“Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баялгийн хараалаар зовж байна” гэсэн гарчигтай нийтлэл дөрөв хоногийн өмнө “MSN” хэвлэлд гарсныг доор орчуулан хүргэж байна.
Монголын ирээдүйд сайн, дунд, муу гэсэн гурван хувилбар бий. Байгалийн баялаг, геополитикийн зөрчилдөөн, хурцадмал байдал нь бүс нутгийн хөгжлийг хойш татдаг улсын хувьд баялгийн хараал бол хар дарсан зүүд буюу муу хувилбар. Улстөрчид байгалийн баялгийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгодог нь улс даяар тэмцэл үүсгэдэг.
Хувилбарын судалгаа, боловсруулалтад оролцсон Дэлхийн эдийн засгийн форумын Стратегийн төлөвлөлтийн газрын дарга Кристел Ван дер Элст хэлэхдээ “Монгол Улсын цаашдын хөгжил уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараас гадна хөрөнгө оруулалтаа хэрхэн зарцуулахаас шалтгаална. Монголын шийдвэр гаргагчид гурван хувилбарын аль нэгийг дагаж мөрдөх албагүй. Гагцхүү ирээдүйг илүү бодитоор харж, стратегийн чухал шийдвэрүүдийг гаргаж, зөв замыг сонгоход нь туслахыг зорьж байна. Хамгийн муу хувилбараар явсаар Монгол Улс баялгийн хараалд өртөх үү, түүнээс зайлсхийх үү гэдэг сонголтын өмнө тулгарсан гэдэг нь илт байна” гэжээ.
БОРТЭЭГИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СХЕМ БУЮУ “ЭРГЭЛТИЙН ЦЭГҮҮД”
Байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж чадаагүй улс орнууд шунахай улстөрчид бус гэмт хэргийг мэдсээр байж зогсоож чадаагүй хүлцэнгүй хүмүүсээс болж баялгийн хараалыг амссан байдаг. Өөрөөр хэлбэл, баялгийн хараалд өртөх үү, хөгжилд хүрэх үү гэдгийг ард түмэн л шийднэ. Монголчуудад ч ийм боломж бий. Монголын төр авлигатай тэмцэж, тэр тэмцлийн үр дүнд нэгэн хэрэг илэрсэн нь монголчуудад сонголт хийх боломж бүрдэж байна гэсэн үг.
Энэ хэрэг бол “Нээлттэй сонсгол”-оор олон нийтэд ил болгосон Бортээгийн коксжих нүүрсний ордыг нууцаар тохиролцсон ноцтой хэрэг юм. Хэргийг УИХ-аас байгуулагдсан Хяналтын түр хорооноос илрүүлж, өнгөрсөн арванхоёрдугаар сард нийтэд ил болгосон.
Бортээгийн орд нь Тавантолгойн найман ордын нэг бөгөөд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр тэнд хайгуул хийж, нөөцийг нь баталгаажуулсан билээ. Засгийн газраас гаргасан ТЭЗҮ-ээр 424 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй болох нь 2021 онд тогтоогдсон. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн бүлэг ордын нэг Зүүн Цанхийн ордыг 2020 онд IPO гаргаж, цугларсан хөрөнгийг нь Бортээгийн үйл ажиллагаанд зориулахаар төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн аж.
IPO бүтэлгүйтсэний дараа Ц.Ламжавын эзэмшдэг “Админерал” компани ганц оролцогчтой тендерт ялах замаар Бортээгийг авсан байна. Ц.Ламжав нь МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах юм. Харин Ц.Чулуунзагд нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д. Амарбаясгалангийн хамгийн ойрын хүн.
Баялгийн хараалд өртсөн улсуудыг харвал дуулгавартай нэгнийг төрийн албанд томилж, улс төр, бизнесийн бүлэглэл үүсгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авч давуу тал бий болгох зэрэг ижил төстэй аргуудтай. Бортээгийн хэрэг ч адил.
Ц.Ламжав нь БНХАУ-ын иргэн Хасбаатартай 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр “Моновант” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.
БОРТЭЭГИЙН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮС, КОМПАНИУД
Бортээгийн нүүрсний боловсруулалтын 100 хувь, борлуулалтын 60 хувийг гүйцэтгэдэг “Админерал” ХХК нь 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр “Моновант” ХХК-ийн 45 хувь (Монголын тал), “Hong Kong Ruishen Global Group” ХХК-ийн 34 хувь (Хонконг), “Quzhou Longyuan Trading” компанийн (Хятад) 21 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.
“Админерал” ХХК нь Бортээгийн ордод хуурай баяжуулах үйлдвэр барихаар зорьж, ердөө хоёр сарын дотор МТАС-тай хамтран өрөмдлөг, тэсэлгээ, олборлолт, боловсруулалтын эрхийг авчээ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн албан тушаалтан Д.Уужимсайхан “МТАС”-т тендерт байгаагүй худалдах эрхийг олгосон.
“Админерал” ХХК-д хувь эзэмшдэг хоёр компани “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанитай “Админерал”-аар дамжуулан холбогдож, худалдааны гэрээ байгуулжээ. Тодруулбал, “Hong Kong Ruishen Global Group” 26448 тонн нүүрс, “Quzhou Longyuan Trading” 20291 тонн нүүрсийг Хятад руу нууцлаг байдлаар экспортолж, худалджээ.
Ц.Чулуунзагд энэ ноцтой хэргийг өөртэй нь ч, Д.Амарбаясгалантай ч хамаагүй гэж эрс эсэргүүцэж байсан. Гэвч тэдэнтэй холбогдох зүйл дэндүү олон аж.
