Хөрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт орчуулгын киноны жүжигчин, дуу оруулагч Б.Чинзориг буюу реппер Mo Cee-г онцоллоо. 13 мянга гаруй кинонд дуу оруулсан жүжигчин тэрээр багынхаа мөрөөдлийг биелүүлэхээр зориг шулуудан хэд хэдэн уран бүтээлээ өлгийдөн аваад буй юм.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Оройхон гараад ширүүхэн дайрч буй уран бүтээлч та өөрийгөө үзэгчдэд танилцуулаач?
–Намайг Батбаярын Чинзориг гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Тайзан дээр жүжиглэх гэхээс илүү орчуулгын кинонд олон жил зүтгэсэн байна. Маш олон кинонд дуу оруулжээ. Үндсэн ажил маань бол дуу оруулагч. Намайг ажилдаа анх орж байхад манай Дарамсүрэн ах хэлсэн юм. “Чи энэ ажлыг аятайхан сурчихвал насны хоол шүү” гэж. Гэхдээ үүнийг гүйцэт сурна, тулна гэж хэзээ ч байхгүй. Суралцаад л яваад байдаг юм.
-Монголчуудыг байлдан дагуулсан Пентхаус кинонд Жү Дантегийн дууг оруулсан юм билээ. Маш стресстэй дүр шүү дээ. Дуу оруулах ямар байсан бэ?
Бид хараад таньдаг ч гэсэн уулзаж үзээгүй, ямар хүн гэдгийг нь мэдэхгүй жүжигчдийн тоглолтыг яг тэр хүн ярьж байгаа юм шигээр дуу хоолой гаргаж, гаргаад, характераар нь тоглоно гэдэг бол маш аймшигтай зүйл. Амар ч ажил биш. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үндсэн мэргэжлээрээ ажилласаар л ирлээ.
Уг нь миний хар багын хүсэл мөрөөдөл бол дуучин болох юм. 1999 онд СУИС-ийн эстрад дуулаачийн ангид шалгалт өгсөн чинь тэр жил аваагүй. Гэтэл манай ээж, “Миний хүү жүжигчний ангид өгчих өө. Тэртээ тэргүй дууны хичээл ордог юм” гээд. Тэгээд л орсон чинь дууны хичээл нь голлохгүй шүү дээ. Ингээд жүжигчин мэргэжилтэй болсон.
-Ихэнх томчууд багынхаа нандин мөрөөдлөөс холдчихдог, бүр санахаа ч больдог юм шиг. Та гэтэл багынхаа мөрөөдлийг биелүүлэх гээд явж байна. Энэ талаараа дэлгэрүүлээч?
-Ер нь дуу уран бүтээл хийнэ гэдэг өөрийнхөө бүх зүрх сэтгэлийг зориулахгүй бол ажлын хажуугаар явна гэж байхгүй юм билээ. Би поп дуулаад л баахан явсан л даа. Яг цаанаасаа биш нь мэдрэгдээд байгаа юм. Яг л би энэ репперийг хийхгүй бол байж ядаад байсан. Ингээд 2024 он гараад л ганцаараа хийе, зүтгэе гэж шийдсэн юм. Урлагийн нэг зүйлд баярлаж явдаг. Тэр нь юу гэхээр урлагт хэзээ ч нас заадаггүй шүү дээ. Тэр нь маш гоё. Боломж хаана ч байдаг гэж хүмүүс ярьдаг. Би түүнд итгэдэг юм. Хүн өөрийгөө маш сайн сонсож мэдрэх хэрэгтэй. Би жишээ нь тайзан дээр гараад загвар өмсөж чадахгүй шүү дээ. Тэрийгээ мэдсээр байж хийх гээд байвал болохгүй. Нэг их хачин юм хийчхээд би дуу хийсэн гэж ярих эвгүй. Өөрийгөө мэдрэхгүй байна гэсэн үг. Гэхдээ би айхтар төгс зүйл хийгээгүй л дээ. Гэсэн ч би итгэлтэй байгаа.
-Анхны реп уран бүтээлийнхээ талаар яриач?
