ЭМЯ-ны урилгаар “Орбис” Нүдний нисдэг эмнэлэг Улаанбаатар хотноо ес дэх удаагаа ирлээ. MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, Америкийн Нэгдсэн Улсад магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг.
Монголд 1989 оноос хойш дэх удаагаа ирж байгаа ба энэ байгууллага нь улс орнуудад зөвхөн ЭМЯ-ны урилгаар ирдэг. Өмнө нь Монголд эмчлэгдэх боломжгүй гэж байсан нүдний болорын цайралттай төрсөн 19 хоногтой нярайд болор засах мэс заслыг хийж байсан. Мөн 4 настай охины нүдний хоргүй хавдрыг эмчилсэн зэрэг ашгийн бус сайн сайхны төлөө, тэр дундаа бага насны хүүхдийн төлөө түлхүү үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллага юм.
Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд байрлах Нүдний нисдэг эмнэлэг энэ сарын 4-22-ны хооронд ЭХЭМҮТ, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон хөдөө орон нутагт ажиллаж буй нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер нарт сургалт явуулна.
Нүдний нисдэг эмнэлэг нь 1989 онд анх Монгол Улсад айлчилсан. Түүнээс хойш зургаан удаа давтан ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд ирсэн юм. 2015 оноос Монгол Улсын хэмжээнд хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг үзүүлдэг ЭХЭМҮТ, таван аймгийн эмнэлэгт харааны хугарлын гажиг, харааны үзлэг, хялар, мохос хараа, хүүхдийн мэс засал, ДНР-ийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой үндэсний хэмжээний, олон жилийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Хөтөлбөрийн эхний долоо хоногт ЭХЭМҮТ-д хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт, хоёр дахь долоо хоногт Нисдэг нүдний эмнэлгийн агаарын хөлөг дотор симуляторт дадлагын сургалт, сүүлийн долоо хоногт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт насанд хүрэгчдийн болор цайх өвчин, нүдний даралт, торлогийн эмгэг зэрэг өвчний сургалт явуулах юм.
Орбис олон улсын байгуудлагын дэд ерөнхийлөгч Хантер Червек хэлэхдээ, “Нисдэг нүдний эмнэлэг нь 1989 оноос хойш нийт найман удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Орбисын хойд Азийн салбар 2014 оноос урт хугацааны үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод эхлүүлж, ЭХЭМҮТ ба орон нутгийн Эрүүл мэндийн газартай хамтран хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах 5 жилийн төсөл хэрэгжүүлсэн. Хүн бүрийн анхаарах асуудал нь хүүхдийн харааны саажилт болон нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх үзлэг юм. Эдгээрийг олон улсын жишгийн дагуу Монгол Улсад төлөвшүүлэн, нутагшуулахад энэ төсөл маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Ялангуяа дутуу төрөлттэй нярай хүүхдийн харааны эмгэгээс эхлээд нүдийг нөхөн сэргээх гэх мэт мэс ажилбарыг хийх чадавх бүрдэнэ” гэв.
Орбис төв нь сүүлийн жилүүдэд Монголын 23 мянга гаруй хүүхдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 11 мянга гаруй хүүхдэд эмийн эмчилгээ, 912 хүүхдэд мэс засал хийжээ. Энэ удаа 256 эмч мэргэжилтнийг сургахаас гадна 225 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Харин Орбис ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ хэлэхдээ, “Орбис ОУБ-ын онцлог нь тухайн орны эмч эмнэлгийн мэргэжилтний чадавхыг сайжруулж, тогтолцоог сайжруулахад түлхүү анхаардаг. “Нүдний нисдэг эмнэлэг” төсөл нь нүдний эмчээс гадна мэдээгүйжүүлэгч эмч, сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэх зэрэг нүдний эмчилгээний бүхий л мэргэжилтнийг багаар нь чадавхжуулж байгаад баяртай байна” гэв.
“Орбис интернэшнл” нь Африк, Ази, Латин Америк даяар төсөл хэрэгжүүлдэг, дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой үйлчлэх нүдний эмчилгээний тогтолцоог бий болгох зорилгоор 40 гаруй жилийн турш ажиллаж буй АНУ-д төвтэй, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Б.Аззаяа