Нэвтрүүлгийг бүтнээр ЭНД дарж үзнэ үү
Улс төрийн задлан нэвтрүүлгийн ээлжит дугаар үзэгч танд хүрч байна. Бид энэ удаа монголчуудын өвчлөл, нас баралтын цаад шалтгаан, хавдраар өвчлөгсдийн тоог хэрхэн бууруулах, эрт илрүүлэг, оношилгооны үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнсайхантай ярилцлаа.
-Монгол улсын ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигаар хүмүүсийн архины хэрэглээг хорьсон. Үүнд зарим хүмүүс дургүйцэж байна. Яагаад хүмүүсийн архи уухыг хориглоод байгаа юм бэ?
-Энэ нь хүмүүсийн ууж идэхийг хориглож байгаа биш, архи хэтрүүлсэн хэрэглэсэн хүмүүс эрүүл мэнд нь хохироод эмнэлэгт очдог. Үүний цаана эмнэлгийн хүртээмжийн асуудал байна. Мөн гэмт хэрэг зөрчлүүд ихээр гардаг. Эдгээрийг буруулах гэж энэхүү зарлигийг гаргасан.
Манай улсад зөвшөөрөгдсөн архины градус нь 38 байдаг. Гэвч өндөр градустай архийг богино хугацаанд хэрэглэдэг. Энэ нь дээрх асуудлуудыг бий болгож байна. Тиймээс энэхүү тоог бага багаар бууруулна. Хоёр жилд хоёр градусаар бууруулна. Үүнээс арван жилийн дараа Монголчуудын хэрэглэх архи 18 градус болсон байх төлөвлөгөөг гаргаад хэрэгжүүлж байна.
-Электрон болон янжуур тамхины татварыг нэмж, тамхидалттай тэмцэнэ гэж ярьж байна. Та өөрөө тамхи татдаг уу?
-Би ганц нэг татдаг байсан. Эрүүл монгол хүн хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш больсон. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Вашингтоны их сургуультай хамтран судалгаа хийсэн. Монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй зүйлсийн нэгдүгээрт өндөр градустай архины хэтрүүлсэн хэрэглээ, хоёрдугаарт дутуу төрөлт, гуравдугаарт агаарын бохирдол, дөрөвдүгээрт тамхидалт, тавдугаарт артерийн даралт ихсэлт байна гэдгийг тогтоосон. Энэхүү тэргүүлэх таван шалтгаанд орж байгаа архи, тамхийг бууруулъя гэж шийдсэн.
ТУСГАЙ САНД ЦУГЛАРСАН НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АРХИ ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРУУЛАХ БОДЛОГОД ЗАРЦУУЛНА
Архины градус буурснаар хэрэглээ буурсан гэж ойлгох уу? Монголчууд 2022 оны зургаадугаар сард 16,8 сая литр архи хэрэглэсэн бол 2023 онд уг тоо 2,2 сая литрээр буурсан байна. Үүний жинхэнэ шалтгаан нь юу байна вэ?
Зарлиг гарснаар бараг арван хуульд өөрчлөлт орсон. Архины литр тус бүрд 300 төгрөг тусгай санд орсон. Өнгөрсөн онд тус санд нийт найман тэрбум төгрөг цугларсан. Энэ нь эргээд архи тамхи бууруулах бодлогод зарцуулагдана. Олон талын цогц бодлогыг тасралтгүй хийснээр үр дүн гарч байгаа.
Англи улсад байгаа хүмүүс Монголоос тамхиа авч хэрэглэдэг. Учир нь тэнд тамхи маш үнэтэй байдаг. Манай улсын тамхины хэрэглээ өндөр байгаа нь хямдхан байгаатай холбоотой юу?
Манай улс тамхи хамгийн хямд зардаг орнуудын тоонд орно. Өнгөрсөн хугацаанд тамхины хэрэглээтэй огт тэмцээгүй. Хавдрын гол шалтгааны 35 хувийг тамхи 30 хувийг буруу хооллолт, арван хувийг таргалалт эзэлдэг. Хавдрын 80 хувь нь бидний сэргийлж болох зүйлсээс шалтгаалж байхад бид сэргийлээгүй.
