Агаараар биш угаараар амьсгалж, авто зам дээрээ амьдралынхаа хагасыг бардаг гаслант өдрүүд ард түмний айдас дагуулсаар хаяанд ирэх нь. Ингээд ч дуусахгүй их хотын иргэд бид цан, тэшүүрээ эртнээс базаахгүй бол засвар нэрийдлээр “мөнгө угаасан” гайхамшигт гантиган зам дээрээ халтирч гэмтэх нь тодорхой. Басхүү лаа, шүдэнзээ эртнээс базаахад гэмгүй болов уу. Цахилгаан хэрэглээгээ жил бүр хязгаарлуулж, цэнэглэгчний ногоон гэрлээ хүртэл гамнах тарчигхан өдрүүд биднийг “отож” буйг мартаж болохгүй. Энэ мэтчилэн өвлийн гэнэтийн бэлгүүд ар араасаа ундарна. Ундарсаар ч ирсэн. Уг нь УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр эдгээр асуудлыг шийдэх гарц гаргалгаа тойрог бүрээс ундран гарч хэзээ мөдгүй биелэлээ олохоо шахсан.
Нэг. Эхлүүлж ханадаггүй Эрдэнэбүрэнгийн УЦС
Эхлүүлж ханадаггүй Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил хагас зуун жил яригдсаны эцэст, саяын сонгуулийн салхинд өртөж ашиглалтад оруулах үйл ажиллагаа нь дахиад л эхэлсэн. Энэ талаар хоёрдугаар тойрогт нэр дэвшигчид ам уралдан ярьж байсан нь саяхан. Ингэхдээ эхлүүлсэн ажлын дэс дараалал, бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлтийг ярихаас илүүтэй, “Бидний мөрөөдөл биелнэ. Бид тогоо хямдхан үнээр хэрэглэнэ” гэх мэтчилэн иргэдийг чихрээр хуурсаар байв. Сонгууль дуусаад л УЦС-ын ажлын явц тэг зогсолт хийсэн үү. Ямартай ч сураг ажиг нь тасарч, иргэд ажлын талаар мэдээлэлгүй хоцрох нь тэр. Монголчууд 1990 оноос хойш нэг ч цахилгаан станц бариагүй учраас өнөөдрийн эрчим хүчний хомсдол бий болсон талаар салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Засгийн газрын урьтал болгож ярьдаг сэдэв нь цахилаан станц боловч цаасан дээрээ царцсаар өнөөдөртэй золгосны гор гарч, бид хязгаарлалтад орж, энэ жил ч цахилгаанаа хязгаарлуулах вий.
Хоёр. Гайхамшигт гантиган зам дээрээ тэшиж “үхэх үү”
Жил бүрийн хавар явган хүний замын хажуугийн хашлага сольж, хэдэн замыг хэсэгчилж хааж шинэчлэхээс өөр ажил хийдэггүй гэхэд нэг их хол зөрөхгүй. Улаанбаатарын гудамж, талбайг гантиг гөлгөр чулуун хавтангаар хийсэн нь өвөлдөө том асуудал дагуулдаг. Угтаа бол гантиг чулуун хавтангаар дулаан орнууд замаа гоёдог. Харин Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд энэ нь тохирох зүйл биш гэдгийг захын иргэн хэлдэг. Үүнээс болж хэдэн зуун хүн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч эмнэлгийн үүд сахидаг. Нийслэлд 66 мянган мкв гантиг чулуун зам байснаас жил бүр барзгар чулуун хавтангаар сольж янзалсны хүчинд одоогийн байдлаар 30 орчим мянган мкв гантиг чулуун замтай байна.
Энэ онд уг нь явган хүний замыг шинэчилж, нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзлахад 45.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Нэг ажил хийх гэж тендер зарлана, шалгаруулна зэргээр нэлээд хугацааг зарцуулдаг жишгээр гантиг чулуун замыг засахад ч мөн тендер зарлах учиртай, энэ нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, гүйцэтгэх газар нь шалгарчихвал ажлаа эхлүүлнэ гэдгийг албаныхан хэлсэн юм.
