“Аав минь надад “Хүнээс нэг үзэгч битгий аваарай. Үнэгүй зүйл байдаггүй юм шүү” гэдгийг үргэлж захидаг. Тиймээс өөрөө хөдөлмөрлөж, мэдлэг, ур чадвараараа амжилтад хүрч, баялаг бүтээхийг хичээдэг” гэж ярих түүнийг Хийморсангийн Болор-Эрдэнэ гэдэг. Тэр эдийн засагч мэргэжилтэй. Төрийн албанд 10 гаруй жил ажилласан. Нэг дарга ирэхэд ажилтнууд өөрчлөгдөж, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд нь замхардаг байдлыг халж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үздэг, хариуцлага нэхдэг төрийн алба хэрэгтэй байгааг онцолж байлаа.
УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт ХҮН намаас нэр дэвшигч Х.Болор-Эрдэнийн сонгуулийн штабаас бэлтгэв.
-Сайн байна уу, та өөрийгөө танилцуулаач?
–Сайн байцгаана уу, намайг Хийморсангийн Болор-Эрдэнэ гэдэг. Миний аав Увс аймгийн Завхан сумын харьяат. Би аавынхаа нутгаар овоглодог. Улаанбаатар хотод хоёрдугаар төрхөд төрсөн.
Би нийслэлийн арван жилийн лаборатори нэгдүгээр сургуульд сурч байгаад, 47-р дунд сургуулийг төгссөн. Их сургуулиа 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд конкурсдаад орж чадаагүй. Тиймээс ТИС-ийн эрчим хүчний инженерийн ангид орж байсан.
Орсон цагаасаа хойш гадаад дотоодын тэтгэлгийн талаар их судалдаг байсан. Тэгж явсаар Говь боловсрол төвийн АНУ-ын IDEA байгууллагын тэтгэлэгт хамрагдаж, 2005 онд АНУ-ын Кампбиллсвиллийн их сургуульд явсан. Тэнд эдийн засагч мэргэжлээр суралцаж, 2010 онд төгсөж ирсэн.
Тэтгэлэг хөөцөлдөж, тэтгэлэгт уралдаануудад материалуудаа явуулж, нэлээн цаг зарцуулсан. Энэ хугацаанд би гэр бүлтэй болж, хурим найраа хийж, эхнэр маань жирэмсэн болж, анхны хүүгээ тээж байсан үе. Тэр үед сургалтын урилга маань ирж байсан. Анх их л эргэлзэж, АНУ руу явж байсан. Визэнд орохдоо итгэл муутай. Ганцаараа ингээд яваад өгөх юм уу гээд л. Гэр бүл зохиосон учраас эхнэр, хүүхдээ орхиод явна гэдэг хэцүү ч юм шиг. Гэхдээ хүсэл мөрөөдөл рүүгээ явж байгаа учраас гоё ч юм шиг байсан.
-Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?
-Их сургуулиа төгсөж ирээд, Дэлхийн банкны Сангийн яаманд хэрэгжиж байсан төсөлд зөвлөх шалгаруулж авна гэсэн зарыг хараад, материалаа Дэлхийн банканд өгч байсан. Дэлхийн банкнаас шалгарч, Сангийн яаманд хэрэгжиж буй төсөлд ажиллаж байсан. Үүнээс хойш мэргэжилтэн, дотоод аудит хяналтын үнэлгээний газар, санхүүгийн бодлогын газар гээд дотроо хоёр, гурван газар сэлгэж ажилласан.
2018 онд Хөгжлийн хөтөч дэд бүтэц төсөл гээд Сангийн яамны харьяа төслийн нэгжийн зохицуулагчаар томилогдож очсон. Тэр төслийн нэгж маань хилийн боомт, гудамж, аймгийн төв гэсэн гурван дэд төсөлтэй. Бидний сайн мэдэх Замын-Үүдийн боомт Гашуун сухайтын боомт гээд энэ боомтуудыг шинэчлэх, боомтуудыг өргөтгөх ажлуудыг дөнгөж эхлүүлэх төсөл байсан. Тэнд томилогдож ажиллаад, төслүүд маань ч амжилттай хэрэгжиж эхэлсэн. 2022 онд буцаад Сангийн яамныхаа Эдийн засгийн бодлогын газарт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдож ирсэн. 2023 онд Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулагдсан. Сангийн яамнаас тодорхой бүтцүүд тийшээ шилжиж ажиллах хэрэгтэй болж, баг, мэргэжилтнүүдээ аваад, Эдийн засгийн хөгжлийн яаманд ажиллаж байгаад, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Түүнээс хойш хувийн компанийн ажлаа эхлүүлээд явж байна.
