136 жилийн түүхтэй шинжлэх ухаан, танин мэдэхүй, байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг дэлхийн шилдэг National Geographic нийгэмлэг Динза, Цондоолой нарыг байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрээр сонгосон бахдам амжилтыг нэн тэргүүнд онцолъё.
Хотын охин Цондоолой, өнчин ишиг Цүндээлэй, дэлхий дээр үлдсэн сүүлчийн амьд динозавр Динза, Динзаг олсон Жижгээ…Комик номын гол баатруудын гайхалтай адал явдал, үерхэл нөхөрлөл үе үеийн уншигчдадаа мэдлэг олгоод зогсохгүй, үлгэр жишээ нь болсоор ирсэн.
Цондоолой, Цүндээлэй мэндэлсэн нь
Зохиолч А.Дэлгэржаргал хүүхдүүдээ унтуулахдаа орой бүр бага насныхаа амьдралыг орчин үеийн хүүхдийн амьдралтай нэгтгэж зохиомжлон ярьж өгдөг байснаас анх “Цондоолой, Цүндээлэй” мэндэлсэн түүхтэй. Энэхүү комик 2004 онд бяцхан уншигчдынхаа хайрыг татсан, өнгөт, олон төрлийн танин мэдэхүйн мэдээлэл түгээдэг хүүхдийн сар тутмын “Нар” сэтгүүлд хэвлэгдэж эхлэв. Өхөөрдөм ишиг, ухаалаг охин 2-ын адал явдал бяцхан уншигчдад туйлын шинэлэг байлаа. Учир нь комик ном тэр үеийн шинэ төрөл жанр байсан юм. Монголын шинэ, залуу шинжгэнэсэн зураачид Цондоолой, Цүндээлэй болон бусад баатруудыг бүтээж, шилдэг артистууд, зураачид нэг цул болон ажиллаж байлаа. Тийнхүү Цондоолой, Цүндээлэйн 21 дэвтэр хэвлэлийн хуудаснаа амиллаа. Охидын цог золбоог харуулсан цовоо охин Цондоолойг бяцхан уншигчдынхаа хүртээл болгосон “Ирмүүн” агентлаг цаашид хөвгүүдийн төлөөлөл болгож Динзаг бүтээх уран бүтээлийн эрэлд мордлоо.
Хамгийн олон цуврал “Динза”
Хамгийн, хамгийнаар тодотговол “Динза” комик ном 46 цуврал буюу Монголын хамгийн олон “анги”-тай комик ном юм. “Динза” “Цондоолой”-гоос 5 насаар “дүү”.
Динза, Жижгээ хүү, Хонгороо охин, шидэт сахиус, хөгшин цөөвөр, увидаст эмгэн, муу ёрын сүнс, хар шидтэн… Нэр нь ч, үйл явдал нь ч хэрхэн сонирхолтой өрнөдгийг “Динза”-гийн үнэнч фэнүүд андахгүй мэднэ. “Динза” түүхэн цаг үед очно. Хүннү гүрнээс эхлээд Монголын бүхий л их хаадтай уулзана. Мөн гараг эрхсээр ч аялна. Адал явдалт аяллынхаа турш сониуч зандаа хөтлөгдөн, юмс үзэгдлийн утга учрыг танин ойлгоно. Энэ бүх үйл явдлыг хүүхдийн сэтгэхүйгээр илэрхийлж, зураг бүхнийг нь яруу өгүүлэмжтэй дүрслэх хэр хэцүү бол?
Нэгдмэл чанар
Тэгвэл Цондоолой болон Динза комикууд юугаараа нэгдмэл вэ? Хоёр комикт хоёуланд нь үнэнч нөхөрлөл, хайр хүндэтгэл, саад бэрхшээл, эрсдэлийг тооцох чадвар, уучлах ухааны мөн чанарыг ойлгуулж, сэтгэлийн боловсролыг олгодог. Шинжлэх ухаанч үзлийг хөгжүүлдэг. Яг энэ чанараараа нэгдмэл юм.
Цахим хөгжлийн эрин үед цаасан номын ач холбогдлыг товойлгон гаргахын төлөө Динза, Цондоолой нар урагшилсаар… Тиймээс 2.3 сая ширхэг хэвлэгдэн хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээлд дээд амжилт тогтоосон бестселлер болсон юм. Ерөнхий боловсролын сургуулиудын ханаар энэ комикийн зургууд байршиж, сурагчдыг хамарсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхдүүдийг номын сайн нөхөр болохыг уриалсаар байна.
Урам хайрладаг баатрууд
“Динза” “Цондоолой Цүндээлэй 2” комик уран бүтээлийн багтаа шинийг эрэлхийлэх урам зориг авчирдаг. Ингэж тодотгохын учир нь алдарт National Geographic төслийг 2012 онд “Ирмүүн” агентлаг эх орондоо нутагшуулан, “Traveler”, “National Geographic Kids” сэтгүүл болон дижитал хувилбарыг эх орондоо англи, монгол хэлээр хэвлэн, уншигчдын хүртээл болгосон. Хүүхдэд зориулсан, сэтгэл зүйн боловсрол олгох National Geographic Kids сэтгүүлийн 26 дугаар монгол, англи хэл дээр хэвлэгдэн оюуны хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ бол Ирмүүн агентлагийн бахархалт түүх билээ.