ӨВЧИН ҮҮСГЭЖ БАЙГАА ШАЛТГААНЫГ ТОГТООСОН Ч АРИЛГАХ СТРАТЕГИ БОДЛОГО ОГТ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ
Электрон тамхийг дэлхийн хэд хэдэн улс хориглоод байна. Янжуур тамхи, электрон тамхи хоёрт адилхан бодлого барих шаардлагатай юу?
Бүгдийнх нь хэрэглээг хянах бодлогыг барих хэрэгтэй. Зарим улс орнууд тус тусад нь авч үздэг. Бидний хувьд янжуур тамхины хэрэглээгээ хянаж чадаагүй байхад нэмээд электрон тамхи гараад ирсэн. Тэгэхээр бид анхнаас нь адилхан хянаж, хэрэглээг нь багасгахад анхаарах бодлого явуулах хэрэгтэй.
Монгол улс элэг, ходоодны хавдраар дэлхийд нэгт, улаан хоолойн хавдраар гуравт бичигдэж байна. Үүний гол шалтгаан нь юу вэ?
Өвчнийг үүсгэж байгаа шалтгааныг тогтоосон ч арилгах стратеги бодлого огт хэрэгжүүлдэггүй. Тиймээс эрүүл монгол хүн бодлогыг хэрэгжүүлэх болсон.
Манай улс хавдраараа дэлхийд дээгүүр тоонд ордог ч ганцхан хавдрын эмнэлэгтэй. Энэ эмнэлэг нь ачааллаа дийлдэггүй. Үүнийг хэрхэн шийдэх ёстой вэ?
Нийт хавдрын 45 хувь хавдар судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна. Гурван сая хүн амтай улсын нийт хавдрын тал хагас нь ганц эмнэлэгт хандаад байгаа нь бас нэг шалтгаан нь болдог.
Энэхүү төвлөрлийг сааруулахын тулд бусад аймаг дүүрэг, том эмнэлгүүдийн хавдрын тусламж үйлчилгээг сайжруулъя. Жишээ нь би сайд байхдаа хими эмчилгээг аймаг дүүрэгт хийдэг болгосон. Үүний адил хавдрын бусад тусламж үйлчилгээг эрэмбэлэх ёстой. Хөнгөн, хүнд , хортой, хоргүй, бүгд ганц эмнэлэгт очоод байна. Үүнийг 30 эмнэлэгт хувааснаар хавдрын нас баралт буурсан. Ядаж л цаг алдахгүй оношилдог болсон. Гэхдээ хаврын тусламж үйлчилгээ Монгол улсад сайжирсан хүртээмжтэй хангалттай болсон гэвэл тэр шиг худал юм байхгүй.
Унтаад өглөө боссонгүй гэдэг тохиолдлууд олон байна. Үүний шалтгаан юу вэ?
Энэ маш олон шалтгаантай. Тэргүүлэх нь зүрх судасны асуудал. Иргэд вакцинаас болсон гэж харддаг. Гэхдээ 100 хувь вакцинаас болсон гэж харж болохгүй. Вакцин хүний цусыг бага зэрэг өтгөрүүлдэг. Гэхдээ ковидоос өмнө нь ийм зүйлс тохиолддог байсан. Үүний шалтгаан нь зүрхний гажиг өөрчлөлт байдаг.
Үүний шалтгааны тооцоолох гэж бид нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдэд зүрхний үзлэг хийсэн.
15 мянган хүүхдэд үзлэг хийхэд 80 гаруй хүүхэд яаралтай мэс заслын заалтай байсан. Гэвч ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. Тиймээс юу ч мэдэхгүй явсаар дараа нь бага зэрэг ачаалал авахад гэнэт зүрх нь зогсдог асуудлууд гарч байгаа юм. Зургаан настай 15 мянган хүүхдээс 80 гаруй хүүхэд оношлогдож байна. Цаашлаад тав, дөрөв, гурван настай хүүхдүүдийг тоолох юм бол хэдэн мянга болно. Энэ зөвхөн яаралтай хагалгааны заалттай хүүхдийн тоо.
