УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Чулуунбилэгийн Лодойсамбуугийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэллээ. Түүний сонгогчдодоо хандсан үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Сайн байна уу? Би Чулуунбилэгийн Лодойсамбуу байна.
Тусгаар тогтносон эрх чөлөөт улсынхаа төрийн сонгуульд нэрээ дэвшүүлж, энэ өглөөнөөс кампанит ажлаа эхлүүлж байна. Ардчилалтай хамт төрж, ардчилалтай хамт өссөн бидний үеийнхэнд эрх чөлөөнөөс үнэтэй зүйл нэгээхэн ч үгүй ээ. Бодлоо цагдуулж, босгосноо нураалгаж, биенээсээ бусдыг хураалгачхаад, үеийнхээ залуусын хаан болох хүсэлд нь хүргэх шат болоод бөхийж зогсохыг бид лав тэсэхгүй ээ.
Ардчиллаар амьсгалж хүн болсон залуус бид авлигачдаар яаж амьдрахаа заалгаж бас зандруулж үзлээ. Дургүйцлээ илэрхийлээд, дамжлуулж өргүүлээд, торны цаана ч сууж үзлээ. Дүн өвлөөр эрх чөлөөний хонх цохиж, дарангуй, бурангуйг халсан ардчилагчдын нүдэнд тэр үед юу харагдаж, чихэнд юу сонсогдож, зүрхэнд юу мэдрэгдэж байсныг одоо л бид ойлгож байна.
Оройтсон борооны араас цув нөмрөв гэж монголчууд хэлдэг. Оройтохоосоо өмнө цул болж нэгдьюү хэмээн Ардчилсан намаасаа улс төрийн дэвжээнд гарч байна аа. Таны таньдаг сэтгүүлч Лодойсамбуу ардчилсан Үндсэн хуулиа дээдлэн сахигч, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн хамгаалагч, аварга төрийн авлига хулгайг улдан эсэргүүцэгч, аливаа асуудлын уг шалтгааныг сөхөн тайлбарлагч байсаан.
Маргааш таны харах улстөрч Лодойсамбуу эрх чөлөөний үзэл санааны тугч, хариуцлагын харуул, шинэ Монголын бодлого тодорхойлогч, ардчиллын хүчтэй манлайлагч байх болно оо. Надад хэцүүг нь барьж аваа,д хийх хүсэл зориг, хийх ажлын төлөвлөгөө, хэрэг болох мэдлэг, туршлага нь байна аа.
Цөхөрсөн олны харц гундаж, итгэл бүдгэрчээ. Сонсох зүрх байвал би одоо хонх цохьё. Итгэх хүсэл байвал зоригийг тань би бадраая.