“Сайн байна уу” контентын зочин Доржвалын Энхжаргал эмзүйн ухааны доктор, профессор. Салбарынхаа шинэ залуу үеийг бэлтгэх их үйлсэд хувь нэмрээ оруулж, 30 гаруй жил анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн.
Тэрээр “Өөрийнхөө амьдралыг час улаан өнгөөр зүйрлэнэ. Сурсан сургууль, олж авсан мэдлэг, боловсрол, бүтээж байгуулсан бүхнээ харахад би нэг ч өдөр зүгээр суугаагүй. Харамсах зүйлгүй, асар их зүйл бүтээж чадсан. Үргэлж гал шиг асаж явсан байна” гэв.
УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт \Чингэлтэй, Сүхбаатар\ ХҮН намаас нэр дэвшигч Доржвалын Энхжаргалын сонгуулийн штабаас бэлтгэв.
-Сайн байна уу, та өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу, намайг Доржвалын Энхжаргал гэдэг. Анагаах ухааны их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ Анагаах ухааны их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургуульд гээд 30 гаруй жил анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж байна.
-Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?
-Эм зүйн ангиа онцлох дипломтой төгссөн учраас төгсөөд шууд тухайн үеийн Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн танхимд багшаар үлдэж, одоо хүртэл ажиллаж байна. Оюутан болж орсноосоо хойш энэ сургуулийн үүдээр 35, 36 жил орж, гарч байна. Сүүлд манай сургууль Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болж, би Эм зүйн сургуулийн захирлаар дөрвөн жил ажилласан. Үүний дараа АШУҮИС-ийн дэд профессор, профессор болсон. Энэ сургуультай миний бүх амьдрал салшгүй холбоотой. Энэ сургуульд суралцсан маш олон шавь нар байдаг. Шавь нараараа бахархаж, тэднийгээ харж эрч хүч авдаг даа.
-Та хаана, ямар боловсрол эзэмшсэн бэ?
-Би арван жилээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17-р сургууль төгссөн. Тэнд арван жилээ төгсөж, Сувилахуйн сургуульд сурч, дараа нь Анагаах ухааны их сургуульд 1989 онд орж байсан. Анагаах ухааны их сургуулиа төгсөөд, 1996 онд магистраа Монголд хамгаалсан. Тухайн үед Ельциний тэтгэлэг гээд сонин дээр зар гарсныг олж уншиж, Ельциний тэтгэлэг авна гээд 1998 оны хавар шалгалт өгч байсан. Хариу нь удаж удаж, намар есдүгээр сард ирсэн. 1998 онд Москва явж, Москвагийн Анагаах ухааны академид гурван жил докторын ажил хийж, хамгаалж байсан.
Би АШУҮИС-д багшлахаас гадна ЭМЯ-ны эм зүйн ерөнхий мэргэжилтэн. Эм зүйн эм судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, хүний эмийн зөвлөлийн гишүүн, фармакопейн хорооны гишүүн гэх мэт маш олон бодлогын чанартай чиг үүргийн зөвлөлүүдэд ажилладаг. 2019 оноос хойш монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны ерөнхийлөгчийн ажлыг давхар хийж байна. Эм холбооны ерөнхийлөгч болсноос хойш монголын Эм холбоог Дэлхий Эм зүйн байгууллагуудын холбоо, Азийн эм зүйн холбоонд гишүүнчлэлтэй болсон. Бодлогын чанартай асуудлуудад ийм ажлуудаараа холбогдож ордог.
-Та ямар зарчим баримталдаг вэ?
-Би засаршгүй мөрөөдөгч. Бидний үед амбиц гэдэг үг ч байгаагүй. Доктор, профессор болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Цагийн юмыг цагт нь хийж сурсан. Манай Аав “Хүн унтах, идэхээ тохируулаад сурчихвал бусад нь амархан болчихдог” гэж ярьдаг. Аав, ээж хоёр минь одоо 90 нас дөхөж буй хөгшчүүл бий. Зарчим гээд бодохоор цагийн юмыг цагт нь хийх л юм даа.
-Та хэр хүчирхэг хүн бэ?
-Одоо эргээд харахад, алдаад л, хэн нэгнийг гомдоогоод л, би юу хийчхэв ээ гэж бодох зүйл байхгүй. Хувийн амьдрал, улсын амьдрал, зүрх сэтгэлээ бүгдийг нь зориулдаг эм зүйн салбар, шавь нар, төгсгөн гаргасан мянга мянган эм зүйчид, 10 гаруй доктор, магиструуд гээд бүгдээрээ сайхан явж байгаа нь маш бахархалтай. Тиймээс өөрийгөө хүчирхэг, олон хүн бий болгосон гэж боддог. Эм зүйн сургуулийг анх удаа барьж, ашиглалтад оруулахдаа мөрөөдлөө бичсэн байдаг. “We will make the global pharmacist” гээд. Бид дэлхийн эм зүйчдийг бэлдмээр байна. Дэлхийн эм зүйч бэлдэх гэж байгаа хүн тулга тойрсон биш томоор харж, өөрийгөө хөгжүүлдэг, тасралтгүй сурдаг, маш том өгөгч, өгөгдөлтэй хүн байх ёстой. Гадаадад сурч байгаа шавь нараа харахаар миний мөрөөдөл шат шатаар биелж байгаа гэж харж байна. Тийм болохоор би өөрийгөө хүчирхэг гэж хэлнэ. Мундаг хүмүүсийг төрүүлчхээд тэд нарыгаа харж, баясаж, бахархдаг. Энэ нь намайг залуу байна, болоогүй шүү гэж мэдрүүлдэг.
-Та биеэ, гэрээ засаж чадсан уу?
-Би бүх зүйлийг амжуулсан. Хувийн амьдралаа ч, улсын ажлыг ч бүгдийн зохицуулсан. Надаас болж хэн нэгний ажил, төлөвлөгөө нурах вий гэдгээс маш их айдаг. Хүнд амласан, хийнэ гэж зүтгэсэн зорилгодоо шууд хүрдэг. Хоёр хүүхэд, ач зээгээ хүмүүжүүлсэн. Би бол сайн ээж, сайн хань. Одоо ч аав ээжийнхээ эрх охин. Эмэгтэй хүн олон дүр бүтээж амьдардаг. Удирдагч байх газарт удирдагч байж чаддаг, эрүүл мэнд, анагаахын салбарт манлайлж, багш хүн ажил дээрээ үлгэр жишээ, хаанаас ч харсан багш шиг болохыг бодогдуулах, гэртээ ороход нөхөртөө хүний хань шиг туньж, үйлчлүүлэх аятай, найз нөхдийн дунд орохоор залуу нас шигээ нээлттэй байж чаддаг. Бямбасүрэн гуайгаас “Буриад хүний бусад үндэстнээс ялгарах онцлог юу вэ” гэж асуухад “Амьдрах чадвар” гэж хэлсэн. Надад бас амьдрах чадвар байдаг юм шиг санагддаг.
-Та юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Айл бүрд, хүн болгонд чанартай эм хүртээмжтэй, боломжийн үнээр очих ёстой. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ сум, багийн бүх түвшинд адилхан чанартай эмчилгээ үзүүлэх хэрэгтэй. Хөдөөгөөс хот руу, хотоос нэгдүгээр эмнэлэг рүү, ХСҮТ-рүү яв гэдэг. Энэ явдал суудлыг бууруулна. Үүнийг бууруулах гол арга нь бодлого, тогтолцооны шинэчлэл. Эрүүл байвал хүн хөгжлийг бүтээнэ.
-Ярилцсанд баярлалаа.