Осолд орсноосоо хойш 20 гаруй жил Бөмбөгөр худалдааны төв орчим жин үзэж суух болсон Б.Дамбагуай одоо 73 настай. Цагтаа МУИС-ийг дүүргэж, Инженерчлэлийн эдийн засагч мэргэжлийг эзэмшжээ. Амьдралд юу эс тохиолдохыг хэн ч тааж барахгүй. Тэр зовлоо, зүдэрлээ гээд гэрийн мухар сахиж, гутарч суулгүй сэтгэлийн их хүчээр ирээдүйн амьдралаа нар шиг гэрэлтэйгээр төсөөлж, эргэн тойрныхондоо инээд бэлэглэн ажилласаар байна. Түүнтэй бид цөөн хором ярилцлаа.
Тэрээр, “Би инженер, эдийн засагч хүн. 1986 онд МУИС-ийг төгссөн. Дээрээс нь цэргийн курс төгсөж байлаа. Эндээ жин үзэж суугаад 20-иод жил болж байна даа. Одоо 73 настай. Түмний буянд гэж хэлье дээ. Өдөрт 10-15 мянган төгрөг олдог юм. Миний тэтгэвэрийн мөнгөнд нэмэртэй байдаг юм.
Би одоо ганцаараа болсон. Гэр мухар сахиж суухаар бужигнасан олон дунд ингээд сууж байх нь жаргалтай байдаг Надад хоёр сайхан хүү бий. Нэг нь Оюу толгойд ажилладаг. Нөгөөх нь “эрхийн тэнэг”. Сая эхнэртэй болж, хөөрхөн хүүтэй болсон. Ингээд надад охин байдаггүй ээ.
Би 20 жилийн өмнө осолд орсон юм. Тэрнээс хойш тэтгэвэртээ 60 хүрээд гарсан. Амьдраад болж л байна. Олсон таван цаасаа талх тариандаа зарцуулна. Бас өөрийнхөө биеийг бодож, мөнгө зарцуулдаг шүү. Би чинь бас амьдармаар байна шүү дээ. Бурхан багш хэлсэн. “Очер, дугаар ихтэй. Таныг хүлээж авахгүй” гэж. Инээдэм ч биш ээ.
Би ирээдүйгээ дэндүү өөдрөгөөр төсөөлж байгаа. Ёстой л нар шиг гэрэлтэй. Яагаад тэгж төсөөлж байна гэхээр, хүн амын 80 хувь нь залуучууд байна шүү дээ. Тэгэхээр удахгүй гайхамшигтай болно оо. Эх орноо өөдрөг хардаг шүү. Би эх орноо хэзээ ч тэгж доош нь хийхгүй. Манайхан баян шүү дээ. Гурван ямаатай бол баян. Гадаадын жуулчид монголд ирээд гайхаж байна шүү дээ. Би зурагтаар хардаг юм. “Та нар чинь ямар “сонин” юм бэ. Нүүдлийн аж ахуй гэж ийм зүйл байдаг юм уу” гээд л. Энэ бол гайхамшиг. Харин зөв ажиллах хэрэгтэй” гэлээ.
Т.Баянбилэг