Жилд дунджаар 267000 орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Сэлбэ эмнэлэг СБД-т ашиглалд орлоо.
Монгол улсын хэмжээнд анх удаа Сүхбаатар дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийг барьж дуусгажээ. Сэлбэ нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 13 дугаа хороонд 2.2 га талбайд байрлах ба А, Б блок гэсэн 2 үндсэн хэсэг, техникийн туслах байраас бүрдсэн нийтдээ 12500м2 барилгын талбайтай.
Жилд дунджаар 267 мянга орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай
Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 184 нэр төрлийн 2672 ширхэг тоног төхөөрөмж, компьютер техник, хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг дүүргийн төсвөөр авч бэлэн байдлыг хангасан.
Сэлбэ Нэгдсэн эмнэлэг нь дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, Монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөнгөвчлөх болон хими эмчилгээг хэвтүүлэн эмчилж, 3000-3400 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношилгооны 8 кабинет, нэгдсэн лабораторийн тусламж үйлчилгээг хоногт дунджаар 950-1000 орчим иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.
Сэлбэ эмнэлэг 184 нэр төрлийн 2672 ширхэг тоног төхөөрөмжтэй
Сэлбэ Нэгдсэн эмнэлэг нь нийт хэвтүүлэн эмчлэх 200 ортойгоор үйл ажиллагааг явуулна. Үүнээс хүүхдийн тусламж үйлчилгээнд 40 ор байхаас 4 ор нь хүүхдийн эрчимт эмчилгээний, насанд хүрэгчдийн 160 орноос 6 ор нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалт тусгаарлах, 20 ор нь насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний байхаар төлөвлөгдсөн.
200 ортой тус эмнэлэг оношилгооны 8 кабинеттэй
Үзлэг, оношлогооны хүртээмж….
Амбулаториор хийх боломжтой дурангийн мэс засал, мэс ажилбар, эдийн шинжилгээ авах зэрэг өдрөөр хийх боломжтой оношилгоо, эмчилгээг шинээр нэвтрүүлж тусламж үйлчилгээ авч буй өвчтөн, үйлчлүүлэгчдэд хүлээгдэл чирэгдэлгүй, үр дүнтэй, эдийн засгийн дарамтыг бууруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх үүднээс урьдчилан сэргийлэх ажлыг тодорхой төлөвлөн зохион байгуулж, хүн амд эрт илрүүлэг, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх нэн ялангуяа харьяалах нутаг дэвсгэрийн сургууль, цэцэрлэг, байгууллагын суралцагч, ажиллагсдыг бүрэн хамруулж шаардлагатай тохиолдолд холбогдох тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, мэдээ мэдээллээр хангана.
Эмнэлгийн цахим мэдээллийн технологийг боловсронгуй болгон үзлэг шинжилгээний цахим захиалга, товлолт үйлчилгээг нэвтрүүлэн үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн талаар цахим сан бүрдүүлж хүлээгдэл чирэгдлийг эрс бууруулж, үйлчлүүлэгч нэг бүрт чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Нийслэл болон дүүргийн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаар тэргүүлж байгаа эмгэгийг оношилж эмчлэх шинэ технологийг нэвтрүүлж олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээг чирэгдэлгүйгээр авах боломжийг бүрдүүллээ.
Тус эмнэлгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр ашиглалтын өмнөх захиргааны төслийн багийн ахлагч Л.Баярхүүтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Эрүүл мэндийн салбарт ийм бүтээн байгуулалт олон хэрэгжиж байж нэг эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал багасах, цаашлаад оочер дараалал үүсэх асуудал харьцангуй буурах болов уу?
-Сайн байна уу? Тийм. Манай СБД-ийн хувьд одоо байгаа эмнэлэг хотын төвдөө байрлалтай. Иймээс 10-р хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй байдаг байлаа. Дүүргийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, яагаад энэ төслийг хэрэгжүүлэх ёстой юм, юуг хамгийн гол зорилгоо болгосон бэ гэдгийг бид нар нэн тэргүүнд чухалчилсан. Сэлбэ эмнэлэг нотолгоонд суурилсан. Нотолгоонд суурилна гэдэг маань бид нар оношилгооны маш сайн тоног төхөөрөмжтэй. Одоо бид нар чагнуураар үзээд, анализ аваад онош тавьдаг цаг үе өнгөрсөн. Ингэхээр бид цаг үетэйгээ хөл нийлүүлж урагшлах ёстой.
-Дэлхий дээр эрүүл мэндийн салбар тэр дундаа эмчилгээ, оношилгоо өдрөөс өдөрт хурдацтай шинэчлэгдэж байдаг. Тэгэхээр та бүхэн том дүр зургаар харж энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлжээ?
-Нийгмийн өөрчлөлт, экологийн бүтцийн өөрчлөлт, энэ бүхэнтэй уялдаа холбоотойгоор өвчлөлийн бүтэц маш их өөрчлөгдөж байна. Тийм учраас бидэнд зайлшгүй нотолгоонд суурилсан, өнөөгийн хэрэгцээ шаардлага хангасан тоног төхөөрөмж үүн дээр ажиллах мэргэжилтэн байх зүй ёсны асуудал гарч ирнэ. Нотолгоонд суурилсан гэдэг маань бидний хамгийн том зорилго, эхний агуулга энд байгаа юм. Өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангасан гэдэг маань манай эрүүл мэндийн салбарын урсгал, манай валют хаашаа явж байна? Дандаа гадагшаа явж байна. Энэ урсгалыг л дотооддоо бага ч болов авч үлдэх хэрэгтэй.
Гэтэл бид нар үүнийг яах ёстой вэ? Орон нутагтаа, улс орондоо хийлгэхдээ энэ зорилгын хүрээнд ажиллах чухал. Тиймээс энэ зорилгыг тодорхойлж байна.
-Та бүхний цаашдын зорилго юу вэ?
-Олон улсын жишиг төрх бий болгох нь бид нарын зорилго. Тэгэхийн тулд Сэлбэ нэгдсэн эмнэлгийг байгуулсан юм. Энэ жишигт нийцэх төслөө бичээд, үүний дагуу төлөвлөөд явсан. Тийм учраас энэ гурван үндсэн зорилгод бид нэгдэж чадах юм бол иргэддээ чанартай, хүртээмжтэй мнэлгийн тусламж үзүүлж чадна гэж зорьсон. Нэгдүгээрт би эмч хүнийхээ хувьд, хоёрдугаарт яг энэ нэн хэрэгцээт үйл явдлыг ахалж ажиллаж байгаагийнхаа хувьд маш их баяртай байна.
Ярилцсанд баярлалаа.