Нүүрс тээвэрлэх эрх олгодог Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзонг Д.Амарбаясгалангийн баруун гар гэдэг.
Шүүхээс ял сонссон Б.Ганхуяг нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн. Тэрбээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Та нар яагаад намын Удирдах зөвлөлөөс мэдүүлэг авахгүй байгаа юм бэ?”, “Би даалгавраа биелүүлсэн” гэснээр эрх баригчдын хэлснийг хийсэн хүн гэдгээ зарласан.
“Админерал” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Баярмаа нь Ц.Чулуунзагдын эхнэр юм. Тэрбээр зүгээр нэг цалинтай ажилтан бус ТУЗ-ийн гишүүн. 404 тэрбум төгрөгийн үнэ бүхий 424 сая тонн нүүрсийг “Админерал” болон “МТАС”-ын консорциумд худалдах эрхийг олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн албан тушаалтан Д.Уужимсанаа нь МАН-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Хажидмаагийн нөхөр юм.
Бортээгийг авсан нь МАН-ын генсек Д.Амарбаясгалантай шууд холбоотой.
“Админерал” ХХК-ийн албан тушаалтан Д.Чулуунзагд, Хасбаатар нар буюу Д.Амарбаясгалангийн найз нар Монгол Улсын хууль хяналтын байгууллагад хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй. Гэвч Д.Амарбаясгалангийн нөлөөлөл, эрх мэдлээс шалтгаалж мөрдөн байцаалтын ажиллагаа зогсонги байдалтай байна. Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Админерал” ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн тендерт ялсан, бүх зөвшөөрлийг шууд авч байгаа зэрэг нь түүний эрх мэдлийг харуулж байна. Тэр төрийн албанд өөрийн хүмүүсээ томилж, зорилгоо төвөггүй биелүүлдэг.
Хамгийн ноцтой зүйлийг доор дурдъя. Баяжмалын үйлдвэрийн хөрөнгө оруулалт нэрийн дор 30 сая ам.доллар бэлнээр авснаа “Админерал” ХХК тайлбарлаж чадаагүй. Хятадын “Hongkong Ruishing Global Group” компаниас 2023 онд “Админерал” ХХК руу 30 сая ам.доллар илгээсэн нь зорилго тодорхойгүйгээр Монголд шингэсэн байна.
Олон улсын эрүүгийн мөрдөн байцаалтын зарчмаар энэ мөнгөний гарал үүслийг тогтоох ёстой. Үүнийг Хятадын тал, Олон улсын эрүүгийн байгууллагатай хамтран тогтоох ёстой. Хууль бус аргаар олдсон мөнгө угаасан байж болзошгүй гэсэн хардлага бий. Мөн энэ мөнгө Монгол руу орж ирсэн зорилго, юунд зарцуулагдаж байгааг хянах ёстой.
Д.Амарбаясгалангаар дамжуулан Хятадын талаас хэн нэгэн, эсвэл улс төрийн зорилготой бүлэглэл Монголын улс төрд нөлөөгөө тогтоож, түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх магадлалтай.
Дээрхээс үл хамааран Монгол Улсын хууль хяналтын байгууллага дотоод болон олон улсын мөрдөн байцаалт явуулах ёстой. Олон улсад их хэмжээний бэлэн мөнгийг авлигатай холбож үздэг. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүй ийм хэргүүдийг шууд холбоо хамааралгүй байсан ч, өчүүхэн төдий сэжүүртэй байсан ч эрэн сурвалжилдаг.
Бортээгийн хэргийг Д.Амарбаясгалантай холбох сэжүүр дэндүү олон. Гэтэл УИХ-аас байгуулагдсан Хяналтын хороо хэргийг олон нийтэд зарлахдаа зөвхөн шууд хамаарлыг дурдаж, нэг бүрчлэн шалгаагүй нь Д.Амарбаясгалан дотооддоо хэт эрх мэдэлтэй байгаатай холбоотой болов уу.
ИНТЕРПОЛ АВЛИГЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас баяжмалын үйлдвэрийн хөрөнгө оруулалт нэрийн дор “Админерал” ХХК-д 30 сая ам.доллар бэлнээр илгээсэн “Quzhou Longyuan Trading” ХХК, “Hong Kong Ruishen Global Group” ХХК-ийг Интерполд шалгуулахаар хандсан. Мөнгөний эх үүсвэрийг шалгах чиглэлд Интерполтой хамтарч ажиллах хэрэгтэй. Учир нь Д.Амарбаясгалан ирэх УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байна. Төрийн эрхийг хууль бусаар олж авахын тулд дээрх 30 сая ам.долларыг авсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Хэрэв энэ нь нотлогдвол Монгол Улсыг монголчууд биш, эрх баригчидтай ижил ашиг сонирхлоор холбогдсон олон улсын мафийн бүлэглэл удирддаг гэж үзэж болно.
Эцэст нь хэлэхэд, улс болгонд шунахай улстөрчид байдаг. Баялгийн хараалд өртөх үү, хурдацтай хөгжих үү гэдэг нь ард түмэн тэмцэж, тэдгээр улстөрчдөөс салж чадах эсэхээс шалтгаална. Монголчууд бохир улстөрчдөөсөө салж, баялгийн хараалаас зайлсхийх цаг ирж байна. Энэ цаг үед Бортээг, Д.Амарбаясгалан нарын хэрэг “эргэлтийн цэг” болж байна.
Эх сурвалж: MSN