Хүний амьдралд жижигхэн юм шиг мөртлөө цаад утгаараа асар их үнэ цэнийг агуулж байдаг зүйл хамгийн чамин бөгөөд бодит хөрөнгө оруулалт.
Энэ амьдралд зөв цагтаа, хэрэгтэй хүндээ тэр жижигхэн зүйлийг өгөх нь магадгүй тухайн хүний амьдралыг эерэгээр, үнэ цэнтэйгээр өөрчилдөг. Ийм л үнэ цэнтэй болоод эерэг өөрчлөлтийг өөртөө олж авч чадсан эрхмийг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урилаа. Түүнийг Отгоны Батхүү гэдэг. Хуул зүйн салбарт 20 дахь жилдээ ажиллаж яваа.
-Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Намайг Отгоны Батхүү гэдэг. Хуульч мэргэжилтэй. Би Дарханы Хонгор сумынх. 10 жилийн боловсролоо тэнд суралцаж төгссөн. Манай гэр Хонгор суманд ногоо тарина, бас хэдэн үхэртэй. Би хүүхэд байхдаа хааяа үхрээ хариулдаг, бэлчээрт гараад л ном их ушдаг, номтой нөхөрлөдөг хүүхэд байлаа.
Манай аавыг Отгон гэдэг. Ээжийг Норжиндулам гэдэг. Манай аав жолооч, ээж маань үйлдвэрт ажилладаг байлаа. Манайх зургуулаа, би дээрээ нэг ах, дөрвөн эгчтэй, айлын бага хүүхэд. Одоо ээж маань Хонгор сумандаа амьдарч байна.
Хуульч хүн бол нийгмийн эмч
-Хуульчид нэг ёсондоо өөрсдийн ажиллаж мэргэшсэн чиглэлдээ илүү төрөлжсөн гэх юмуу? Таны хувьд аль төрлийнх нь хуульч вэ?
-Би илүү яг хэрэглэгчийнх нь талд, бизнес эрхлэгчийнхээ талд, хүмүүсийн талд явдаг тэр төрлийнх нь хуульч. Хуулийн салбартаа яг 20 жил ажиллаж байна. Илүү нөгөө хувийн салбарт, одоо нөгөө хөрөнгө оруулалт, гэрээ, компанийн засаглал чиглэлээр голлож ажиллаж байгаа ийм хуульч байна.
Хүний бие өвдвөл тэрийг эмч эмчилдэг. Нийгэм болохоо байвал хуульчид тэрийг эмчлэх ёстой. Ямар дүрэм журам болохгүй байна, хаана нь очоод гацчихсан байна. Юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг эмчилдэг, анагаадаг хуульчид бол байгаа.
Банкны нэг хувийн асуудлыг шийдүүлж чадсан нь
олон нийтэд урам өгсөн
-Таны хувьд олон нийтийн эрх ашгийн төлөө чухал нэг асуудлыг шийдүүлж чадсан нь банкны 1 хувийн шимтгэл. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Нэг хүний хэрэг дээр яваад асуудлаа шийдүүлж болно л доо. Тэгэхэд олон нийт дунд тэр болгон өмгөөлөгч аваад шүүхээр яваад байх бололцоотой хүн харьцангуй цөөхөн. Тэгээд хуулиа мэддэг хүмүүс цөөхөн учраас би бодож байгаад аль болох олон хүнд хамааралтай асуудлыг нэг мөр шийдүүлчих юм бол хэрэгтэй юм болов уу гэж бодох болсон. Ингээд банкны нэг хувийн шимтгэл дээр маргаан хийсэн. Банкууд одоо зээл олгохдоо зээл судалсны зардал гараагүй байхад зээл судалсны шимтгэл гээд 1 хувийг иргэдээс аваад байсан юм. Тэгээд энэ дээр би Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамт шүүхийн маргаан үүсгээд хоёр шатны шүүхээр яваад ялалт байгуулсан.
Хүмүүс одоо асуудаг юм. Батхүү хуульч аа, нөгөө 1 хувийн шимтгэл чинь юу болов оо? гээд асуудаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа асуудал.
-Та нийгмийн хариуцлагын хүрээнд жилдээ 1-2 удаа олон нийтэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ өгдөг юм билээ?
-Би боддог юм. Бид олон нийтийн эрх ашгийн төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хааяа ч болов дуугарч, ажиллаж байх ёстой. Энэ ч утгаараа үнэ төлбөргүй энэ ажлыг жилдээ 1-2 удаа үзүүлэхийг бодож бодит ажил хэрэг болгодог. Мөн бусад хуульчиддаа ч ингэж ажиллахыг уриалмаар байна.
200 долларын тэтгэлэг миний амьдралыг
өөрчилсөн үнэ цэнтэй зүйл
-Таныг оюутан байхад хамгийн үнэ цэнтэй эерэг өөрчлөлтийг Японы тэтгэлэг өгсөн гэж би сонссон?
