2024 оны УИХ-ын сонгууль амжилттай болж өндөрлөлөөө. 126 гишүүнтэй анхны парламентад олон сэтгүүлч нэр дэвшсэнээс дараах сэтгүүлчид сонгогдлоо. Хойд бүсэд БШУ-ны сайд Л.Энх- Амгалан сонгогдсон ба тэрээр хуучин ЗХУ-ын Ленинград хотын Их сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангийг сурч, төгссөн. Монголд ирээд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонинуудад ажиллаж, дээрх сонинуудын хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг хийхийн зэрэгцээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийтлэлүүд бичиж байж. Дараа нь ажлын замналаа өөрчилж, М Си Эс компанид 2020 он хүртэл хувь эзэмшигч, удирдах албан тушаал хашсан байдаг.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшин 36 мянган хүний санал авч, сонгогдлоо. Тэрээр 1998-1999 онд Сэрүүлэг сонинд сурвалжлагч, 1999-2000 онд Эргүүлэг сонинд сурвалжлагч, ерөнхий эрхлэгч, 2003-2005 онд Өдрийн сонинд сурвалжлагч, 2005-2007 онд “Ардын эрх” сонинд тоймч, 2007-2008 онд Өдрийн сонинд тоймч, 2009-2012 онд “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч, 2012-2014 онд “Шонхор” телевиз ерөнхий захирал, 2015-2016 онд “2-р суваг” телевиз ерөнхий захирал, 2017-2024 онд “Амьдрал фильм”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Хан- Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон. 2005-2009 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэн”-ийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежид сурч, төгссөн. 2007-2010 онд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, Дизайны албаны даргаар, 2010-2011 онд “ShuuD.mn[1]” сайтад гэрэл зургийн сурвалжлагч, 2011 оны эхэн үеэс “Шууд” телевизид “Гамбир” ток шоуг хөтөлж байсан, мэдээний албаны сурвалжлагчаар, 2012-2016 онд Боловсролын Яамны сайд Лу.Гантөмөрийн Хэвлэлийн албанд, 2016 оноос ярилцлага, товч тойм бүхий “Улаан бал” нэвтрүүлгийг хийжээ.
Сэтгүүлч Д.Энхтуяа АН-ын жагсаалтын 8-рт бичигдэж, УИХ-ын гишүүн болох боллоо. Тэрээр 1997 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний орчуулагч, багш мэргэжлээр, 2004 онд Германы Карлсруэгийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр, 2017-2018 онд ИБУИНВУ-ын Лондон хотын Метрополитаны их сургуульд олон улсын харилцаа, улс төрийн бодлого судлал чиглэлээр суралцсан. Орос, герман, англи хэлтэй. 1992 оноос Монголын үндэсний телевизийн “Үдшийн хэмнэл” студи, Ийгл ТВ-д сэтгүүлч редактор, 2010-2012 онуудад NTV телевизэд мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд захирал, 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 он дуустал МҮОНРТВ-ийн дэд захирал, 2018 оноос ТВ2 телевизийн үүсгэн байгуулагч, 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн, 2020 оны 10-р сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Баянгол дүүргийн 3-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна.