Хүний амьдралын өнгөрсөн болоод одоо цаг тэр чигээрээ түүх, дурсамж. Хүн өөрийнхөө түүхийг эергээр бүтээж амьдарна гэдэг нь бахархал. Ийм л нэгэн хүмүүний амьдралын түүхийг гэрэлтэйгээр бүтээж төрийн албанд 26 жил ажиллаж яваа АШУҮИС-ийн Санхүү, Эдийн засгийн газрын дарга Эрдэнэ-Очирын Содномжамцыг “Хөрөг” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урилаа. Тэрээр төрийн албаны 4 дэх үеийн алба хаагч, мөн 3 дахь үеийн санхүүч эрхэм юм.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Хүүхэд бага насаа өвөө, эмээтэйгээ хамтдаа Баянхонгор аймагтаа өнгөрүүлэн ерөнхий боловсролын сургуулиа төгссөн.
Дөрөв дэх үеийн төрийн албан хаагчаар ажиллаж яваадаа бахархдаг
-Таны хувьд дөрөв дэх үеийн төрийн алба хаагч мөн гурав дахь үеийн санхүүч. Энэ бол таны хувьд маш том бахархал байх.
-Тийм. Би төрийн албанд 26 жил ажиллаж байгаа. Төрийн байгууллагуудад хамгийн бага ажил албанаас эхэлж ажилласан. Таны хэлдгээр гурав дахь үеийн санхүүч. Төрийн албанд би дөрөв дэх үедээ ажиллаж байгаа. Миний өвөө нягтлан бодогч, санхүүч хүн байсан. Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн санхүүгийн хэлтэст нь ажиллаж байлаа. Баянхонгор аймагтаа санхүү хэлтсийн даргаар ажиллаж байсан Цэдэндорж гэж хүн байсан. Миний өвөө аавын маань аав. Ээж маань Пунсалдулам гэж хүн байсан. Миний өвөөг дуурайж, Санхүү, эдийн засгийн техникумд нягтлан бодогчоор төгсөж олон жил санхүүгийн ажил хийсэн. Намайг хүүхэд байхад ээж маань нэлээн завгүй, тайлан баланс гаргана гээд суучихдаг. Тэгээд би бас очиж, ээжээсээ санхүүтэй холбоотой үг яриаг нь хажуугаас нь сонсож, ээжээсээ асууж, баланс гэж юуг хэлдэг юм, дансны харьцаа гэж юуг хэлдэг вэ гэж хүүхэд байхын л сонирхдог байлаа. Ээж маань ч сайхан уйгагүй, дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг байсан. Миний санаанд хамгийн тод үлдсэн нь ээжийн маань хэлж өгч байсан дурсамж бол “Дансны харьцаа гэдэг чинь хөгжим тоглохтой адил” юм шүү дээ гэж хэлдэг байлаа. Тэр бол хүүхэд байхад одоогоос 40-өөд жилийн өмнө сонсож байсан санхүүгийн салбартай холбоотой сайхан үг.
Миний аав Цэдэндоржийн Эрдэнэ-Очир гэж хүн бий. Одоо 80 гаруй насыг наслаад байж байна. Би өөрөө эцэг эхээс зургуулаа хүн.
“Дансны харьцаа гэдэг нь хөгжим тоглохтой адил”
-Төрийн албанд гэр бүлийнхээ залгамж чанар болон тасралтгүй ажиллана гэдэг уйгагүй тууштай хөдөлмөрийн үр дүн. Төрийн алба таныг хэрхэн дурлуулав?
-Төрийн албанд ажиллана гэдэг нэг талдаа бахархал. Төрийн албаны хамгийн гол бахархал юу гэхээр ерөөсөө төрийн албанд ажиллаж байгаа хамт олон. Тэр хамт олон дунд байж буй нь тэр хамт олноосоо урам зориг авдаг, хамт олноосоо суралцдаг. Энэ хамт олон дундаа хүн аз жаргалтай болдог. Мөнгө бол хүний амьдралын зорилго биш. Эдийн засгийн утгаараа мөнгө хэрэгтэй боловч хүний амьдралын эцсийн зорилго бол мөнгө ерөөсөө биш. Хувийн хэвшилд ажиллаж байсан бол магадгүй өнөөдөр бас нэг бизнесийн салбарт амжилт гаргаад явах боломж байсан байх. Гэхдээ би төрийн албанд 26 жил ажилласнаараа тодорхой хамт олонтой болж, төрдөө үнэлэгдэж өөрийн гэсэн түүхийг бий болгожээ.