-Яг тийм. Хоёрдугаар курст намайг сурч байхад Японы сангийн тэтгэлэг ирсэн. Чамд ингээд 200 долларын тэтгэлэг өгч байна гээд гардуулж байлаа. Би тэрийг аваад маш их баярлаад, үүгээр юу хийх вэ? гэж хамгийн түрүүнд бодсон. Тухайн үед МУИС-ийн Гадаад харилцааны сургуулийн англи хэлний оройн анги гэж явдаг байсан. Хоёр жилийн хугацаатай. Тэгээд ерөөсөө энэ 200 доллараар би ер нь суръя, хэл усаа сайжруулъя гэж шийдсэн.
Өглөө нь хуулийнхаа сургуульд суугаад, орой нь хэлний ангидаа хичээлд явж байлаа. Би одоо ингээд бодоход миний амьдралыг өөрчилсөн хамгийн үнэ цэнтэй зүйл бол тэр 200 доллар байдаг юм. Хэн нэгний амьдралыг жижиг ч болов зүйлээр хөрөнгө оруулалт хийж энэ тэтгэлэг шиг эерэгээр өөрчлөх юмсан гэж хааяа бодож явдаг.
-Таны хувьд цахим спорт их сонирхдог юм байна? Энэ чиглэлээр Монголынхоо цахим спортын тамирчдыг дэмжиж ажилладаг уу?
-Онлайн тоглоом тоглоход тэнд хүн хамаг стрессээ өрөөсөө гаргаж холдуудлж чаддаг. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөө гаргаад, орилоод, сандраад л дээш доошоо гүйгээд л цаг тоглосны дараа мөрөн дээр байсан ачаа алга болоод маш гоё. (инээв)
Онлайн спорт гэдэг бол зөвхөн тоглоом гэдгээс гадна тэнд маш том зах зээл байдаг. Тэр тэмцээнд орж байгаа шагналын сан гэхэд 10, 20 сая доллароор хэмжигдэж байгаа. Ийм том зах зээл тэнд байдаг. Монголын цахим спортын баг тамирчдад боломж л байвал туслан дэмжиж, хамтран ажилладаг. Хуульч хүнийхээ үүднээ хуулийн гэрээ контракт боловсруулж өгөх гэх мэт. Тэгээд би яг сонирхлоороо, хоббигоороо энд оролцоод явж байгаадаа их баяртай байгаа.
Салбартаа 20 жил ажилласан он жилүүдээ эрхэмлэдэг
-Анх яагаад хуулийн салбарт ажиллах энэ мэргэжлийг сонгох болов?
-1-8-р анги хүртлээ математик, байгалийн шинжлэх ухааны хичээллээр түлхүү сонирхон хичээлэдэг байсан. Гэхдээ хуульч болох зорилго, мөрөөдөлтэй. Хуулийн сургуульд орсон түүх бас их сонирхолтой. Манайх чинь Хонгорт байгаа шдээ. Гэтэл конкурс маргааш нь эхлэх гээд байдаг. Тэгээд Хонгороос Дархан руу өглөө тийм эрт явах унаа байхгүй. Шалгалтын өмнөх өдрийнх нь шөнө нь вагонд суугаад Дархан орлоо. Дарханд буугаад тандаг айл байхгүй. Дарханы вокзал дээр шөнөжингөө хичээлээ үзэж хоноод өглөө 06:00 цагт хуучин Дарханаас шинэ Дархан хүртэл нэг цаг алхаж очлоо. 17-р сургуулийн гадаа яваад очсон чинь хөөх наадам шиг юм болж байнаа. Конкурст орж байгаа хүүхдүүд чинь найз нөхөд, ээж аав, ах дүүтэйгээ хамт ирчихсэн бужигнаж байлаа. Тэгэхэд би одоо ганцаараа юу хийж тэнд явсан юм.(инээв)
Шалгалтын материал ирлээ. Үзсэн чинь бүгд мэддэг юм. Нүдэндээ ч итгээгүй. Эхлээд нэг тестэлж үзээд л, нэг цэг тавьж үзэж байгаад л таван минутын дараа дахиж нягтлаж харсан чинь яг зөв байнаа. Тэгэхээр нь бүгдийг нь ингэж бөглөчихөөд л, ердөө 10 минут л зарцуулж байгаа юм.