-Та ямар зарчим баримталдаг вэ?
-Миний аав Сүхбаатарын Хийморсан гэж хүн бий. Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан. Насаараа газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр бизнес хийсэн. Төрийн албан хаагч байхад аав надад ганцхан зүйл захидаг байсан. Түүнийг нь одоо хүртэл мөрдөж явдаг. “Хүнээс нэг ширхэг үзэг битгий аваарай. Үнэгүй юм гэж байдаггүй юм шүү, миний хүү” гэж үргэлж сануулдаг. Тиймээс би үргэлж энэ зарчмыг баримталж төрийн албанд ажилласан.
Хүүхэд байхаасаа л баримталдаг зарчмуудын маань нэг гэвэл чадахгүй бол чадахгүй. Чадвал за. За гэсэн бол ард нь гарах ёстой. Үгүй гэж хэлж сурсан маань маш том давуу тал болсон. Ямар ч үед боломжгүй зүйл, хийх ёсгүй ажлыг хийлгэх гэж байгаа бол үгүй гээд хэлчих хэрэгтэй. Хэчнээн дотнын хүн ч боломжгүй зүйл гуйж орж ирвэл үгүй гээд гаргах хэрэгтэй.
-Та гэр бүлийнхээ талаар хуваалцаач?
-Манай эхнэр ТИС-ийн барилга, инженерийн сургууль төгссөн. Барилгын инженер мэргэжилтэй. Оюутан байхдаа микро автобусанд анх харж байсан. Гэр бүл болоод 19 жил болж байна. Энэ хугацаанд бид дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болж амьдралаа холбоод явж байна. Танилцсан хугацаанаас яривал хэдийн 21 жил өнгөрчээ.
-Та амьдралын юунаас таашаал авдаг вэ?
-Амьдралын таашаалыг цэвэр гэр бүлээсээ авна. Үр хүүхдээсээ, тэдэнтэйгээ инээлдээд хоол идэж байхдаа, амралтын өдөр гарынхаа хоолыг хийж өгөөд, инээлдэж, хөхрөлдөөд сууж байхдаа, бүгдийг нь дагуулаад дэлгүүр орж, хүнсээ цуглуулахдаа “би ч ийм юм авна. Тийм юм авна” гээд л хөхрөлдөөд явж байх хамгийн гоё таашаал байдаг.
-Төрийн албанд олон жил ажилласан байна. Төрд гарвал юу өөрчилье гэж бодож байна вэ?
-Сангийн яаманд 10 гаруй жил ажиллахдаа 7,8 сайдтай хамтарч ажилласан байдаг. Энэ хугацаанд манай Засгийн газрын зарим зүйл асуудалтай, хүнд байдаг. Энэ бүхнийг засах юм сан гэсэн мөрөөдөл бий. Сайд солигдох тутамд албан тушаалтнууд солигддог. Залгамж халаа гэж байдаггүй. Төр солигдоход дагаад урьд нь хийж байсан бүтээн байгуулалт, төслүүд зогсонги байдалд орж, шинэ зүйл гарч ирдэг. Ингэж болохгүй. Хийж байсан хэчнээн гоё ажлуудыг дараа нь өөр хүн гарч ирээд өөрчилдөг байж болохгүй. Эхлүүлсэн хүн нь үр дүнгээ үздэг, хариуцлагаа хүлээдэг байх хэрэгтэй. Хийсэн ажил нь 100 хувь үр бүтээлтэй байсан уу, үгүй юу гэдгийг хийсэн хүнээс нь хариуцлага нэхдэг байх хэрэгтэй.
Төрийн албан хаагчдад ямар ч нийгмийн баталгаа байхгүй болсон. Нэг дарга ирлээ. Ажилтан дагаад солигддог. Залуучууд бүгд хэнийг дагавал би ажилтай байх бол гэсэн ийм байдалд орсон, үзэл бодлоо худалдсан болчхоод байна. Тиймээс энэ бүхнийг өөрчлөхийн төлөө залуу хүн байна зүтгээд үзье. Хэрэв боломж нь олдвол энэ бүхнийг өөрчилье. Залуучууд аа, хүний цүнх барьснаараа биш, хүн дагаснаараа биш, өөрийнхөө чадал, мэдлэг боловсролоороо амжилтад хүрч болдог шүү гэдгийн тод жишээ болохоор явж байна.
-Ярилцсанд баярлалаа.