Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү
Бид энэ удаа “Харынхан” үргэлжилсэн үгийн зохиол, “Надад хувилсан усны чимээ” яруу найргийн шинэ номоо саяхан өлгийдөн авсан сэтгүүлч, утга зохиол судлаач Х.Умаахантай ярилцлаа. Тэрээр харьд өнгөрүүлсэн “хар” өдрүүдийнхээ тухай, тэнд амьдарч буй 60 мянган хүний мэдэрч, туулж буй зовлон, жаргалыг төлөөлөн анхны бүтээлээ хэвлүүлсэн нь энэ юм.
Номын зохиогч энэ талаар ярихдаа, “Миний хувьд олон зуун залуусын л адил нийгмийн байдлаас Солонгосыг зорьж, ажиллахаар шийдсэн. Үүнийхээ хажуугаар тэнд ажиллаж буй мянга мянган монгол хүний төлөөлөл болох хэсэг хүмүүстэй ярилцаж, тэдний зовлон жаргалын талаар ярилцлагын ном бүтээх зорилго өвөртөлсөн юм. Мэдээж ажил хийж мөнгө олох ч зорилго байсан.
Ингээд Солонгост очиж 400 гаруй хүнтэй уулзаж, тэдний эгнээнд зогсож үзлээ. Тухайн хүмүүсийн байр байдал, сэтгэл гутрал, даван туулж байгаа хүнд бэрх зүйлсийг өөрийн биеэр мэдрээд, зорилгынхоо дагуу ярилцлагын ном гаргах гэж байсан ч уран зохиолын ном бичээд ирсэн. Яг өөрийнхөө хөдөлмөрөөр, хүзүүн дээрээ төмөр унагааж, ухаан алдаж, бие дээрээ шил зоон байж олсон мөнгөөрөө номоо гаргасан болохоор их жаргалтай байгаа.
Солонгост ажиллах ямар вэ гэж олон хүн асуудаг. Мэдээж мөнгө санхүүгийн хувьд өөрчлөлт орох нь ойлгомжтой. Монголд ажиллаад өдөрт олдог мөнгөө тэнд 3-4 нугалж олдог. Тийм ээ. Мөнгө олж чадна. Гэхдээ түүний ард маш олон золиос бий. Нэг үгээр бол өөрийгөө л золиосолж байгаа юм. Эрүүл мэнд, сэтгэл зүй гээд үнэлж боломгүй том золиос гаргадаг. Тэнд мянга мянган хүүхдийн ээж, хүний хань ганцаардалтай нүүр тулж мөнгөний төлөө зүтгэж байгаа. Ээж чинь буудлын ор татаад, үрийн шингэн цэвэрлээд зогсож байхад, чи мөнгө нэхээд монголд “шоу”-даад байж болохгүй. Миний номыг заавал уншаад, тэндээс өөрсдийгөө олж хараасай гэж нэг талаараа хүссэн.
Магадгүй гадаадад байгаа хүмүүс далайн эрэг дээр аялж, жаргалтай байгаа дүр зургаа л бусдад харуулдаг. Гэвч бодит байдал дээр огтхон ч тийм биш. Би Солонгост яг гурван сар болоод харласан. Харлавал ямар мэдрэмж төрдөг гэдгийг өөрөө үзэх гэж тэр шүү дээ. Харласны маргаашаас эхлээд тэнд амьсгалах хүртэл хууль бус болчхож байгаа юм. Ганцаардал, нэмээд айдас. Энэ мэдрэмжийг амьдралаа босгох гэсэн 60 мянган монголчууд мэдэрдэг. Цагдаа хараад л айж гүйнэ. Монголд ирчхээд хүртэл цагдаа явж байхыг хараад өөрийн эрхгүй буцаад алхмаар санагдаж байсан. Зүгээр л бүх зүйлээс айх айдастай хүн болчихсон. Одоо харьцангуй дээрдэж байна.
Үнэндээ айл гэрийн нэг хүн нь солонгос явъя гээд зорьчихсон л байгаа. Миний номыг тэдгээр хүн болон тэнд ажиллаж байгаа 60 мянган хүний гэр бүл заавал уншаасай гэж бодож байна” гэж ярилаа.
Шоудуул схан шоудаач 1 амьдарна, хэзээ үхэхэх мэдэхгүй бж