Бид нарын тэр үед шалгалтын материалыг уншдаг машинаар уншуулдаг байсан. Яг л сонгуулийн санал уншдаг машин шиг. Тэгээд манай ангид машин нь орж ирээд л, хүүхдийн материалыг хийхээр алдаатай бол чимээ гаргаад дуугардаг. Маш их дуугарвал их алдсан гэсэн үг. Тэгээд манай ангиас нэг материал ингээд хийсэн чинь ямар ч чимээ гаргалгүй шууд л нөгөө талаар нь гараад ирэхгүй юу. Нөгөө хүн нь гайхаад л хоёр, гурав хийж үзээд ямар сонин юм бэ, нэг ч алдаагүй хүүхэд танай ангиас гарлаа гээд л тухайн үед яг хэн гэдгийг нь хэлэхгүй байгаа юм. Тэгээд шалгалт дуусаад гараад оноогоо харсан чинь яг миний код дээр би 100 хувь оноо авсан байсан. Ингээд иргэний эрхзүйн анги, эрүүгийн эрхзүйн анги, Олон улсын эрхзүйн анги гээд сонголтууд байлаа. Би тухайн үед Олон улс нь их гоё харагдаад энэ ангийг сонгон орж байсан. 7 хоногийн дараа манай гэрт нэг хүн орж ирээд л танай хүүхэд чинь 100 оноо аваад МУИС-ийн хуулийн ангид орсон гэнээ гэж хэлсэн. Тэгэхэд манай аав, ээж хоёр мэдэж байгаа юм. Хүүе ээ чи чинь сургуульд орчихсон юм уу гээд л.(инээв)
-Та зорьсон зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай байж чаджээ. Залуучуудад хандаж та хэрхэн юу гэж зөвлөх бол?
-Чи 10 жилдээ сайн сурсан бол тэр зам чинь чамайг их сургууль руу орох замд хөтөлнө. Их сургуульдаа сайн сурах юм бол тэр зам чинь чамайг сайн ажилд орох зам руу хөтөлнө. Хэрвээ чи сайн ажилд ороод цалин авах юм бол чиний дараагийн зам чинь улам нээгдээд л явна. Тэгээд чи ажил дээрээ хичээгээд бас гайгүй цалин аваад явах юм бол би ингээд болчихлоо, бусад нь хамаагүй гэж бодож эхэлж байгаа юм. Ингэснээр хүн нийгэм рүүгээ хандаж эхэлдэг.
Монголын энергийн салбарын гурван том төсөл дээр
ажилласан өөрийгөө азтай гэж боддог
-Та энэ салбарт ажиллаж байхдаа маш том гурван төсөл дээр ажилласан байдаг?
-Хуулийн салбарт ажиллаж байхдаа Монголын энергийн салбарын гурван том төсөл дээр ажиллаж байсан. Эдгээр төслүүд дээр ажилласан би өөрийгөө азтай гэж боддог. Хамгийн эхнийх нь бол Эрдэнэс Тавантолгой гээд компанийг анх үүсгэн байгуулагдахад нь ажиллаж байсан. Эхний 10 гаруйхан хүн байсны нэг нь би байв. 2012 онд энэ төсөл дараагийн шатанд орох гэж байсан. Олон улсын нээлттэй тендер зарлахад тендерийн хорооных нь нарийн бичгээр би ажиллаж байлаа. Харамсалтай нь засаг солигдоод тэгээд энэ компани чинь Олон улсын бирж дээр листэд паблик компани болох гэж байснаа Төрийн өмчит компани болж хувирсан.
Хоёр дахь нь Монгол улсын Засгийн газар, Францын Засгийн газрын хамтарсан нь ураны төсөл. Энэ төсөл дээр Босоо Хөх монголын хүмүүс шүүхдээд тэгээд компаниас надад хандаад энэ маргаан дээр ажилласан. Тухайн үед энэ Босоо Хөх монголынхонтой шүүхийн маргаанд ороход хүндрэлтэй байсан л даа. Тэд нар чинь Шүүхийг бүслээд, хаагаад, шүүх хуралдаанд орохдоо уриа лоозонгоо бариад хүмүүсийн зургийг нь аваад сонин дээр тавьчихдаг. Тэгэхээр ийм хүнд хэцүү үед энэ ураны төсөл дээр ажиллаж байсан юм.
Хамгийн сүүлийн төсөл нь газрын тос боловсруулах үйлдвэр. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа энэ төслийн үндсэн эхлэлийнх нь гэрээнүүдийг нь хийж ажилласан. Төрийн өмчит компанийн дэд захирлаар нь ажиллаж байлаа. Тэгэхээр миний ажиллаж байсан гурван төсөл маань бүрэн хэрэгжих юм бол Монгол улс эрчим хүчний хувьд бие даасан хараат бус болох бүрэн бололцоотой гэж үзэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Хилийн дээс алхаад л монгол хүн харж байвал бид баярладаг. Тэгэхээр одоо ингээд талцал, хуваагдлаа хойш нь тавих хэрэгтэй. Би энэ хүнээс юугаараа ялгаатай вэ гэж харах нэг арга байгаа. Би энэ хүнтэй юугаараа ижилхэн бэ гэж хардаг нэг арга байна. Тэгэхээр би юугаараа ижилхэн бэ гэдгийг харвал бид нар их гоё нийгмийг бүтээх юм болов уу л гэж боддог доо.