УИХ-ын сонгуулийн 2024 оны ээлжит сонгууль өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд болж өндөрлөлөө. Хурууны үзүүрээрээ хувь заяа, ирээдүйгээ шийдэх боломжтой энэ өдөр болсон онцлох үйл явдлаас үзэгч танд хүргэе.
Нэг. Сонгуулийн ирц-Залуусын оролцоо
2020 оны сонгуулиар 18-34 насны гурван иргэн тутмын хоёр нь саналаа өгөөгүй гэх судалгаа гарсан байдаг. Харин энэ удаагийн ээлжит сонгуулиар сонгогч залуусын идэвх оролцоо их байгааг санал хураах байр хариуцсан хэсгийн ахлагчид болон сонгогчид хэлж байв. 19:30 цагийн байдлаар 20-24 насны залуусын сонгуулийн ирц 36 хувьтай байсан бол 25-39 болон 18-19 насныханы ирц 40 хувь давсан юм. Мөн “Өөрсдөө” аяны хүрээнд Jack’s Coffee, Do-dent шүдний эмнэлэг тэргүүтэй байгууллагуудаас, нийгмийн хариуцлагын хүрээнд, залуусын идэвх оролцоог сайжруулахаар, үнэгүй кофе бэлэглэн, шүд өнгөлөх үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгсөн нь өнөөдрийн эерэг дүр зураг байлаа.
Хоёр. “Манаач асан” Л.Оюун-Эрдэнэ сайд саналаа өгөхөөр дугаарлан зогссон нь олны анхаарлыг татав
БЗД-ийн сонгогчдын “тод өнгө” Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналын байранд “айлчлан”, дугааралж зогсохдоо, нэг мишээн, нэг “эморон” камерын хальсанд харагдсан нь цахим сүлжээнд олон нийтийн ярианы сэдэв болоод амжив. Толгой бөхийн гудайсан сонгогч иргэдийн дунд аз жаргалтай инээмсэглэлээрээ тод гэрэлтэн харагдах түүний гэрэл зураг олон нийтийн бухимдлыг төрүүлэхийн зэрэгцээ, тоглоомын бай ч болоод амжсан юм. Ямартай ч Ерөнхий сайд ард түмнийхээ дунд дугаарлан зогсож буй эл дүр зураг нь хавийн ойрд харагдаагүй хачирхалтай үзэгдэл мөн.
Гурав. Хэсгийн ахлагч иргэдийн сонголтод нөлөөлөв үү
Цахим орчинд “УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн тойрогт санал өгч буй иргэний бүхээгт хэсгийн ажилтан очиж зогсоод сонголтод нь халдаж байна” гэх утгатай зураг тархаж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байв. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбарлахдаа, “Тухайн иргэн бичиг үсэггүй байсан бөгөөд туслалцаа хүсэж, өөрөө ажиглагч нарт хандсан байна. Гэтэл зургийг нь дарж, цахим орчинд ташаа мэдээлэлтэйгээр түгээжээ” гэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн
66.9.Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно.
3.1.5. “итгэмжилсэн хүн” гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
66.15.Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэнд энэ хэсэг хамаарахгүй.
Дөрөв. Санал тоолох төхөөрөмжийг санаатай гацаав уу
Өнөөдөр УИХ-ын сонгуулийн IX тойргийн санал хураах байранд санал хураах төхөөрөмжийн асуудал үүсэж, иргэдийг бухимдуулаад амжсан. СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнийн мэдээлснээр, “Аймаг дээр 7-8 нөөц санал тоолох төхөөрөмжийг хуваарилсан. Улсын хэмжээнд нийт 7 санал төхөөрөмжийг нөөц төхөөрөмжөөр сольсон тохиолдол гарсан байна. Учир нь төхөөрөмж бохирдсоноос цаасны бөөгнөрөл болж, саналын хуудсыг буцааж гаргаад байсан юм байна.
Түүнчлэн V сургууль дээр санал тоолох төхөөрөмжийг задлаад тавьчихсан байна гэсэн нийгмийн сүлжээгээр гарсан мэдээллийг шалгахад ямар нэг дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй мөн төхөөрөмж эвдрээгүй байсан. Эргээд нөгөө хүмүүстэй холбогдохоор бид нар буруу мэдээлэл явуулжээ гэх тайлбар хэлсэн” гэв.
Тав. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт цаг 30 минутын өмнө хаагдлаа
2024 оны УИХ-ын сонгуульд үндсэн сонгогч 2.089.938 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.448.235 хүн бүртгэлийн хуудас авсан буюу нийт сонгогчийн 69,3 хувь нь саналаа өглөө.
Сонирхуулахад түүхэнд өмнөх найман удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогчдын ирцийн талаар мэдээллийг хүргэж байна. 1992 онд хамгийн их буюу 95,6 хувь байсан бол 2012 онд хамгийн бага буюу 67,3 хувийн ирцтэй байжээ. Харин өнгөрсөн онд 73,6 хувийн ирцтэй байв.