Сангийн сайд асан С.Баярцогтод гурван шатны шүүхээс оноосон ялын тогтоол илж боллоо.
Өрөг.мн сайтын редакц 2022 оноос хойш С.Баярцогтын хэрэгтэй холбоотой дөрвөн цуврал нэвтрүүлэг бэлтгэж цацаад байна. Тодруулбал С.Баярцогт гурван шатны шүүхээс ял сонссон ч учир битүүлэг шалтгаанаар ялгүй болж, улс төрд эргэн ирэхээ зарласан тухай бид өмнө мэдээлж байсан юм. Харин энэ удаа гурван шатны шүүхээс гаргасан ялын тогтоол ил болсон баримтыг үзэгч танд хүргэе.
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолт бүхий 55 хуудас материалтай ЭНД дарж танилцана уу.
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай ЭНД дарж танилцана уу.
- Улсын дээд шүүхийн тогтоолтой ЭНД дарж танилцана уу.
Эргэн сануулбал,
С.БАЯРЦОГТЫН АВЛИГЫН ХЭРЭГ ХЭРХЭН ЗАМХАРСАН БЭ?
2013 он:Сангийн сайд С.Баярцогтын Виржин арал, Бахамын арал дахь оффшор компанитай холбоотой 1 сая ам.долларыг Швейцарын банканд 2009 онд нээсэн дансандаа мартсан талаар олон улсын сэтгүүлчид мэдээлэв. С.Баярцогт уг мөнгийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байсан тул хариуцлага хүлээж, Улсын их хурлын дэд даргын албан тушаалаасаа огцорсон юм.
Сүүлд нь оффшор банканд мартсан мөнгөний дүн 9,2 сая ам.доллар болон нэмэгдэж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэр холбогдож эхэлсэн ба нуусан мөнгө нь түүнийг Сангийн сайдаар ажиллаж байхдаа 2009 онд “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэгт ажиллахдаа авсан авлига гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав. Тиймээс Авлигатай Тэмцэх Газар 2013 оны 04 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Түүнээс хойш Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийг 9 жил шалгасан.
С.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ ЕСӨН ЖИЛ ШАЛГАН, ГУРВАН ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗСЭН Ч ПРОКУРОРЫН ШИЙДВЭРЭЭР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛНЭ
С.Баярцогтын авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа
2013.04.04-2019.11.11-ний өдөр Авлигатай Тэмцэх Газраас С.Баярцогт нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони компанийн Швейцарын Холбооны Улсын Кредит Свисс Ай Жи банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Айвенхоу Майнз компанийн 150,000 /зуун тавин мянга/ ширхэг хувьцааг худалдан авч борлуулж хууль бусаар олсон мөнгийг угаасан, дээрх гэрээтэй холбоотойгоор өөртөө давуу байдал бий болгон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл “албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 18.6 дугаар зүйл “мөнгө угаах” 22.10 дугаар зүйл “үндэслэлгүйгээр хөрөнгөжих”- ээр эрүүгийн 1702001650085 дугаартай хэрэг үүсгэж 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусаж прокурорт шилжүүлсэн байна.
Хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019.11.11-2020.03.23-ны хооронд хянаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэл, Б.Ганбулган, Ц.Сүхбат нар яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн байдаг.
Яллах дүгнэлт:Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.