Пүрэвжавын Сайнзориг: ЖДҮ, боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгосон хуулийнхаа төлөө эрх мэдэлтнүүдэд дарамтлуулж явлаа
УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг, Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26, 28 дугаар хорооны иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Уулзалтын үеэр нэр дэвшигч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Пүрэвжавын Сайнзоригийг хэлсэн үгийг онцлон хүргэж байна. Би сүүлийн арав гаруй жил бие даасан үзэл баримтлалтай 90-ээд хууль дээр ажиллажээ. Үүнийг дагасан хуулиудын тоог яривал асар их олон хууль бий. Хууль бүр батлагдаад маргааш нь шууд үр дүн нь гарч, их зүйл авчирдаггүй. Гэхдээ ингэдэг хууль бас байна л даа. Тухайлбал хүний эрхийг баталгаажуулсан, иргэд, бизнесүүдэд боломж олгосон, олон нийтийн мэдэх эрхийг хангасан хуулиуд бий.
Tөрийнмэдээллийг ил тод болгох, төрд байгаа мэдээллийг иргэдээс нэхдэггүй байх зарчмыг баримталж, 2017 онд энэ эрх зүйн орчныг бүрдүүлж байлаа. Тухайлбал, Бүртгэлийн багц хууль батлагдсан.
Энэ багц хууль батлагдсанаар хэн тендер авчихсан юм, хэн ЖДҮ авсан юм гэх зэрэг мэдээллүүдийг ил тод болгож байлаа. Үүнийхээ төлөө зарим эрх мэдэлтнүүдийн дургүйг мөн ч их хүргэсэн. Үнэнийг хэлэхэд дарамталж, бүр заамдуулж ч үзлээ. Гэхдээ энэ бүхний ард нийтийн эрх ашиг л бий.
Зуун айлын Иргэний бүртгэлийн ерөнхий газар дээр гадаад паспорт авах гээд очерлодог байлаа шүү дээ. Одоо тийм зүйл байхгүй болсон. Үүний дараа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан. Нэг хүнд тодорхой хариуцлага хүлээлгэснээр асуудал шийдэгдэхгүй юм байна. Бүгд оролцож, хяналт тавьж, дуу хоолойгоо өргөж байж асуудал шийдэгдэх юм байна. Гэхдээ дуу хоолойгоо өргөе, асуудалд оролцъё гэж байгаа хүн бодит мэдээлэлтэй байх ёстой.
Тийм учраас төрд байгаа мэдээллүүдийг нээлттэй болгоё. Ингэж байж мэдээлэл авч байж зөв шаардлага тавья гэсэн зарчим барьсан. Мэдэх эрхээ хангасан хүн л төрийн үйл ажиллагаанд сонгосон төлөөллөөрөө дамжуулж, эсвэл өөрөө оролцдог. Эсвэл хяналт тавьдаг, шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг тавихдаа бусдын эрхийг зөрчихгүй, мөн өөрийнхөө эрхийг зөрчихгүй байх ёстой.