ВИДЕО ЯРИЛЦЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Бид энэ удаа газар тариаланд эрдэм ухаанаа сорьж, жаргал зовлонг сөөлжүүлэн энд хүрсэн агрономич, багш, дөрвөн хүүхдийн ээж Г.Жавзангуайтай ярилцлаа.
-Ярилцах санал хүлээж авсан танд баярлалаа. Эх үрсийн баярын мэнд хүргэе.
-Эх үрсийн баярын энэ сайхын өдрийн мэндийг Монголын мянга мянган ээжүүд хүүхдүүдэд хүргэе. Би Ховд аймгийн Булган суманд төрсөн. Булган сумын хошуудын торгууд Годойн Жавзан гэдэг хүн байна. Дөрвөн хүүхэдтэй. Арван жилээ Булган суманд төгсөөд, тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономийн ангид орж суралцаад агрономич мэргэжилтэй болсон. Их сургуулиа төгсөөд хөдөө аж ахуйн техникумд тэтгэвэрт гартлаа багшилсан. Дараа нь агромонич юм болохоор ногоо, ургамал тарих гээд ажлаа л хийсэн дээ.
-Ажлаа хийхийн хажуугаар үр хүүхдээ өсгөх чухал үүрэг бий. Та хүмүүжлийн арга ухаанаасаа ярьж өгөөч?
-Манай өвгөн Ховдод мэс заслын эмчээр ажиллаж байсан юм. Гэртээ их цөөхөн ирдэг. Тиймээс арыг голчлон даана шүү дээ. Хэдэн хүүхдүүддээ ажил хуваарилж хийлгэдэг. Чиний ажил энэ, энийгээ гүйцээ, чиний хийх ёстой юм энэ, чи хоолоо хий гээд л.
ХҮНИЙГ ШУУД ЖАРГАЛ УГТАЖ АВАХГҮЙ. ЗОВНО, ӨВДӨНӨ, ТҮҮНИЙГЭЭ ДАВАХ Л ХЭРЭГТЭЙ
-Хөдөлмөрт сургаж ээ дээ?
-Хөдөлмөрлөж чадаж байж хүн цаашаа ахидаг гэж би боддог. Тэр үед гар хуруугаа хөдөлгөж байж л амьдрал явдаг байлаа. Бид бүх ажлыг хийж эхэлсэн. Ногоо тарьж эхэлсэн. Дөрвөн хүүхдээ дагуулаад 25 км явж ногоо тарьдаг байлаа. Бага хүү Батнайрамдал маань уйлаад дагадаг байсан. Тэр халуун, шумуултай нөхцөлд очоод ажил хийнэ гэдэг тийм ч амархан биш. Манай Ховд их халуун шүү дээ.
-Амархан амьдрал, амархан ажил гэж бий бол уу?
-Хүн ер нь бүх юмыг сөрж амьдардаг шүү дээ. Хүнийг жаргал шууд угтаж авдаггүй. Хүн чинь өвдөнө, зовно. Түүнийг давахгүйгээр өндөрлөгт хүрнэ гэж байхгүй байх аа. Би тэгж л боддог.
-Та хүүхдүүддээ ямар “өв” үлдээе гэж боддог вэ?
-Эх хүн үр хүүхдээ нэгдүгээрт эрүүл энх өсгөе, хоёрдугаарт боловсролтой болгоё л гэж боддог. Манай хүүхдүүд бүгд сурлага сайтай байсан. Тэр үед гэрэл багатай, дөрвүүлээ нэг лаа тойрч суугаад, зарим нь үсээ лааны дөлөнд түлэн байж даалгавраа хийдэг. Даалгавар хийлгэхгүй бол уйлаад суучихна шүү дээ.
Манай өвгөн эмч хүн. Монгол улсын гавьяат эмч Отгоншар. Том залуу маань эдийн засагч. Дараагийн хүү маань аавынхаа мэргэжлийг эзэмшсэн. Эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор. Охин маань бас эдийн засагч. Бага хүү Батнайрамдал Харвард төгсөөд, эх орондоо ирээд ажиллаад явж байна.
-Ховдоос Харвард номын гол дүр нь та юм билээ. Ингэхэд О.Батнайрамдал ямар хүүхэд байв аа?
-Миний хүү сургуульд байхдаа л мундаг хүү байсан. Ангидаа сурлагаараа хамгийн тэргүүнд. Арван жилээ төгсөөд Туркын хамтарсан сургуульд суралцах эрхээр шагнагдлаа. Би одоо энэ сургуульдаа явах уу аав ээжээ гээд асуусан. Тэнд суралцаад Турк сургуулиасаа дэлхийн нэгдсэн коллежид хуваарь авсан юм. Дэлхийн нэгдсэн коллежид хуваарь авлаа гэхэд нь тийм юм бас байдаг юм уу гээд бас мэддэггүй л байлаа. Тэндээс Америкийн нэгдсэн улсын Макалестер коллежид хуваарь авсан. Тэр тэтгэлэг, тэтгэмж нь яана вэ, бид хоёр яаж төлнө гэж санаа зовж байхад өөрөө хүмүүстэй уулзаад арга учраа олоод тэтгэлэгт хамрагдаад бүх сургуулиа төгссөн дөө.