-Би багын л орцондоо дуулж, реп үглэх дуртай байсан. Бидний үеийнхэн маш сайн мэдэж байгаа. Tupac, Wu-Tang, Nass, сүүл рүүгээ 50 Cent, Eminem гээд л бий. Би үүнийгээ л хийж аз жаргалтай амьдарч байна. Үндсэн ажил маань бол байсаар байгаа. Гэхдээ миний дууг гүйцэхгүй. Дуу бол миний дотор байгаа гал, оч. Би улс төр, эсвэл хайр дуулбал хүмүүс намайг хараа ч уу, үгүй ч үү. Би чинь хэдтэй билээ. Манай монголчуудын онцгүй зүйл нь хүмүүсийг хөгшнөөр нь их гооёилж дууддаг. Энэ бол байж боломгүй зүйл.
Би домогт репперүүдийн шугамыг барьсан. Бид хип хопыг зохиогоогүй нь үнэн. Америкаас үүдэлтэй энэ тэр гээд олон зүйл ярьдаг. Миний мэдэхээр тэр улаан шугам бол, тэд эхлээд л маш “horny” дуу дуулдаг. Эмэгтэйчүүдийг их дуулдаг. Дунд нь явж байгаад өөрийгөө дуулдаг. Дараа нь би бол ийм гээд дуусдаг. Тэдний ихэнх дуу нь тийм л байдаг. Тэрийг л барьсан.
-Та өөрийгөө жаахан оройтчихлоо доо гэж бодож байна уу?
-Үгүй. Ёстой харамсдаггүй. Яг цаг нь ирсэн гэж боддог. Би маш хүнд өвчин туссан л даа. Үүнийг ярихаар уйлчих гээд сэтгэл сонин болдог юм. 2005 онд… Тэгэхэд би үндэсний телевизэд ажилладаг байлаа. Өвчнөөсөө болоод олон кинонд тоглоогүй. Хүмүүс их муухай шүү дээ. Янз бүрээр дуудна. Хагалгаанд орсны дараа дахиж муудаад л. Дахиж өвдөөд л. Сүүлдээ “Хазгар Чинзо” энэ тэр гээд намайг хочилдог болсон байсан. Энэ бүхний шийдлийг олохын тулд би Америк явсан юм. Хөлөө эмчлүүлсэн. Тэнд очоод би өөрийгөө олсон гэж боддог. Миний уг хүн их зөөлөн. Тийм мөртөө надад суучихсан буруу зүйлс их байсан. Маш онгироо, өөрөөсөө бусад руу доош хардаг. Өөрийгөө л хамгийн лаг ухаантай гэж боддог. Яг Америкт очоод ганцаараа өвчнийхөө эсрэг тэмцээд ажил хийгээд мөнгөө цуглуулаад, хагалгаанд ороод, тэр бүхнийг даван туулаад явахаар яг тэндээс тэсвэр тэвчээр, өөрийгөө хайрлах хайр гээд бүх зүйлийг олсон гэж боддог. Олон жил уулзаагүй найз нөхөд намайг хуучнаар минь л бодоод байдаг. Харин одоо хүмүүс намайг өөр болчихжээ л гээд байдаг юм. “Амьдрал хүнийг өөрчилдөг юм аа” гээд л би хэлнэ. Мэдээж би 100 хувь хүмүүст таалагдахгүй шүү дээ. Тэр надад хамаагүй сонин биш.
-Цаашдын карераа хэрхэн төсөөлж байна вэ?
-Би хэд наслахаа мэдэхгүй ч дуустлаа энэ зүйлийг хийх байх. Хийх тусам илүү сонирхолтой зүйл гарах байх. Тэрийг л хүлээж байна. Эхний дуу маань “Loser”. Ялагдагч гэсэн үг шүү дээ. Харин утга нь эсрэгээрээ юм. Та нар өнөөдөр ялагдагч биш. Над шиг өнөөдөр 40-тэй ч гэсэн дуртай юм аа хийгээд ялагч байгаач ээ гэсэн утга. Түүнд дээр бөгс энэ тэр гарах сонин биш. Хүмүүс тэгж ойлгоосой гэж хүсэж байгаа. Хүмүүсийн юу хэлэх огт хамаагүй. Чи өөртөө итгэж л байвал чиний эхлүүлсэн зорьсон болгон бүтнэ л гэсэн үг. Миний хүнд хэцүү үед хамт байсан бүх хүнд хайртай шүү. Тэр болгон баярлалаа гэж хэлдэггүй ч сэтгэлдээ үргэлж баярладаг. Бүгдэд нь амжилт хүсье. Мөрөөдлийнхөө төлөө явахад хязгаар үгүй шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Аззаяа