Нийслэлээс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх, мөн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно. Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас өнгөрсөн сарын 8-аас 26-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтад “Лариско медиа групп” ХХК шалгарсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг компанитай “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгууллаа.
Түрээсийн гэрээг байгуулснаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглох бөгөөд ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох боломжтой боллоо. Мөн 06:00-22:00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдын хэрэгцээнд нийцсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг хүргэнэ.
“Лариско медиа групп” ХХК нь хувийн хэвшлийн, үндэсний медиа технологийн компани бөгөөд CNBC Mongolia брэндийн онцгой эрхийг эзэмшигч юм. Хамтын ажиллагааны хугацаанд “Лариско медиа групп” ХХК нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд CNBC-гийн олон улсын баг Лондон, Токио, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС