна.
Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш Хавдар судлалын үндэсний төвийн санхүүжилт 2019 онтой харьцуулахад 2023 онд 60 тэрбум болж, 2 дахин нэмэгдсэн ч хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй, өвчлөлийн тоо тогтмол өсөх хандлагатай, хүлээгдэл ихтэй, иргэд сэтгэл ханамжгүй байна.
Иймд манай улс өөрийн орны онцлогт тохирсон хорт хавдраас сэргийлэх, хянах үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, хавдрын эрт илрүүлэг үзлэг шинжилгээний дүнд үндэслэн, үргэлжлүүлэн оновчтой зохион байгуулах, үүнээс зонхилох байрлалын 7 хавдар болох умайн хүзүү, хөх, улаан хоолой, ходоод, бүдүүн-шулуун гэдэс, элэг, уушигны хорт хавдрыг бууруулах бодлогыг оновчтой зохион байгуулах шаардлагатай байна.
МУ-ын ЗГ-ын 2024-2028 онд хэрэгжих хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөрийн хэлэлцүүлэг 2024 оны 8 сарын 16-нд Корпорайт Нүхт Ресортод амжилттай зохион байгуулагдаж байна. ЭМЯ, НЭМҮТ зохион байгуулж оролцогчоор НЭМГ, ЭМДЕГ, ХСҮТ, УНТЭ, УХТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭЭХХЗГ-ын удирдлагууд болон холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албаны хүмүүс оролцож байна. Хэлэлцүүлэгт ЭМС зөвлөх Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны БТГ-ын дарга П.Оюунцэцэг, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан нар оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь Зонхилон тохиолдох байрлалын 7 хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор эдгээр хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, эмчилгээ, дуудах, эргэн дуудан хянах тогтолцоог бэхжүүлэх оновчтой бодлогын хувилбарыг боловсруулж, дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгах чиглэлээр хэлэлцэж байна.
Зонхилох байрлалын хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний талаарх бодлогын санал зөвлөмж гарган, хавдартай тэмцэх үндэсний төлөвлөгөөнд тусгах ажлын хэсэг нь 6 дэд ажлын хэсэгтэй бөгөөд дараах зорилтын хүрээнд ажиллаж байна.
-
Зонхилон тохиолдох байрлалын 7 хорт хавдрын урьдчилан сэргийлэх оновчтой хувилбарыг боловсруулах, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг судалж, танилцуулах;
-
Зонхилон тохиолдох байрлалын 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээг насны бүлэгт тохируулан зохион байгуулах санал боловсруулах;
-
Зонхилон тохиолдох байрлалын 7 хорт хавдрын оношилгооны техник технологийн хүртээмжийг үнэлэх, чадавхыг сайжруулах чиглэлээр санал боловсруулах;
-
Зонхилон тохиолдох байрлалын 7 хорт хавдрын оношилгооны техник технологийн хүчин чадал, хүртээмжийг үнэлэх, сайжруулах чиглэлээр санал боловсруулах;
-
Зонхилон тохиолдох байрлалын 7 хорт хавдрын оношилгоо, эмчилгээний зааврыг шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулах;
-
Зонхилон тохиолдох байрлалын 7 хорт хавдрын эмийн хүртээмжийг үнэлэх, хангамжийг сайжруулах арга хэмжээний төлөвлөлтийг гаргах;
-
Дээрх хавдрын тусламж, үйлчилгээний эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг үнэлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулахад шаардлагатай санхүүжилт, оновчтой зарцуулалтын тооцооллыг гаргах.