-Хүүхдүүд нь амжилттай сайн явааг хараад та өөрөөрөө их бахархдаг уу?
-Өөрөөрөө бахархахаас илүү ханиараа бахархдаг. Сайн аавын хүүхдүүд байна аа гэж. Бас өөрсдийнх нь оролдлого байна. Хүн оролдож байж тодорхой үр дүнд хүрнэ. Тэгж явсаар байгаад дэлхийн Харвард гэдэг сургуульд суралцаж төгссөн.
ХҮҮГИЙНХЭЭ ТӨСГӨЛТИЙН БАЯРТ ОЧИХДОО, БАХАРХААД УЙЛЖ БАЙЛАА
Maкалестер /Macalester/ коллежийг төгсөхөд нь хүүтэйгээ очиж уулзаад төгсөлтийн баярт нь оролцоод хүүгээрээ бахархаж нулимс унагааж байлаа. Миний хүү Кофи Аннан /Kofi Annan/-ын нэрэмжит тэтгэлэг аваад сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарч шагнуулаад. Тэр шагналыг нь ээжийнх нь хажуул өгөхөд уйлж байлаа.
-Та хүүдээ юу голчлон захиж сургадаг байв?
-Миний хүү өөрийнхөөрөө л яв гэж хэлдэг байсан. Бидний хэлсэн зүйл бол тэр.
-Хурууныхаа хээг арилтал бидний төлөө ажилласан гээд хүү нь эмзэглээд ярьж байсан. Та сонссон байх. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би хурууныхаа хээг арилтал ажиллалаа гэж яаж бодох вэ. Би агрономич хүн. Газар шороотой нөхөрлөдөг. Газар шороотой ажиллах дуртай. Нэг үр тариад мянган үр авна гэж зүтгэнэ шүү дээ. Миний хүү сургуулиа төгсөөд Америкт аав ээжийгээ урьсан. Төгсөлтийн баярт ирээч гээд. Гадаад оронд очих нь . Бүр Америк оронд очих нь гээд бөөн баяр. Тэгээд гадаад явдлын яаманд очлоо. Нэр дуудаад, хурууныхаа хээг өгөөрэй гээд хүмүүсийг дууддаг юм байна. Миний нэр гарахад босож очоод нэг юм дээр дарсан. Хээ нь гардаггүй. Та гараа арчаад ир гэлээ. Миний гар хиртэй юм байхдаа гэж бодоод санаа зовоод. Нойтон алчуур өгөөд арчсан ч гардаггүй. Угаагаад ирсэн ч гарсангүй. Бараг гучин минут дарсан. Сүүлд нь Америкийн өндөр шар, хурууны хээ авч байсан хүн та хаана амьдардаг вэ? Ямар ажил хийж байсан бэ гэсэн. Би Ховд аймаг, хөдөө орон нутгаас ирсэн хүн байна. Би агрономич мэргэжилтэй газар шорооны ажил олон жил хийсэн. Тариа будаа тариад, газар шороо оролдоод явсан гэсэн чинь “хөөх” гээд л. Намайг хөтөлж яваад таны визийг одоо гаргана. Баярлалаа гээд миний гарыг илээд надад баяр хүргээд. Тэгээд санаа амраад, визээ гаргуулсан. Тэр үед л хурууны хээ байхгүй гэдгийг ойлгосон.
-Ер нь эмэгтэй хүн байх хэр ээдрээтэй, эсвэл азтай хувь юм бэ?
-Эмэгтэй хүн байх сайхан. Зовсон уу гэвэл зовсон. Эмэгтэй хүн байж хүрз бариад, 80 га газар ногоо тарьсан. Тэр хүнд хөдөлмөр байсан. Би гэхдээ зовж байсан гэж хэлэх дургүй. Зовж байсан гэж хэлж байгаагүй. Яагаад гэвэл бид тэр нийгэмд тэгэж хөдөлмөрлөх ёстой. Тэгэж байж бид давах ёстой.
Өнөөдөр бид ам бүлээрээ байна. Бид хоёр анх айл гэр болоод энэ айлыг бүтээсэн. Одоо дөрвөн хүхэдтэйгээ зургуулаа тэгш дүүрэн байна. Жаргалтай байна.
-Баярлалаа. Та урт насалж, удаан жаргаарай.
Багшийгаа таньсангүй … Багш маань жинхэнэ сэхээтэн хүн шүү дээ. ХААТ ийн агроткхникийн ангид инженер багш байлаа.. Таньдаа эрүүл энхийг ерөөе