Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад 15 жил болж буй. Татварын маргаан Оюутолгой компанийн үйл ажиллагаа эхэлснээс хойш үүссэн, одоо ч үргэлжилж байгаа. Асуудалтай холбогдуулан ХЗДХ- ийн дэд сайд Б.Солонгоо өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлэл өглөө.
Тэрээр, “2015 онд “Дубайн гэрээ” байгуулж маргааныг засгийн газар бүрэн буулт хийж шийдвэрлэхийг оролдсон. Тухайн үед Ч.Сайханбилэгийн засгийн газар татварын маргаантай байсан асуудлаар Рио Тинтогийн байр суурийг бүрэн хүлээн зөвшөөрч, нөгөө талаас ирүүлсэн төсөл гэмээр албан бичигт Татварын ерөнхий газрын дарга гарын үсэг зураад явуулсан байдаг. Сүүлд Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэл гэсэн тайлбарыг өгсөн байсан. Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогт ажиллаж байсан. Татварын асуудлаар УИХ-тай зөвшилцөлгүй, буулт хийсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн явдал. Энэ талаар шүүхийн шийдвэрүүд ч бий.
Төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд Рио Тинтогийн нөлөөллийн агент шиг ажиллаж хэрхэвч болохгүй.
Цаашид бид Рио Тинтогоос бэлдэж өгсөн төсөл дээр ажиллахгүй байхад байнга анхаарах хэрэгтэй. Ажлын хэсгийн гишүүний хувьд өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд баримталсан зарчим энэ байлаа. Улс орны нийтлэг эрх ашиг, хууль дээдлэх ёсыг хөсөрдүүлж болохгүй.
Оюутолгой төсөл Рио Тинто компанийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой төсөл. Төслөө орхиод гарч яваад, хөрөнгө оруулалт байхгүй болно гэдэг хийсвэр төсөөлөл, айдаст иргэдээ автуулж Рио Тинтод буулт хийх шаардлагагүй юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үед Рио Тинтогийн захирлын гэрт очиж, гал тогооны өрөөнд нь “Дубайн гэрээ”-ний талаар ярьж байсан талаар австралийн хэвлэлд мэдээ гарч байсан” гэжээ.