Зүрхний эмчийн хяналтад байх ёстой, эмчилгээ шаардлагатай гэсэн 1400 гаруй хүүхэд байсан. Үүнээс сэргийлэхийн тулд бид бүхэн урьдчилсан сэргийлэлтийг маш сайн хийх ёстой. Үүнээс бид ЕБС-д хүүхдүүдээ урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой. Ингэхдээ зөвхөн нэг эрхтэн тогтолцоо руу ханддаг биш анги бүрд өөр нэг эрхтэн тогтолцоог нь үздэг байя. Ингэх юм бол эрүүл хүүхдүүд өсөж том болно.
МАНАЙ УЛСАД ЭМЧЛЭГДЭХГҮЙ 260 ГАРУЙ ӨВЧИН БИЙ
Сошиал орчинд хандив хүссэн пост маш их байна. Ороод харахаар Монголд эмчлэгдэхгүй гэсэн байх юм. Энэ нь тухайн хүний амьдралыг өөрчлөх ноцтой асуудал болж мөн санхүүгийн хувьд гадаад улс руу маш их хэмжээний мөнгөний урсгалыг бий болгоод байна. Үүнд шийдэл бий юу?
Манай улсад эмчлэгдэхгүй 26 төрлийн өвчин байна гэж ярьдаг. Гэхдээ сайн задалбал 260 гаруй байгаа. Тиймээс бид энэ бүх өвчнийг сайн задалж гаргах ёстой. Яг хэдэн төрлийн өвчинд эмчилгээ хийхгүй байна. Үүний шалтгаан нь юу байна. Жишээ нь боловсон хүчин байвал бид тэр боловсон хүчин бэлтгэх ёстой. Манай улсад хамгийн их дутаад байгаа зүйл нь боловсон хүчин. Боловсон хүчнээ бий болгочихвол багаж хэрэгсэл асуудал биш. Үүнийг мөнгөөр авчхаж болно.
Тэр эмч нараа БЗС-аар сургаж болдоггүй юм уу?
Тийм л бодлого хэрэгтэй байна. Мөн сурагчдыг харахад нарийн мэргэжлийн тухай ойлголт мэдлэг байхгүй. Мөн манай улсад эрэлттэй байгаа мэргэжлийг тэтгэлэг, зээлээр сургаж болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Дэлхийн аль улсад сайн их сургууль байна вэ? Аль улсад энэхүү өвчний эмчилж байна вэ гэдгийг маш сайн судлаад тийшээ боловсон хүчнээ явуулах хэрэгтэй.
Бидэнд ийм нарийн бодлого хэрэгтэй байна.
Та өвдөг үений дурангийн мэс заслыг Монгол нэвтрүүлсэн хүн. Танай баг төрийн соёрхолт хүртсэн байсан. Таныг хүмүүс ийм мундаг мэс засалч төрд ажиллаад байна, хайран эмч халаадаа өмсөөд эмчээ хий гээд харамлаад байна. Үүнд хариулт өгнө үү.
Би 2011 онд өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг Монгол улсад нутагшуулж хийсэн. Одоогийн байдлаар 5400 гаруй хүнд мэс засал хийсэн байна. Үүгээрээ явбал ирэх арван жил дахиад 5000 гаруй хүнд мэс засал хийнэ. Гэвч манай улсад өвдөхөөсөө өмнө сэргийлдэг бодлого дутагдаад байна. Тиймээс би энэхүү бодлогын түвшинд ажиллаж байна. Би 2020 онд эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл ерөнхийлөгчийн зөвлөх хийж байна. Би зөвхөн эмчийн ажил хийвэл ирэх арван жил 5000 гаруй хүнийг эмчилнэ, бодлогын түвшинд ажиллавал би хэдэн сая хүнийг өвчин тусахаас нь сэргийлэх боломж байна гэж харсан. Ирээдүйдээ ийм муу тогтолцоог үлдээмээргүй байна.