
Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Хэргийн улмаас ажлаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарт Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Эргэн сануулбал: Өрөг.мн сайтын хоёр ээлжийн сурвалжлах баг өнгөрсөн дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймагт ажиллаж, энэ хэргийн талаар нийтэд мэдээлсэн. Харин хэргийг үйлдсэн гэх Э, Э, Э, Б нар мэдээ цацагдсан өдрийг хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байсан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд эл хэргийг мэдээлээгүй бол хэрэг үүсгэж, шалгаж эхлэхгүй байж мэдэх байсан.
Хэргийг үйлдсэн дөрвөн албан хаагч цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан бөгөөд 23-34 насных. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан ба ял эдэлж байгаагүй. Нэг нь бүрэн дунд боловсролтой, гурав нь дээд боловсролтой. Мөн нэг нь гэр бүлтэй.
Улмаар Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.