Гурав. Хорин минутын хот хэзээнээс хэрэгжих вэ
20 минутын хот ярьсаар иргэдийн итгэлийг хүлээсэн Баянголоос нэр дэвшигчдийн амлалт хэзээ биелэлээ олох талаар мэдээлэл мөн л сонгууль дуусаад сураг ажиггүй боллоо. Мэдээж гэрлийн хурдаар бүтээн байгуулалт бий болохгүй нь тодорхой ч ард түмнийг төлөөлж, итгэлийг нь олж, судсыг базсан асуудлын шийдлийг хэлж гарсан эрхэм гишүүд энэ талаар иргэдэд цаг ямагт мэдээлэл өгч амлалтдаа хүрэх шаардлагатайг сануулах нь зүй. Ингэхэд энэ бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү, эсвэл хэзээ эхлэх вэ. Ингэж явсаар ирэх сонгуулийн жилийг хүлээх болох вий гэх айдас олон нийтийн дунд байсаар байна.
Дөрөв. Метротой болох мөрөөдөл ба мангуужингийн үлгэр
Түгжрэлд боогдсон нийслэлийн иргэд метротой болохоо хүлээсээр, найдсаар удлаа. Аль Э.Бат-Үүл даргын үед, магадгүй тэрнээс ч өмнө эл мангуужингийн үлгэрт “мангастуулсаар” ирсэн хөөрхий бид сонгуулийн чихрийг дахиад үмхсэн. Их ажлыг эхлүүлэхээр зөвлөх үйлчилгээний компани шалгаруулна гээд жил тойрсон асуудал хэзээ цэгцрэх вэ. Долоодугаар сарын сүүлээр Засгийн Газраас хийсэн мэдэгдлийг харахуйд арай ч сураг ажиггүй болоогүй болтой. Эхний ээлжид Их тойруу, бага тойрууд байгаа эрх мэдлийн түгжрэлийг задлах, төрийн захиргааны төв байгууллагуудыг Богд уулын урд тал руу гаргах, улмаар шинэ Зуунмод хот руу чиглэсэн урсгалыг бий болгох агуулга бүхий өөр хоорондоо уялдаатай төслүүдийг танилцуулсан. Тодруулбал, Туул голын хурдны замыг энэ наймдугаар сард эхлүүлэхээр олон улсын тендерийг зарласан. Мөн “Go Mongolia” гүүрийг Туулын хурдны замаас эх авч барих, төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр лүү нүүлгэх замаар төвлөрлийг сааруулах ажлуудыг эхэлж буйг мэдээлсэн юм. Метроны тендерийг нийслэлийн төсвийн 100 хувийн хөрөнгөөр хийхээр зарласан. Зөвлөх үйлчилгээнд шалгарсан компани аравдугаар сарын 1-н гэхэд шорт лист үүсгэж тендерийнхээ баримт бичгийг бидэнд өгнө. Үүний дараа энэ ондоо багтаад эцсийн сонгон шалгаруулалтаа хийх аж. Энэ удаа л биднийг битгий хуураасай.
Тав. Яндан цөөлнө гэдэг үгнээсээ уйдаач!!!
Эрх баригч намын мөрийн хөтөлбөрт агаарын бохирдол буюу нүүрсний утаа бууруулах талаар тусгайлан тэмдэглэглээгүй ч өнөө л улиг болсон яндангийн тоо цөөлнө. Гэр хорооллыг орон сууцжуулна. Агаарын бохирдол бууруулах ажлыг бүх түвшинд хэрэгжүүлж, олон улсын стандарт нэвтрүүлнэ гэхээс өөр гойд зүйлгүй. Дахиж архи уухгүй гэж авгайгаа аргалдаг архинд донтогч шиг ард түмний чихэнд дахин цэцэг ургуулах шиг болов. Ямартай утааг хэдэн хувь бууруулна гэх амлалт өгөөгүй учир, төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг хянаж, шахаж, шаардах даалгавар бидэнд үлдлээ. Мөн утаагүй Улаанбаатарын өвлийг үзэх иргэдийн нууцхан мөрөөдөл биелэлээ олох болтугай. Ядаж л өвлөөс урьтаж сайн шүүлтүүртэй маскаа базаахыг уншигч танд сануулж байна.
Ингээд МАН ба АН-ын мөрийн хөтөлбөрийг уншигч танд дахин сануулъя.
МАН-ын мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж уншина уу
АН-ын мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж уншина уу
Б.Аззаяа