Төрийн алба бол хүн чанарын алба юм. Төрийн албанд зүтгэдэг хүмүүс энэ албанд чин сэтгэлээ зориулан дурлаж ажилладаг. Иймдээ ч төрийн албанд сайн хүн олон бий. 20 орчим жил төрийн албанд өөриймсөг сэтгэлээр хандаж, олон түмнийг ялгалгүй, тэгш хандаж, хүн чанарыг өмнөө тавин ажиллаж ирсэн Эдийн засагч, Эрхзүйч Дашдаваагийн Ганболдыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийнхаа дугаарт урилаа. Тэрээр төрийн захиргааны чиглэлээр олон жил ажиллахдаа шат шатаар шударга зарчмаар дэвшин дээшилж ажилласаар “Тэргүүн түшмэлийн дэд зэрэг” хүртэж байсан нь түүний ямар тууштай, хөдөлмөрч төрийн албандаа бүхнээ зориулж явдгийг илтгэнэ.
-Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Дашдаваагийн Ганболд гэдэг. Хөвсгөл аймагт төрж өссөн. 1999 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нэгдүгээр 10 жилийг төгсөж, улмаар МУИС-ийн эдийн засгийн сургуулийг эдийн засагч, статистикч мэргэжлээр, Сити их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй.
Хүн чанар, мөн чанараа гээлгүй яваарай
-Хоймор сайхан Хөвсгөл нутгаас аавынхаа залгамж чанар болон төрдөө зүтгэж иржээ. Аав, ээж тань хүүгээ төрийн албанд тасралтгүй зүтгэх, илүү хариуцлагажуулах урам зориг өгч байсан байх?
-Манай ээж, аав хоёулаа Хөвсгөлдөө төрж өссөн хоймор нутгийн унаган хүмүүс. Манай ээж багш хүн. Хүүхэд байхаас минь л бидэнд худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй байх хэрэгтэй гээд зааж сургадаг байсан. Бүгдийг нь манай ээж маань л захиж хэлдэг байсан. Үүнээс гадна аавынхаа төрийн албанд ажиллаж байгаа тэр хөдөлмөрч зан байдлыг нь ажиглаж харсаар өссөн. Эндээс надад юу дадал болж суусан гэхээр хүн чанар, мөн чанараа гээхгүй байх нь л олонтой явах үндэс болдог юм байна гэдгийг би ухаарч ойлгож авсан даа.
“Төрийн алба намайг дурлуулсан”
-Таны хувьд хэдэн оноос төрийн албанд зүтгэж, ажлын анхны гараагаа хаанаас эхлүүлэв?
-2003 оноос миний ажлын гараа эхэлсэн. Анх УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж эхлээд үргэлжлүүлээд төрийн албанд дурлаад гэх юмуу даа.
Төрийн албанд дурласан шалтгаан маань нэг настай хүн над дээр гомдол бичээд ирсэн. Тухайн хүний гомдлыг би хууль эрхзүйн хувьд уншиж үзээд та ердөө л энийг ингэчихсэн бол таны энэ өргөдөл тэнд шийдэгдэх байжээ гэдэг асуудлыг хэлсэн. Тэгтэл нөгөө настай хүн маань надад үүнийг л сайн ойлгуулаад, тайлбарлаад өгчихсөн бол би анхнаасаа энэ өргөдөл гомдлоо зөв болгох байлаа. Хэрвээ агийн эртэд ингэж ойлгуулсан бол би энэ хүртэл цаг алдаад явахгүй байсан. Энэ асуудлыг манайх шийддэггүй юмаа, энэ чинь болдоггүй юмаа гээд яагаад намайг шидсээр байсан юм. Түүний улмаас л Засгийн газрын хэрэг эрхлэх газарт, Ерөнхий сайдад хүртэл гомдол бичихэд хүргэчихлээ шүү дээ гэдэг асуудал ярихад нь би уучлаарай, энэ манай зарим нэг чадваргүй ажилтны буруу байжээ гэдгийг тайлбарласан. Харин нөгөө ахмад настан, за миний хүү төрийн алба бол ерөөсөө л хүн чанарын алба юм, байна, баярлалаа гээд гарахад нь тухайн үед ямар гоё юм бэ гэж бодогдож бас дурлаж билээ.
Миний хувьд бусдын төлөө, олон нийтийн эрх ашгийн төлөө л сэтгэл гаргаж ажлаа урагшлуулдаг зарчимтай хүн. Анхлан төрийн албанаас ажлын гараагаа эхлэхдээ шат шатаар, өгсдөг тэр зарчмаар нь урагшилсаар төрийн захиргааны “Тэргүүн түшмэл”-ийн дэд зэрэг хүртсэн.
-Төрийн албан хаагчийн мөн чанарыг та сая маш энгийнээр уран яруу тодорхойлж хэллээ. Энэ албанд бусдын төлөө гэсэн сэтгэл сайтай хүмүүс олон ажилладаг байх?