Өөрийнхөө өнгөрүүлсэн энэ он жилүүдийн амьдрал, түүхээрээ бахархах боломжтой гэж өөрийгөө урамшуулж зөвтгөж явдаг юм.
Төрийн албанд ажиллахад хамгийн гол бахархал бол хамт олон
-Санхүүгийн салбарыг та нэг өгүүлбэрээр хэрхэн тодорхойлох вэ?
-Хүний биеэр бүх эд эрхтэн рүү цус тархаж байж, хүний бие эрүүл саруул, эд эрхтэн цогцоороо, зөв сайхан ажиллан, ингэж хүнийг амьд байлгаж байна.
Яг үүнтэй адилхан нийгмийн харилцааг мөн бүх асуудлыг зохицуулж буй зүйл бол ерөөсөө л мөнгө. Энэ мөнгийг зөв хуваарилж, зөв оновчтой хүрэх ёстой газар нь хүргэж байгаа хүн бол Монгол улсад ажиллаж байгаа Санхүүчид гэж ойлгоход болно.
“Дарга гэдэг бол арга”
-Хамт олон хүнээр дутдаггүй. Харин хүн хамт олноор дутдаг гэж үг бий. Таны хувьд энэ олон ажлын ард амжилттай гарахад хамт олны түшиц, нөлөө их байсан байх?
-Төрийн байгууллагуудад ажиллаж байхад мэдээжийн хэрэг хамгийн чухал зүйл бол хамт ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн. Ахмад настай олон жил ажиллачихсан хүмүүст бол маш их туршлага байдаг. Залуу шинэ орж ирж байгаа ажилтнуудад маш их эрч хүч, бас аливаа асуудлыг өөр өнцгөөс харах ийм боломж олон байдаг.
Намайг 20 жилийн өмнө Тасгийн дарга болж томилогдоход аав маань нэг сайхан үгийг хэлсэн. “Дарга гэдэг бол арга” гэсэн үг юм. Аливаа асуудлыг олон талаас нь харж, хамгийн зөв оновчтой шийдвэр гаргах хүнийг дарга гэдэг юм. Энэ бол ажлын арга юм шүү дээ гэж байв.
Энэ бол хүн бүр бодох ёстой. Ялангуяа хүн удирдаж ажиллаж байгаа дарга хүн бол энэ арга гэдгийг олон талаас нь харж зөв оновчтой шийдвэр гаргаж байх ёстой юм байна гэсэн бодол одоо надад 20 гаруй жил хадгалагдаж дээ.
Төрдөө ажилласан он жилүүд миний түүх
-Мэдээж албан ажилдаа бүх л анхаарлаа хандуулах, амжилттай явах үндэс нь найдвартай ар тал болсон гэр бүл. Та гэр бүлийнхнээ танилцуулна уу?
-Манай гэргийг Ванганы Цэнд гэдэг. Математикийн багш, эрхзүйч мэргэжилтэй. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Бид хоёр таван хүүхэдтэй, өнөр өтгөн айл.
-Таны бахархал юу вэ?
-Монгол хүн бүрийн бахархах ёстой зүйл бол Монгол улсын түүх. Яг түүнтэй адилхан миний удам угсаа, өвөг дээдэс, эргээд харахад тодорхой хэмжээнд улсдаа, төрдөө ажилласан түүх маань миний бахархал гэж боддог доо.
Хүн байна гэдэг насан туршийн л зүйл. Хүн, хүнтэйгээ ажил албан тушаал, ямар нэгэн өөр нөхцөл байдал шаардлагагүйгээр хүн бүхэнтэй ижил тэгш байх юмсан гэсэн ийм л зарчмыг би хичээж явдаг.
-Улсдаа, төрдөө ажилласан он жилүүдийн туршлагаар та ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
-Аливаа улсын эдийн засаг гэдэг бол маш чухал, гол хөшүүрэг болсон салбар. Монгол улс хөгжих бүрэн боломж нь бий. Хамгийн гол нь нийгмийн зөв хуваарилалт, тэгш хуваарилалт явж байж Монгол улс хөгжих юм.
Хөгжих боломж нь байсаар байтал би зүгээр өөрийгөө болгоод амьдрах бус энэ улс орныхоо төлөө илүү ихийг хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байна.
“Хууль засагладаг, орлогын зөв хуваарилалттай
Ийм бэлтгэгдсэн хүн ховор л байгаа даа.Ард түмэн сонгогчид минь харж л байдаг байгаа даа.Сонголт мэргэн байх болтугай!!!
Ийм л хүмүүс төрд хэрэгтэй байгаа юмдаа түүнээс дуулж бүжэглэж барилдах гэж байгаа аятай юмнууд бол хэзээ ч төр барина гэж байхгүйлдээ