Их хотын амьдралд бид хөлөө олох гэж хичээхдээ дуусдаггүй ажил, дундардаггүй бухимдал, стресс дундуур туучихаас өөр сонголтгүй болдог. Өөрийн мэдэлгүй мөнгөний төлөө, эрх мэдэл, албан тушаалын төлөө бусадтай өрсөлдөж, туйлдахаа үл анзааран өнгөрөх нь ч бий. Энэ хүнд мэдрэмж дунд зогтусан амьсгал авах боломж өгдөг цор ганц зүйл бол бидний мөрөөдөл, мөрөөдөх эрх чөлөө юм. Мөрөөдлөө бодит болгож чадна гэдэг хүн бүхний туйлын хүсэл биз. Хүсэл зорилгынхоо үзүүрээс атгачхаад урд байгаа бартаат замаа тэвчиж, тэсэж, гүйдэггүй юм аа гэхэд мөлхсөөр урагшлан, эцэстээ хүрэх цэгтээ очих нь амьдралын нэгэн гайхалтай амт буй заа… Мартагдашгүй энэ л амтаа мэдэрсэн гурван ч “баатар”-ын талаар бид ойрын өдрүүдэд мэдэж, харамсах, бахархахын аль алийг нь мэдэрлээ.
Дэлхийн дээврийг зорьсон монгол уулчид… Хоёр хөлөөрөө унадаг дугуй хөлөглөн дэлхийг тойрч, шүтэн биширдэг тамирчинтайгаа гар барих мөрөөдлөө биелүүлсэн монгол залуу… Амьдрал зөвхөн эд баялаг, эрх мэдлээр хязгаарлагддаггүй. Аз жаргал гэдэг эдэлж хэрэглэх, махарч ажиллах, эсвэл буйдан дээрээ тухтай хэвтэхээр хэмжигддэггүй гэдгийг эл гурван хүн бидэнд дахин сануулах шиг болов.
Энэ бүхнийг эргэцүүлээд, саяхан өөрт мэдрэгдсэн энгийн атлаа ер бусын нэгэн мэдрэмжээ уншигч танд хуваалцъя. Ажлын л нэгэн өдөр байсан юм. Хүн бүрд л үе үе тохиодог оршихуйн хямрал, эсхүл уйтгар гунигийн мэдрэмж намайг бүчээд авах нь тэр. Түгжрэл дунд ухамсаргүй бодолдоо хөтлөгдөн цонхоор харж явахад, замын хажууд Германы болов уу гэмээр өндөр залуу кардонон цаасан дээр “Би ямар ч мөнгөгүй дэлхийгээр аялагч. Намайг дэмжээрэй” гээд кирилл үсгээр жирийтэл бичсэнтэй таарсан юм. Гүнзгий амьсгал авах шиг, зүйрлэвэл хүчил төрөгч бэлэглэх шиг л болсныг дурдъя. Хэн ч хүлээгүй атал бодолдоо хүлэгдсэн өөртөө уурсаад амьдралд олон сонголт байдгийг, аз жаргалыг хаанаас ч олж болдгийг санах шиг, ойлгох шиг болсон нь тэр. Бид нийгмийн хэлбэртээ багтах гэж өөрийгөө эвдэх үе бишгүй л тохиодог шүү дээ. Заавал юм шиг хичээсээр, чадахгүй бол ёроол руу живсээр буй нь харамсалтай…
Дээр дурдсан гурван “баатар”-ын тухайд, Манчестерийн Улаан Чөтгөрүүд багийн xөл бөмбөгчин Уэйн Рүүнийгийн үнэнч шүтэн бишрэгч Б.Очирваань мөрөөдлөө биелүүлэxээр өнгөрсөн оны тавдугаар сард эх орноосоо дугуй хөлөглөн хилийн дээс давж Иx Британи Умард Ирландын Нэгдсэн Xаант улсад хүрч чадсан. Унадаг дугуйтай 11 сарын турш аялаxдаа дэлхийн 20 орныг дайрч, 14 мянган км замыг туулсан нь энэ юм. Түүний мөрөөдөлдөө хүрэх зам энд бичих шиг хялбар байгаагүй нь ойлгомжтой. Гэсэн ч түүний мөрөөдөлдөө хүрч чадсаныг хүн бүр магтан шагшиж буй.
Харин мөрөөдөл зорилгоо биелүүлэхээр эрсдэлийг үүрэх зоригтой Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын таагүй мэдээлэл олныг эмгэнүүллээ. Тэднийг дэлхийн дээвэр 8600 метрийн өндөрт сураггүй алга болсон байдал олныг түгшээж байсан бол “Монгол уулчны цогцсыг оллоо” гэх мэдээлэл уншигчдыг гунигт автуулсан юм. Мөрөөдлийнхөө төлөө тэмцсээр амь эрсэдсэн уулчин Ц.Өсөхжаргал бол монголын нэгэн бахархал мөн. Түүний ар гэрийнхэн, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Түүнчлэн одоог хүртэл сураггүй байгаа монголын бахархал, уулчин Л.Пүрэвсүрэн таныг дэлхий даяар хүлээж байгаа гэдэгт итгэж байна.
Мөрөөдлийнхөө төлөө эцсийг нь үзэж чадсан эл гурван залуу бидэнд амьдралын утга учир, үнэ цэнийг дахин ойлгуулсанд гүнээ талархаж буйг энд илэрхийлье.