-Тэгэлгүй яахав. Сайн төрийн албан хаагчид олон бий. Энэ хүн надаас юм гуйж байна даа гэдэг хандлагаар хандаад эхлэх юм бол төрийн албаны зарчим нь өөрөө зөрчигдөөд явчихаж байгаа юм гэж би хардаг.
Төрийн ажил хийхэд бас нэр хүндтэй, бусаддаа хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгддэг юм байна гэдэг ойлголтыг олж авсан. Хүний төлөө гэсэн сэтгэл л маш чухал даа. Бурууг нь шүүмжилсэн, болохгүйг нь хэлсэн хүнээ төрөөс явуулаад байх юм бол Монголын төр яг ямар хүмүүсээр боловсон хүчнээ бүрдүүлэх гэж байгаа нь маш ойлгомжгүй байдал руу очино.
Хүнийг хүндэлнэ гэдэг бол өөрийгөө хүндлэхээс эхэлдэг
-Таны хувьд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. тухайд үед Сайдтайгаа маргалдаж муудалцсан, үгнээс нь зөрсөн гэх олон янзын л мэдээлэл нийтлэгдэж байлаа?
-Одоо 2022 оноос хойш сайдынхаа үгэнд ороогүй гэдэг шалтгаанаар ажлаа өгчихөөд хувиараа ажлаа хийгээд явж байна. Энэ төрийн албанаас гарах шалтгаан бол надаас болсон асуудал байхгүй. Ер нь эрхзүйт төрийн тогтолцооны хувьд бол хуулиа дээдэлж, хүн бүгдэд хууль эрх тэгш хэрэгжиж, иргэддээ үйлчилгээ үзүүлэх ёстой болохоос биш хэн нэгэн сайдад үйлчилгээ үзүүлэх ёстой тийм ямар нэгэн хууль, эрхзүйн тогтолцоо байдаггүй.
Хүнийг хүндэлнэ гэдэг бол өөрийгөө хүндлэхээс эхэлдэг юм байна гэж ойлгодог. Өөрөө өөрийгөө хүндэлж байгаа хүн бусдыг илүү хүндэлдэг байх ёстой. Тэгээд хүн хүндлэхгүй байгаа хүн бол өөрийгөө ямар ч үнэ цэнгүй, ямар ч хүндлэлгүй авч явж байгаагийн илрэл гэсэн үг юм даа.
“Ногоон зээл” төслийг олон төрөл болгов
-Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж байх хугацаандаа “Ногоон зээл”-ийн төслийг олон төрөлтэй болгож бусдад илүү боломж олгож ажилласан тухайгаа танилцуулна уу?
-Намайг Байгаль орчны аялал, жуулчлалын яаман дээр ирэхэд ногоон зээлийн санхүүжилт хэдийнээ олгогдоод эхэлчихсэн байсан. Гэсэн хэдий ч цөөн нэр төрөлтэй, банкууд төдийлөн олгох сонирхолгүй байлаа. Харин энэ төслийг олон өнгөөр солонгоруулаад гэх юмуу, хотын түгжрэлийг багасгах гол түлхүүр, хүчин зүйл болох унадаг дугуй, скүүтер, цахилгаан машин зэргийг илүү олгох нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргаад банкуудтайгаа ярилцаад олгодог болсон. Өмнө нь илүү их үнэтэй болоод дундаж үнэтэй дугуйнууд нь зарагдахгүй үлддэг байсан. Хямд үнэтэй дугуй нь хамгийн түрүүнд дуусдаг гэдэг мэдээллийг тухайн үед надад дэлгүүрийн худалдагч өгч байсан. Тэгвэл тухайн ногоон зээлд скүүтер, дугуй, цахилгаан машиныг хамруулсан нь үр дүнгээ өгсөн тун чухал ач холбогдолтой ажил болсон. Ингээд дараа нь би тухайн дэлгүүр дээр очоод асуухад “Ногоон зээл”-д хамрагдсанаас хойш хамгийн түрүүлээд үнэтэй дугуйнууд мөн дундаж үнэтэй нь зарагдаж дуусдаг болсон. Илүү сайн дугуй авахаар бол захиалж авахаас өөр боломж байхгүй, ирэнгүүт нь хүн авчихдаг болсон нь ногоон зээлийн ач тус гэж танилцуулсан. Энэ нь надад их урам өгсөн, би ч сонсоод маш их баярлаж байлаа.
-Та ирээдүйн өнгийг хэрхэн тодорхойлж байна?
-Миний боддог бодол. Өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийн төлөө залуу үе бид нар л зүтгэж, хичээж явахгүй бол шүүмжилчихээд гэртээ сууж байгаа хүн орондоо хэвтчихээд хоол нэхэж байгаатай адилхан асуудал. Одоо яг өнөөдрийн энэ Монгол бол орондоо хэвтчихээд хоол нэхэж байгаа, галаа ч түлэхгүй, усаа ч авахгүй байгаатай адилхан харагдаж байна. Тэгэхээр энэ асуудлаа л бид нар өөрчлөх ёстой.
Ярилцсанд баярлалаа.